Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШЗ2016/00177

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШЗ2017/00177

Төв аймаг

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг, төвийн хэсэгт оршин суух, Мөнх ёст хатгин овогт Тогтохын Батмөнх, /РД:ЧТ53051716/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 2 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Т.Батмөнх, гэрч Эрхэмтөр, Ж.Баярмаа, нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Батмөнх нь 2012 оны 08 дугаар сарын 28-нд Сум хөгжүүлэх сан-гаас 3 000 000 төгрөг зээлж аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж анхааруулахад хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл эргэн төлөлтийг хийж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, алданги 20 000 төгрөг, нийт 2 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувиараа хашаандаа ногоо жимс таридаг юм. 2012 оны 6 сард манай сумын газар тариалангийн мэргэжилтэн санал тавьж сумын Агропарк дээр ажиллах боломж байна уу ... хашаа хороо нь нураад унасан, хаалга үүд байхгүй зоорь нь дулаан алдаад ногоо хадгалж болдоггүй, тракторын сэлбэгүүд нь тоногдсон, зооринд засвар хийнэ. Өвөл болохоор ногоо хийхийн тулд дулаалга хийх хүлэмжээ барьж босгох хэрэгтэй. Тракторынхоо дутуу юмыг нөхөж аваад ажилтай болгох хэрэгтэй юм байна гэж ярьж байсан. Санжид бид хоер төслөө бичээд 3 сая төгрөгний төсөл болсон. Төслийн дагуу өгөх мөнгө суманд байхгүй, сум хөгжүүлэх сангаас авах талаар газар тариалангийн мэргэжилтэн н.Эрхэмтөр, сумын засаг дарга дээр ороод зөвшөөрөл авсан учир сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийг олгосон. Санжид бид хоёр шаардлагатай бүх материалаа аваад зориулалтын дагуу хашаа хороо болон зооринд гэрэлтүүлэг, дулаалга, хаалга үүдийг нь засаад цэвэрлэгээ хийж Орон нутгийн өмч учир комисс хүлээж авсан. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Дараа жил ар гэрийн гачигдлаас болж Агропарк-ийг ажиллуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж н.Баярнэмэх даргад өргөдөл өгсөн. Дараа нь н.Санждад цохилт хийж өгөөд хариуцуулсан. Анх зээл авахад миний нэрээр авсан миний гарын үсэг байсан болохоор манай сумын төлбөр барагдуулах албаны ажилтан н.Оюунмаа над дээр 2, 3 удаа орж ирсэн. Энэ тухай Баярнэмэх дарга дээр ороод бид нар орон нутгийн өмчид зарцуулсан болохоос хувьдаа нэг ч төгрөг зарцуулаагүй, Би н.Санжид гээд хүнд хүлээлгээд өгсөн гэж хэлэхэд н.Баярнэмэх дарга хүлээн зөвшөөрсөн. 2012 оноос хойш Агропарк-тай холбоотой бүх асууудлыг н.Санжид хариуцах болсон. Сумын удирдлагууд нэхэмжилж байгаа зээл орон нутгийн өмчид зарцуулагдсан учир хувь хүнд хамааралгүй бусад эх үүсвэрээс барагдуулах талаар удаа дараа ярилцаж , засаг даргын нөөц хөрөнгөнөөс хаана гэж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй гэв.

Гэрч Г.Эрхэмтөр: 2013 оны үед ногоон хувьсгал төсөл хэрэгжиж байсан. Т.Батмөнх гуайд би хүсэлт тавьсан. Энэ хүн өрхийн тариалан эрхэлдэг юм. Сум хөгжүүлэх сангаас 3,0 сая төгрөгийн зээл аваад Агро парк-ийг засварлахад зориулсан. 1,0 сая төгрөг эргэн төлөлт хийгдсэн.Үлдэгдэл нь засаг даргын эрх мэдэл, давсан орлогоос төлөгдөх естой гэж Ж.Баярмаад үүрэг өгч иргэдийн хурлаар яригдаж байсан. Агро паркийн үйл ажиллагааны зорилго нь сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалттай юм гэв.

Гэрч Засаг даргын тамгын газарт ня-бо ажилтай Ж.Баярмаа: Уг асуудлаар Газрын дуудлага худалдаанаас мөнгийг шийдвэрлэхээр удирдлагын зөвлөлийн хурлаар дээшээ хуралд өргөн барьсан. Сумын ИТХ-д өргөн барьсан тэрнээс шийдвэр гараагүй. Удирдлагын зөвлөлд Засаг дарга, орлогч, хуулийн мэргэжилтэн. Хурлаас нь энэ Засаг даргын эрх мэдлийн асуудал байна гэсэн. Засаг дарга тэгээд захирамжаа гаргаад шийдвэрлэх боломжгүй. Тухайн үед комисс гаргаж хүлээж авч байсан. Одоо Д.Санжид гэх хүн хариуцан ажиллаж байгаа. Уг нь Г.Эрхэмтөр хариуцах ёстой гэв.

Гэрч Д.Санжид: Би Т.Батмөнхтэй хамт ажиллаж байсан. Сумын Агро парк сайжруулан засах зорилгоор орон нутагт төсөл хэрэгжүүлээд 3 000 000 төгрөгийг аваад 1 800 000 төгрөгийг материал авахад зарцуулсан. 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Би сайн дураараа ажилд нь тусладаг байсан. Одоо хүлээлгэж өгөх гэхээр хүлээж авах хүн байдаггүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн Т.Батмөнхөд холбогдуулан зээлийн төлбөрт 2 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь төсөл бичиж 3.0 сая төгрөгийн зээл авсан ба энэ зээлийг зориулалтын дагуу ороннутгийн өмчид зарцуулагдсан учир хувь хүнд хамааралгүй бусад эх үүсвэрээс барагдуулах талаар удаадараа ярилцаж , засаг даргын нөөц хөрөнгөнөөс хаана гэж байсан Агро паркийг засварлахад зориулсан. 1,0 сая төгрөг эргэн төлөлт хийгдсэн гэж тайлбарлаж засвар хийсэн талаарх сэлбэг материалын жагсаалт,хийсэн ажлаа фото зургаар бэхжүүлсэн баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд, хэрэгт цугларсан зээлийн гэрээ, гэрч Д.Санжид, Г.Эрхэмтөр, Ж.Баярмаа нарын мэдүүлэг бусад нотлох баритмаас үзэхэд:

Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар, иргэн Т.Батмөнх нарын хооронд анх 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй зоорины засварын зориулалтаар зээлж авсан ба зээлийг зориулалтын дагуу зарцуулсан талаар зохигчид аль аль нь тайлбарлаж байна.

Дээрх зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Санжид оролцсон байна.Талуудын хооронд хийгдсэн гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд зээлийн гэрээний үүргийг Т.Батмөнх биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байдлаар тодорхойлсон нь хэрэгт авагдсан нотлох баримт,гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй, ойлгомжгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд Сум хөгжүүлэх сан нь зээлийг тодорхой зориулалтын дагууолгосон хэдий ч зээлийн ашиглалтын талаар гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж хяналт тавьсан эсэх нь тодорхойгүй бөгөөд хийсэн ажлыг хүлээн авсан талаарх нотлох баримт ирээгүй тул дүгнэлт өгөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өр авлагыг авахын тулд хэлцэл хийж зээл олгосон эсэх, эсхүл орон нутгийн өмчийг засварласан талаарх аль нь болох талаар бодит байдалд тодорхой мэтгэлцэхгүй байгаа тул хэрэгт ирүүлсэн баримтын хэмжээнд маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагч, гэрч нарын мэдүүлж байгаа байдлаас үзэхэд шүүхээсгадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл илэрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч нь зөрчлийг засаж шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Т.Батмөнхөд холбогдох 2 720 000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зохигч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахэрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ