| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1603/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 720
2020 04 20 2020/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Э.Э, П.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Э, П.Х нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03758 2134 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Э.Э
2. Монгол Улсын иргэн, П.Х
Холбогдсон хэргийн талаар:
П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл амралтын газар амарч байхдаа иргэн У.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Э.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл амралтын газар амарч байхдаа иргэн У.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: М архи уучихаад хэл амаар доромжлоод байхаар нь бид маргалдаж би хацарт нь хоёр удаа цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч П.Х мэдүүлэхдээ: Хохирогч намайг янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж цохисон гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.М ын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 08-ны Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах “Зэл” амралтын газар хоногоор амрахаар явсан. Амралтын газар очоод бүгдээрээ ууж идэцгээсэн. Шөнө 01:00 цагийн орчим Э.Э өөрийнхөө явалддаг шуурхай бүлгийн Лхагва гэх залуутайгаа нийлж, намайг даргад өргөдөл өгсөн, бууны нохой гэж гүтгэсэн. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгөөгүй, болохгүй бол даргаас утасдаж асуу гэж хэлсэн. Тэгсэн Э.Э намайг янхан гэх мэтээр хэл амаар доромжилж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгснээс Э.Э миний хөлнөөс татаад намайг орон дээрээс газар тархиар савж унагаасан. Тэгснээ газар унагаагаад миний хөл, гар руу хөлөөрөө өшиглөсөн. Би босоод сандал дээр суутал, намайг сандалтай хамт тийрч газар унагаагаад лаазтай бүтэн пивоор миний нүүр, нүд рүү цохисон. Тэгсэн Алтанхуяг намайг өмөөрөхөд Лхагважаргал Алтанхуягийг зайлаач гэж өшиглөөд над руу ойртуулаагүй. Өдөр Х Ууганбаяр гэх манай ажлын харуултай маргалдсан. Тэгсэн Лхагважав Ууганбаярыг зодоод явуулчихсан. Х өдөржингөө Ган-Ундрах, Цэрэнжав нартай би хоол хийхгүй, би хоол хийж чаддаггүй гээд л архи уугаад, хэрүүл хийгээд л яваад байсан. Тэгсэн орой Призат, Тогтохжаргал хоёр Х аас айгаад амралтын газраас яваад өгсөн. Х тэр хоёр охиныг ер нь их дарамтладаг юм. Шөнө 02:00 цагийн орчим би Э.Э аас салаад байж байтал Х та яахаараа ганцаараа ийм пиво уудаг юм гээд миний үүргэвчинд байсан пивыг булааж авч орон дээр асгаад, хайрцагтай байсан пиво бас задалж, газар шидэж тараагаад миний толгой дээр 5 литр савтай усыг асгасан. Би орон дээр сууж байтал Х миний хөлнөөс татаж чирээд газар унагаагаад миний үснээс зулгааж, миний дээр гарч сууж байгаад миний нүүр, толгой, шанаа руу гараараа цохиж байсан. Э.Э тэр үед гар утсаараа бичлэг хийгээд наад М ыгаа тархиар нь савж алаач гэж орилж байсан. Би уйлаад 88698787 дугаараас цагдаад дуудлага өгөхөд одоохон очлоо гээд цагдаа ирээгүй. Би цагдаа ирэхгүй болохоор нь би охиноо утсаар дуудаж ирүүлсэн. Би гомдолтой байна. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ган-Ундрахын өгсөн: ...Бусад нь амралтын газар үлдсэн. Маргааш өглөө нь над руу М эгч утсаар залгаад намайг Х , Э.Э хоёр зодчихлоо, эгчийнх нь гар утас, гутал алга болчихсон байна. Х хулгайлчихсан байна. Би Э.Э , Х хоёрыг цагдаад өгнө гэж хэлэхээр нь М эгч ээ одоо цагдаад өгөөд хэрэггүй, би Э.Э , Х хоёртой уулзъя, юу болсон талаар асууж тодруулъя гэж хэлсэн. Тэгээд би Х руу утсаар залгахад Х нөгөө амралтын газраа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод авъя гэж хэлээд Янжинсүрэн, Х хоёрыг очиж авсан. Тэгсэн Х би М эгчийн гутал, гар утсыг нь аваагүй, би М эгчийг орон дээр сууж байхад нь хөлнөөс нь татаж газар унагаасан. Тэгээд газар унахаар нь үснээс нь зулгаасан гэж ярьж байсан. Тэгээд Х , Янжинсүрэн бид 3 ажил дээр ирээд байж байтал Янжинсүрэнгийн утас руу М эгч өөрийн хулгайд алдсан гэх гар утасны дугаараас залгасан байсан. Тэгэхээр нь би нөгөө дугаар руу нь буцаагаад залгасан чинь М эгч өөрөө гар утсаа авч байсан. Би М эгчид хандаж та гар утсаа хулгайд алдчихлаа гээд байсан, таны гар утас байж л байгаа юм байна шүү дээ гэж хэлтэл М эгч надад хэлэхдээ би уг нь гар утсаа алдчихлаа, Х ыг авсан гэж бодсон чинь манай хүргэн шөнө ирээд намайг аваад явахдаа миний бүх юмыг аваад явсан байна, би өөрөө ч мэдээгүй алдсан л гэж бодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7323 дугаартай шинжээчийн:
1. У.М ын биед баруун хацар, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, зүүн хацар, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, шилбэний цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ундармаагийн өгсөн: ...Баруун хацарны зөөлөн эдийн няцрал, цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Э ын: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Х ын: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Э, П.Х нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 53, 58, 59 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч У.М ын мэдүүлэг, гэрч Д.Ган-Ундрахын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7323 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х , Э.Э нарын 2019 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газарт амарч байхдаа иргэн У.М ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч нар хохирогч У.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа өөр өөр цаг хугацаанд зодож учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч У.М нь шүүгдэгч Э.Э аас 350.000 төгрөгийг, П.Х аас 160.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч түүнтэй холбоотой холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч Э.Э 80.000+ 200.000 = нийт 280.000 төгрөгийг, П.Х 50.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 77-81 дүгээр тал/
Хохирогч У.М нь холбогдох хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Э, П.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, П.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Э, П.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарт тус тус оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, П.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч У.М нь учирсан гэм хорын холбогдох зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э, П.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ