Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 28

 

Б.М , Ш.Г , Б.С  нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                     Прокурор    Ж.Очирбат

                                     Шүүгдэгч Б.С

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа                                               

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдлоор, Б.М , Ш.Г , Б.С  нарт холбогдох эрүүгийн 201715000048 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Тайж овогт Б.М  

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Тайж овогт Ш.Г  Монгол Улсын иргэн, Тайж овогт Б. С  

Б.М  нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр Ш.Г , Б.С  нартай, Ш.Г , Б.С  нар нь Б.М тай тус тус бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын ам” гэх газраас машин механизм хэрэглэн З.Адъяасүрэнгийн хул зүсмийн байдас гүүг хулгайлан З.А-д 800000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.М , Ш.Г , Б.С  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, шүүгдэгч Тайж овогт Б.М , Тайж овогт Ш.Г , Тайж овогт Б.С  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Батбаярын М , Тайж овогт Шийрэвсамбуугийн Г , Тайж овогт Батсүхийн С  нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Тайж овогт Б.М , Тайж овогт Ш.Г , Тайж овогт Б.С  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж, Б.М  нь 143 хоног, Ш.Г  нь 63 хоног тус тус цагдан хоригдсон, Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, Ш.Г  нь 267000 төгрөг, Б.С  нь 266000 төгрөгийг тус тус хохирогч З.Адъяасүрэнд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.М аас 267000 төгрөгийг гаргуулж хохирогч З.А-д олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 /нэг/ жилийн хугацаанд нөхөн төлөхийг Б.М т даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Ш-н эзэмшлийн 1 тооны халиун морь, иргэний нэхэмжлэгч Ш.Т-н эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Н.С-н эзэмшлийн 1 тооны буурал зүсмийн үрээ, шүүгдэгч Б.С гийн эзэмшлийн 3 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн, шүүгдэгч Ш.Г ын эзэмшлийн 3 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн, шүүгдэгч Б.М ын эзэмшлийн AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 1 тооны халиун морийг иргэний нэхэмжлэгч Д.Ш-д, Мустанг-5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Ш.Тө-д, 1 тооны буурал зүсмийн үрээг иргэний нэхэмжлэгч Н.С-д, AS5012865 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Б.М т тус тус буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолд заасан “шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нар нь бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Угалзын” ам гэх газраас машин механизм хэрэглэн хохирогч З.А-н хул зүсмийн байдас гүүг хулгайлан хохирогч З.Адъяасүрэнд 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, шүүхээс шүүгдэгч Тайж овогт Б.М , Тайж овогт Ш.Г , Тайж овогт Б.С  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэх” гэдэг нэр томъёог буруу хэрэглэсэн.

1. Бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг болох бүлэглэн гүйцэтгэх гэдгийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.С  нь Б.М , Ш.Г  нартай урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг нь нотлогдоогүй. Мөн Б.С  хул зүсмийн байдсыг хулгай хийхэд Ш.Г , Б.М  нартай хамт яваагүй гэдэг нь нотлогдсон. Харин Б.М , Ш.Г  нарын хөтөлж ирсэн хул зүсмийн байдас гүүг хулгайн мал гэдгийг мэдээгүй бөгөөд өөрийнхөө адуунаас барьж авсан өөрсдийнхөө адуу гэж хэлсэн үгэнд нь итгэж тэдний гуйлтаар адууг нь хамт янзалж, зарж борлуулахад нь тусалсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.С гийн мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/, Б.М ын мэдүүлэг /1-р хх-ийн 122-123/, Ш.Г ын мэдүүлэг /1-р хх-ийн 122-123, 129-130/, гэрч Б.Билэгмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/ зэргээр нотлогддог. Гэтэл шүүх Б.С гийн гэм буруугүйг нотлосон шүүгдэгч Ш.Г ын мэдүүлэг, шүүгдэгч Б.М ын мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, Б.С гийн өөрийнх нь мэдүүлэг гээд ганц биш дөрвөн нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан дүгнэлт зэргээс харахад бүлэглэж гүйцэтгэх гэдгийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй байсан ч бусдын өмч хөрөнгийг хулгайлсан хүмүүстэй үйлдлээрээ л нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж ойлгож, тайлбарлаж байгаад гомдолтой байна.

2.   “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлан авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсдөг. Ш.Г , Б.М  нар хулгайн эд зүйл болох хул зүсмийн байдсыг сүргээс нь барьж аваад хөтлөөд явснаар хулгайн гэмт хэрэг төгсөж байна. Ш.Г , Б.М нар нь Б.С гийнд очихгүй тэр адууг өөр аймаг руу хөтөлж явах, замын хүнд зарах гэх мэт өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж Б.С гийнд очихоос өмнө бүрдсэн. Мөн энэ хоёр хүн маань адуугаа хулгайлж аваад
Б.С гийнд очино гэж урьдчилан тохиролцоогүй байсан. Энэ тохиолдолд хулгайн гэмт хэрэг аль хэдийн төгссөн учраас Б.С г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3.Харин Ш.Г , Б.М  нар нь Б.С гийнд хөтөлж авч очсон адуугаа хулгайн эд зүйл гэдгийг Б.С д хэлсэн тохиолдолд Б.С  тухайн адууг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж Ш.Г , Б.М  нарын гуйлтыг зөвшөөрч хамт адууг нь гаргаад, махыг нь борлуулахад тусалсан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах, 246 дугаар зүйл. гэмт хэргийг үл мэдээлэх зэрэг гэмт хэргийн аль тохирохоор зүйлчлэлийг өөрчилж хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан нь хавтаст хэргийн материалд Ш.Г , Б.М  нарын хөтөлж ирсэн хул зүсмийн байдсыг хулгайн адуу гэдгийг Б.С  мэдэж байсан гэдгийг нотлох баримт байгаагүй. Харин Б.С  уг адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэдгийг нотлох дээр дурьдсан 4 нотлох баримт байгаа учраас Б.С гийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд Б.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “хэрэгт хамааралтай бүхийл нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасныг баримтлан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүгдэгч Б.С гийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.С г хулгай гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэдгийг нотолсон гэрч Б.Б, шүүгдэгч Б.М , Ш.Г , С  нарын мэдүүлэг байгаа. С д холбогдох хэргийг хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж үл мэдээлсэн гэж зүйлчилж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор Ж.Очирбат давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С гийн өмгөөлөгч Б.Хандмаагаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр /эрүүгийн хэрэгт хийгдэх хянан шийдвэрлэх ажиллагаа/ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нарт холбогдох эрүүгийн 201715000048 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай “Шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай” захирамжаар Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалыг уг хэргийн шүүх хуралдаан даргалагчаар томилсон боловч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай “Эрүүгийн хэргийг шилжүүлэх” тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Б.С  нарт холбогдох хэргийг шүүгч М.Мандахбаярт шилжүүлэхээр тогтжээ. /2-р  хх-ийн 82 х/,

Гэтэл шүүгч М.Мандахбаяр нь хуульд заасан ерөнхий шүүгчийг орлох бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг олгогдоогүй байхад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 137 дугаартай “Шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөх” тухай Ерөнхий шүүгчийн захирамж гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг,  шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасныг тус тус зөрчжээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т заасан шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурор, оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.С гийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М , Ш.Г , Б.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                             ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                                     Н.ЭНХМАА