Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         13                                  2020/ШЦТ/671

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Д.Ариунжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 02803 0701 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Б

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Б  нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Буудай” зочид буудлын хажууд иргэн Б.Д г гар утсаа өгөхийг шаардаж, биед нь хүч хэрэглэхээр занилхийлж, мөн хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  мэдүүлэхдээ: Хийсэн хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д гийн: ...2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Сансарын “Моника” баарны хажуугаар гараад бичиг хэргийн дэлгүүрт ороод буцаж гараад Сансарын “Шунхлай” шатахуун түгээх станцын хажуугаар гараад явж байтал настай үл таних эмэгтэй зам дээр ухаан алдаад унахад би гүйж очин босгоход нь туслахад хажуунаас үл таних эрэгтэй бас туслалцан босгоод тэр эрэгтэй цааш явсан. Би настай эмгэнийг босгоод цааш гэр рүүгээ Сансарын захын урдуур гараад “Буудай” зочид буудлын хажуугийн замаар явахаар шийдэн явтал араас хүн дагаад байгаа мэт санагдаад “Буудай” зочид буудлын урдуур гарч байхдаа хартал араас нэг хүн явж байсан. Тэгээд ертөнцийн зүгээр урагшаа эргэсэн замаар эргээд арагшаа хүн байгаа эсэхийг шалгаад хартал араас явж байсан үл таних хүн намайг замын голд барьж аван түлхээд замын зүүн талд байрлах дугуй засварын дугуйнууд рүү шахаад надад хандан гар утсаа өг гэхэд нь би үгүй гэж хэлтэл өгөхгүй бол ална шүү гэж хэлсэн. Миний гар утсыг авах гэж надтай ноцолдож байтал замаар явж байсан хүн бид хоёрыг хараад хүрч иртэл гарнаас гар утсыг булаагаад болиулах гэж байсан өшиглөөд хойшоо төв замын зүг гүйхэд болиулах гэж байсан ах бас араас нь хөөгөөд явж байтал зам хөндлөн гараад зутаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

- “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Б ын: ...хэрэг болох үед би гэртээ хариагүй 10 гаруй хоног болох, болохгүй хүмүүстэй нийлж явсан. Тэгээд мөнгөгүй болоод байсан үе буруу хүмүүсийн үгэнд орж энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Мөн хохирогчийн гар утсыг өөрт нь буцааж өгсөн. “Самсунг-Эс-6 эдж” бюу плас загварын шар өнгөтэй гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар тал/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 43-47 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 60, 70 дугаар тал/,

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б  нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Буудай” зочид буудлын хажууд иргэн Б.Д г гар утсаа өгөхийг шаардаж, биед нь хүч хэрэглэхээр занилхийлж, мөн хүч хэрэглэн “Самсунг-Эс-6 Эдж” маркийн 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн  мэдүүлэг, “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Б ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Б  нь бусдын эрх чөлөөнд халдаж айлган сүрдүүлж эд зүйлийг буюу утсыг авч явж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна. /хх-ийн 60 дугаар тал/

Шүүгдэгч Э.Б  нь хохирогч Б.Д гийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 25-26, 93 дугаар тал/

Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан  дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Э.Б  2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б ын эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-н 82-83, 88-89-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Б  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Б д 1 /нэг/ жилийн жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Б ын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б  нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.АЛТАНЦЭЦЭГ