Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         10                                  2020/ШЦТ/659

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Б.Уранцэцэг /томилолтоор/,

          шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:06-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Н д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03237 0275 дугаартай хэргийг 2020 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Н.Н

          Холбогдсон хэргийн талаар:

Н.Н  нь “Жавхлант дистрибюшн” ХХК-д харуулаар ажиллаж байгаад халагдсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харуулын байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н  мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр жаахан халамцуу явж байгаад Ганбаатар куртик аваад ир гэхээр нь куртикийг нь авах гэж ороход цахилгаан хөрөө ил байхаар нь авчихсан юм. Архины халуунд ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо төлөөгүй байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ч ийн өгсөн: ...Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.Н г ажлаас халах тушаал гаргасан. Тэгээд ажлаас халсан байтал 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харуулын байранд түлхүүр тааруулан ороод харуулын байран дотроос цахилгаан гар хөрөө авсан байсан. Тэгээд бид нар камер шүүж үзэхэд Н.Н  түлхүүр тааруулж ороод гарахдаа юм бариад явж байгаа бичлэг байсан. Тэр явдлаас хойш 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр компанийн ажилтан Энхбаатар ирж машинаа асаах гэтэл аккумлятор алга болсон байна гэхээр нь камерийг нь шүүж үзэхэд 59-27 УНЛ дугаартай “Хьюндай-Маяти” маркийн автомашины аккумляторыг 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цаг 15 минутын орчимд манайд ажилладаг байсан Н.Н  ирээд аккумлятор аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд бид нар цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Олззаяагийн өгсөн: ...Манай компаниас алдагдсан 220 кв-р ажилладаг гагнуурын аппарат /Иж бүрэн/ 290.000 төгрөг, автомат гар грилл 120.000 төгрөг, төмөр алх 20.000 төгрөг, түрдэг тэрэг 80.000 төгрөг, цахилгаан гар хөрөө 70.000 төгрөг, “маяти” маркийн ачааны автомашины 18 волттой аккумлятор 160.000 төгрөг, нийт 740.000 төгрөг хохирол учирсан байна. Манай компанийн санхүү дээр хулгайд алдсан эд зүйлийг хэзээ, хаанаас хэдэн төгрөгний худалдан авч байсан талаарх баримт байгаа, одоо би авч ирээгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганбаатарын өгсөн: ...Мөн 2019 оны 01 дүгээр сраын 06-ны өдөр би харуулын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан ба тухайн өдөр грашид машин засаж байсан манай компанийн механик Баянмонголд тусалж байхад тус өдрийн 15 цагаас 20 цагийн хооронд харуулын байранд байсан цахилгаан гар хөрөө байхгүй байсан. Тэгээд би Олззаяад хэлээд хяналтын камер шүүж үзэхэд хяналтын камер дээр хуучин ажиллаж байсан харуул Н.Н  түлхүүр тааруулан харуулын байранд орж цахилгаан гар хөрөө аван гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өглөө би харуулын ээлжийг Нэмэхжавхлангаас хүлээн авахад урьд шөнө автомашины аккумлятор хулгайд алдсан байна, камер шүүлгүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд Олззаяа камер шүүсэн гэсэн. Сүүлд сонсоход хуучин харуул байсан Н.Н  хулгайлсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

- “Тод үнэлгээ” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43 дугаар тал/,

- “Жавхлант дистрибюшн” ХХК-н гүйцэтгэх захирлын тушаалуудын хуулбар /хх-ийн 12, 18 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 19 дүгээр тал/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-76 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.Н н иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77, 78, 84-89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Н  нь “Жавхлант дистрибюшн” ХХК-д харуулаар ажиллаж байгаад халагдсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харуулын байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Ч , Г.Олззаяа, гэрч Г.Ганбаатар нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Н г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н  нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Жавхлант Дистрибюшн” ХХК-д харуул ажилд орж, ажлын байранд архидан согтуурсан тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсан байна. “Жавхлант дистрибюшн” ХХК-н гүйцэтгэх захирлын тушаалуудын хуулбар /хх-ийн 12, 18 дугаар тал/

Хохирогч “Жавхлант Дистрибюшн” ХХК нь 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, автомат гар дрилл, төмөр алх, түрдэг тэрэг, машины аккумлятор, иж бүрэн гагнуурын аппарат зэргийг хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан талаар мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө хулгайлсан нь тогтоогдсон байх ба бусад эд зүйл хулгайлсан нь тогтоогдоогүй тул Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-н 122-123-р тал/

Хохирогч “Жавхлант Дистрибюшн” ХХК нь 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Н  нь хохирол төлөөгүй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Н. Нэргүй нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.2.6-д зааснаар 7 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан нь шүүхийн шийтгэх тогтоол урьд шүүхээр шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-н  78, 84-89-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Н.Н  нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс сэжигтнээр баривчлан 2020 оны 02 дугаар сарын  06-ны  өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2020 оны 04 дүгээрр сарын 10-ныг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-н 48-50, 61-68-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Н.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Н 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Н д 2 /хоёр/ жилийн жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Н н цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Н  /РД:/-ээс 70.000 /далан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч “Жавхлант Дистрибюшн” ХХК буюу С.Ч  /РД:/-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Н д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ