Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00094

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00094

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Улаанбатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмонгийн 13-7 тоотод оршин суух НИ65121245 регистрийн дугаартай Мавган овогт Оюуны Цэцгээгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Оюуны Цэцэгээ нь 1965 онд төрсөн 52 настай. 6 хүүхэд төрүүлсэн. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн , тэтгэвэрт гарах гэсэн хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримт нь байхгүй байна. О.Цэцэгээ нь 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд үтрэмд нормчин, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Гунын фермд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв..

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрч П.Оюун, Л.Бадарч нарын мэдүүлэг, тушаалууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Цэцгээ нь Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйн үтрэмд 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нормчин, Төв аймаг, Баянцогтын сангийн аж ахуйн Гунын ферм-д 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлсаальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт, ...21-д Цэцгээ 1-р тасагт үтрэмд нормчин гэсэн бичилт,

2. Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал ... О.Цэцгээг хоньчноор гэсэн бичилт,

3. Гэрч П.Оюун: О.Цэцгээ нь Төв аймгийн Баянцогт сумын Гунын ферм-д 1980 оноос 1991 он хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,

4. гэрч Л.Бадарч: О.Цэцгээ нь 1981 оноос 1989 он хүртэл Төв аймгийн Баянцогт сумын Гунын ферм-д саальчин, хоньчин зэргээр тасралтгүй ажиллаж байсан үнэн гэх тодорхойлолт,

5. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1984 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 57 дугаартай шагнах тухай тушаалд хавсралт, ... О.Цэцгээ гэсэн бичилт,

6. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт ... 28-дугаарт Цэцгээ гэсэн бичилт,

7. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай чуулга уулзалтанд оролцогчдын хоолны үнийг зарлагдах тухай тушаалын хавсралтын, ... 29- дугаарт О.Цэцгээ гэсэн бичилт,

8. Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний 65 дугаартай ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын 2-р хавсралтын ...77-дугаарт О.Цэцгээ гэсэн бичилт, зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

О.Цэцгээгийн хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтыг,....21 дугаарт Цэцгээ 1-р тасагт үтрэмд нормчин гэсэн бичлтээр ажилд орсон он, сар, өдрийг, ажлаас чөлөөлөгдсөн 1989 оны 12 сарын 31 өдрийг Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний 65 дугаартай ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалыг үндэслэл болгон

Оюуны Цэцгээ нь Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйн үтрэмд 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нормчин, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөн сумын сангийн аж ахуйн Гунын ферм-д саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НИ65121245 регистрийн дугаартай Мавган овогт Оюуны Цэцгээ нь Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйн үтрэмд 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нооромчин,

Төв аймаг, Баянцогтын сангийн аж ахуйн Гунын ферм-д 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ