Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00049/И |
Дугаар | 82 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 82
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, 9062904 регистрийн дугаартай, Увс аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-29 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, ОЮ81070671 регистрийн дугаартай, Зуутраг овогт Чулуунболдын Даваажавд холбогдох,
Баривчилгааны 10 хоногийн зардал 66.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чулуунболд овогтой Даваажав нь 2015 оны 11 дүгээр сарын 24, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тус тус архидан согтуурч удаа дараа ар гэртээ агсам тавьж бусдын амгалан тайван байдал алдагдуулж, зөрчил гаргасан тул Ч.Даваажавд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 тоот шийтгэврээр 10 /Арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний хооронд Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байранд 10 хоног баривчлагдаж байх хугацаандаа байрны шууд зардал болох нэг хоногийн 6.685 төгрөг, нийт 10 хоногийн 66.850 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Даваажав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Даваажав нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 66.850 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн газар нь Чулуунболд овогтой Даваажаваас 10 хоногийн баривчилгааны төлбөр болох 66.850 төгрөг нэхэмжилсэн. Ч.Даваажав нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ч.Даваажаваас баривчилгааны 10 хоногийн зардал 66.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Даваажав нь нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага болох баривчилгааны 10 хоногийн зардал 66.850 төгрөгийг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Даваажав нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага болох баривчилгааны 10 хоногийн зардал 66.850 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 66.850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 2.275 төгрөгийг хариуцагч Ч.Даваажаваас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын баривчилгааны 10 хоногийн зардал 66.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Даваажав төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Ч.Даваажаваас улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ч.Даваажав шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР