Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

    2020        04          16                                  2020/ШЦТ/692

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Д.Ариунжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01510 0702 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч. Б

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 506 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр С.Х ийг түлхэж унагах, нүүрэн тус газар нь гараараа цохих, дээр нь дарж суух зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б  мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед унтаж байхад эхнэр согтуу орж ирсэн. Намайг хүүтэйгээ унтаж байхад эхнэр эхлээд нүүр лүү цохисон. Би зөрүүлээд цохиж газарт унахаар нь дээрээс нь дарсан. Ээжийг нь иртэл дээрээс дарж хэвтсэн. Эхнэрийн биед учруулсан гэмтлийг би учруулсан. Энэ гэмтлийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Х ийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил тараад манай захирал бид нарт  нэг  шил виски авч өгөхөөр нь ажлынхаа хүмүүстэй уучихаад шөнө 00 цагийн орчимд Банзүрх дүүргийн 2 дугаар хороо, 105-506 тоотод гэртээ очоод хувцасаа солиод цаг, бөгжөө тайлж тавиад байж байхад нөхөр “чи хаана, хэнтэй байж байгаад ирж байгаа юм бэ” гээд миний зүүн гарын бугуйнаас барьж авахаар нь наадах чинь өвдөж байна, чи өөрөө байнга уудаг биз дээ, шөнө унтаж амраадаггүй биз дээ, намайг уухаар хэрүүл хийж хүн өдөж хоргоолоо гэхэд миний цээж рүү түлхэхээр нь би газарт баруун талаараа дээшээ хараад унасан. Тэгтэл миний цээжин дээр суугаад салтаандаа миний толгойг хавчуулаад миний зүүн талын ам шанаа дайруулаад нэг удаа цохихоор нь уурлаад уйлаад энгэрийг нь самардаж маажсан. Тэгтэл миний цээжин дээр дараад манай ээжийг орж иртэл дарсан. Би тухайн үед амьсгалж чадахгүй буучихаач, болиоч гэж зөндөө олон удаа хэлсэн боловч миний цээжин дээр дарсан хэвээр байсан. Тэгтэл ээж гаднаас орж ирэхэд миний дээрээс боссон. Тэгтэл ээж түүнтэй юм яриад  нэг  цаг орчим болсны дараа би эгчийндээ очиж хонолоо гээд гараад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, намайг гэрт байхгүй байхад ирдэг юм шиг байна лээ. Нөхөр Батсайхан нүүр рүү цохисноос болоод зүүн шанаа ам хавдсан,  хоёр  гарын мөрнөөс бугуй хүртэл хөхөрч няцарсан шархтай, миний дээр гарч суучихаад намайг самардахад миний гарыг чанга дарж базсанаас болоод дээрх гэмтлийг авсан. Цээж хөндүүртэй хавдсан, хөхөрсөн жижигхэн маажигдсан юм шиг оромтой, миний цээж рүү хүчтэй түлхэж хүнд жинтэй хүн дээр сууснаас болсон байх. Өөр гэмтэл байхгүй, нуруу хөхөрсөн байгаа...

...Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр, КТГ-т 120.000, цээжийн зураг 150.000 төгрөгөөр авахуулсан. Бариачаар толгойгоо 3 удаа бариулсан ба бариачид би мөнгө төлөөгүй, оронд нь өөр үйлчилгээ үзүүлэхээд болоод толгойгоо бариулсан. Өөр ямар нэгэн баримт байхгүй. Миний биед баримтаар учирсан зардлаа төлүүлж, энэ хүний гаргасан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 15-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрт аав, би гурван  дүүтэйгээ хамт байсан ба ээж 00 цагийн орчимд гаднаас бага зэрэг архи уусан орж ирсэн. Ээж өрөөндөө ороод хувцасаа тайлаад том өрөө орж ус ууж байгаа нь сонсогдсон. Би энэ үед жижиг өрөөнд дүү нараа унтуулж байсан. Тэгтэл ээж, аав хоёр гэнэт хэрэлдээд ээж уйлаад намайг дуудахаар нь гарахад аав ээжийн хоёр  гарыг нь дарсан дээр нь суусан байсан. Ээж намайг эмээгээ дууд гэхээр нь би эмээгээ дуудахад эмээ 30 минутын дараа манай гэрт орж ирсэн. Ээж салах гээд гараараа тийчигнээд байсан. Аав эмээг орж ирэхээр нь ээжийн дээрээс боссон. Эмээ бид нарыг жижиг өрөөндөө байж бай гээд аав, ээж, эмээ  гурав  юм ярьсан. Аав баахан юм ярьж байгаад гэрээс гараад хамаатныхаа Шагай гэх хүргэнийд очиж хоноод 2-3 хоногийн дараа гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3403 дугаартай шинжээчийн:

            1. С.Х ийн биед цээжний баруун талд 2-р хавирганы хөндлөн хугарал, тархи доргилт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн бугалга, шуу, бугуйнд цус хуралт, баруун, зүүн хөхний хэсэг, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,

            - Шүүгдэгч Ч.Б ы эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32, 53 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ч.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 506 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр С.Х ийг түлхэж унагах, нүүрэн тус газар нь гараараа цохих, дээр нь дарж суух зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Х э, гэрч Б.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3403 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Ч.Б ы үйлдсэн гэмт хэргийн хохирогч С.Х э нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байх ба түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан байна.

            Хохирогч С.Х э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан 278.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ч.Б  нь уг хохирлыг төлж барагдуулсан байна. /хх-ийн 70 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3403 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: хохирогч С.Х ийн биед цээжний баруун талд 2-р хавирганы хөндлөн хугарал гэмтэл учирсан байх тул цаашид эмчлэгдэх болон энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй орхихоор шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б  нь оногдуулсан 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Х э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ