Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00064

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00064

Төв аймаг

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3-р баг, Цавчир дашгай, 1-р гудамж, 9 тоотод суух, Боржигон овогт Тамжидийн Амарсанаа /РД:НВ80111630, утас:99772821/

Нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Амарсанаа, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Амарсанаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 11 дүгээр сарын 16-нд Төв аймгийн Баян сумын хүн эмнэлэгт төрсөн. Би айлын том хүүхэд ээж Тамжидаар овоглодог. Манай 3 дүү ааваар овоглодог. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байгаа ч төрсний гэрчилгээ байхгүй. Төрсний гэрчилгээ авах гэсэн төрсний бүртгэл бүртгэгдээгүй байна. Ээж 4 хүүхэд төрүүлсэн гэж тэтгэвэрт гарах гэсэн боловч миний төрсний гэрчилгээ байхгүй. Мөн Баян сумын хүн эмнэлэг болон Улсын бүртгэлийн газар бүртгэгдээгүй байна. Иймээс миний насыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Т.Амарсанаа нь 1980 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргахэрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тамжидийн Амарсанаад 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэх дээр түүний төрсөн огноог 1980 оны 11 сарын 16-ны өдрөөр, регистрийн дугаарыг НВ80111630 гэж, Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд мөн огноогоор төрснөөр бүртгэсэн байх боловч

Т.Амарсанаа 1980 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн болох нь Төв аймгийн Баян сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийн 161 дүгээр хуудсанд: Тамжидын Амарсанаа нь 8 настай настай гэж,

Төв аймагийн Баян сумын 3-р багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2 дугаартай тоотоор багийн хүн амын өрхийн бүртгэлийн программд бүртгэлтэй гэсэн тодорхойлолт,

Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11/29 дугаартай тоотоор Тамжидын Амарсанаа НВ80111630 нь 3200 грамм жинтэй, тус сумын хүн эмнэлэгийн салбарт, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, эрүүл хүндрэлгүй төрсөн нь үнэн гэх тодорхойлолт,

Гэрч Л.Лянхуа: Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төвд жиллаж байсан. Т.Амарсанаагийн эх Ц.Тажид нь 1980 онд анх хүүгээ төрүүлсэн нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч Ц.Банзрагчбатар: Т.Амарсанаа нь 1980 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн болох нь үнэн гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.13-д заасныг баримтлан Боржигон овогт Тамжидийн Амарсанааг 1980 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож, түүнийг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОЮУНЦЭЦЭГ