Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0521

 

 

 

 

 

 

Б.Яын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор Б.Яын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр:

“...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Яын гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Яыг өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Яыг өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7.330.000 /долоон сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн цогцолбор газарт ажиллах үеэр суурьшлын бүсийн иргэд ундны усны чанар муу байгааг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор “Хөөтийн өрөмдөл худаг”-т цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн. Гэтэл Б.Я нь цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болж байгаа бөгөөд үүний улмаас нутгийн иргэдийг чанартай усаар хангах асуудал шийдэгдээгүй, мөн Дорноговь аймгийн Засаг Даргын захирамжаар Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9,5 сая төгрөг гаргаж барилга бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн, байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж машины кроб эвдсэн, мост ажиллагаагүй болгосон зэрэг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан зөрчил дутагдал илэрсэн.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” үүргийг тус тус хүлээх, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах зэргийг зөрчсөн байна хэмээн үзэж Б.Яыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий тушаалыг төрийн албан хаагчийг чөлөөлөх үндэслэлийг барьж нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн буюу дээрх зөрчлийг Б/02 тушаалыг гаргахдаа тогтоож дурдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Дээрх зөрчлүүдийг гаргасан талаар гомдол, мэдээлэл уг тушаалыг гарахаас өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн буюу дээрх зөрчил дутагдлыг нэхэмжлэгч Б.Я гаргасан тул сайдын 2021 оны Б/02 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан бөгөөд тухайн зөрчил гаргасан талаарх хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтыг анхан шатны шүүх бүрдүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3909 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш нотлох баримт цуглуулах талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, мөн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 781 дүгээр тогтоолоор нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоног сунгуулсан атлаа үүнээс хойш мөн л нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Яыг төрийн албанаас чөлөөлсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалд үндэслэлээ тодорхой тусгаагүй ч, шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа тодорхой үндэслэлүүд дурдсан байна. 

            Тухайлбал “…Хөөтийн өрөмдлөг худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн боловч уг төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болж байгаа, үүний улмаас нутгийн иргэдийг чанартай усаар хангах асуудал шийдэгдээгүй, Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цоногт хамгаалалтын барилгыг стандартын дагуу бариулаагүй, уг барилгын 9.5 сая төгрөгийн санхүүжилтээс 5 сая төгрөгийг хувьдаа ашигласан, байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж эд ангийг нь эвдсэн зэрэг зөрчил гаргасан, энэ талаар ч иргэдээс гомдол, санал гаргасан…” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт хангалттай тусгажээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулж тэдгээр нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагаа огт хийгээгүйгээс гадна урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг анх 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийхээр товлосон, гэвч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан мөн өдрийн хурлыг хойшлуулж, 8 дугаар сарын 2-ны өдөр хийхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт “…хурлын товыг 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан…” гэх боловч хэргийн 51 дүгээр талд буй уг баримтад “88998836 нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбараа бичгээр өгөх тухай мэдэгдэхэд за, хурлаас өмнө хэргийн материалтай танилцана гэв” гэсэн тэмдэглэл хийгдсэнийг хурлын тов мэдэгдсэн гэж үзэхэд хангалтгүй.

            Шүүх хуралдааны тов мэдэгдсэн дээрх баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй, хэдийгээр хурлын товыг мэдэгдээгүй гэж давж заалдаагүй боловч нотлох баримт хангалтгүй, цуглуулах ажиллагаа огт хийгдээгүй энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралд оролцуулах байдлаар хариу тайлбарт дурдсан үндэслэлүүдэд хамаарах нотлох баримт байгаа эсэхийг тодруулах, эсхүл бусад байдлаар холбогдох баримтууд байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байсан.

            Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-ыг баримталсан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн зохицуулалт байх бөгөөд давж заалдах гомдолд уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.11-ийг зөрчсөнөөр Б.Яыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч тэдгээрийг үгүйсгэх болон нотлох ямар ч нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН