Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

 

  2020        04          23                                   2020/ШЦТ/746

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

шүүгдэгч Х.Е ,

хохирогч Б.М  ын өмгөөлөгч Г.Ганбаяр ҮД:24-67 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Е яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00998 0566 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Е

Холбогдсон хэргийн талаар:

Х.Е  нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 306 дугаар байрны 33 тоотод иргэн Б.М  той таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е  мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний танил Жавхлантай хамт М   гэдэг хүн дүүгийн хамт гурвуулаа манай найзын ах, эгч хоёрын түрээсэлж байсан байранд ирсэн. Гэрт хүн байхгүй байхаар нь би “хаалга нь гаднаасаа онгойж болохгүй” гэж хэлсэн чинь цонхоор дамжаад М  ын дүү авираад тэр айл руу ороод онгойлгож өгсөн. Тэгсэн М   “шампанск уух уу” гэхээр нь “би уухгүй” гэсэн чинь хүн явуулаад архи согтууруулах ундааны зүйл зардаггүй өдөр хоёр шил гадаад архи авч ирээд бид нар хамт уусан. М   архи ууж байхдаа “би танай эхнэртэй унтдаг байсан, чи нэг найзыгаа шоронд суулгаад өөрөө 1 сар суугаад гараад ирсэн биз дээ” гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд сүүлдээ би тэсэхээ болиод М  той маргалдаад М  ыг ийм байдалд хүргэсэн. Хажууд байсан хүмүүс нь мэдэж байгаа. М   намайг “чи 2 жилийн тэнсэнтэй, надад мөнгө өгөхгүй бол чи ял аваад явна. Надад 15.000.000 төгрөг өг” гэж дарамталдаг байж байгаад сүүлдээ 8.000.000 төгрөг нэхсэн. Би болохоор М  т “цагдаа дуудаад яах юм бэ, 2.000.000 төгрөг өгөөд эр хүн шиг найзлаад нөхөрлөөд явъя” гэсэн чинь М   “тийм юм байхгүй” гэсэн. Гэрч Энхжаргал гэдэг ах болсон явдлыг харж байсан. Би харанхуй өрөөнд оруулаад 3 цаг зодоогүй. Хүнийг ийм болгосон нь миний буруу. М   гэдэг залуу манай жирэмсэн эхнэр хүртэл доромжлоод байсан болохоор ийм байдалд хүрсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М  ын өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найз Жавхлан нь уулзаж хоол идье гэхээр нь уулзаж ажлаа дуусгаад манай дүү Анандтай Жавхлангийн найз Е  гэх казак залуугийн гэрт Баянмонгол хороололд очиход байрны гадна таараад хамт Е  гэх залуугийн гэр лүү найз охинтой нь хамт орсон. Тэгээд бид нар нэг шил оргилуун дарс задлаад юм ярьж суусан. Тэгээд тухайн залуучууд архи уухаар болж надаас 70.000 төгрөг аваад Ананд дэлгүүр гарсан. Тэгээд орж ирэхдээ 2 шил гадаад архийг Жавхлан, түүний найз Е  болон найз охин нь, Ананд нар уусан. Тэгээд архиа ууж байхад Е ийн найз гээд эхнэр, нөхөр хоёр хоол авч ирсэн ба тухайн архинаас хамт уусан. Тэгэхэд манай найз Мэргэн, Монголоо нар ирээд тухайн хоёр шил архинаас уусан. Тэгж байхад би хэсэг буйдан дээр унтаж байхад Жавхлангийн эхнэр нь дуудаад байсан ба Монголоо, Мэргэн нар явсан байсан. Тэгэхэд нэг хүн архи хийж өгөхөөр нь би уусан. Тэгэхэд Боороо гэх залуу намайг “чи яасан их гадаадад сургуульд сурдаг юм, яасан их хүн таньдаг юм” гэх мэтээр хэлж байгаад гараараа миний ам руу нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед би хэсэг ухаан балартсан ба амнаас маш их цус гарч байсан. Тэгэхэд Е  болон Боороо нар намайг ариун цэврийн өрөө лүү чирч оруулаад хоёулаа 1:30 минутаас 2 цагийн хугацаатай биеийн бүх хэсэг рүү зодсон. Энэ хооронд Ананд боль гэж салгах гэсэн боловч Е  болон түүний найз Боороо нар ална гэж айлгасан ба нэг залуу нь урт хутга барьж намайг одоо алаад хаячихъя гэж айлгаж байсан. Мөн миний гар утсаар Ананд цагдаад дуудлага өгөх гэсэн боловч Анандаас гар утас булааж авсан. Тухайн үед ариун цэврийн өрөөний хаалга онгорхой байсан ба гэрт хоол авч ирсэн эхнэр, нөхөр болон Е ийн найз охин нар боль гэсэн боловч үгэнд нь орохгүй ална гээд зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Жавхлангийн өгсөн: ...Гэрт М  , Ананд, Е , Боро, Сөөскө, түүний эхнэр нар үлдсэн Тэгээд гэртээ ирээд байж байхад Ананд нь над руу залгаад “ах аа, нөгөө хэд чинь хоорондоо муудалцаад байна” гээд байсан. Тэгж байхад Тэмүүжин нь орж ирсэн гэхээр нь би ярихад Е , М   нар хоорондоо маргаад байхаар нь салгалаа гэсэн. Мөн би Е тэй ярихад М   нь манай эхнэртэй унтсан гэж доромжлоод байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Тэмүүжингийн өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 01-ний орой найз Жавхлан нь шөнө 23 цагийн орчимд над руу ярьж 33 тоотод маргаан болоод байх шиг байна, би харьж байна гэхээр нь би гэрээсээ гарч Баянмонгол хорооллын 306 дугаар байрны 33 тоотод очиход хаалга нь хаалттай байсан ба хаалгыг нь тогшиж ороход том өрөөнд танихгүй намхан залуу нь найз Е тэй заамдалцсан зогсож байсан. Тэгэхэд Е  нь манай эхнэртэй унтдаг барьдаг, танай Эрдэнэтийн Гок-н даргыг таньдаг, намайг очиход тосож авдаг гэх мэтээр томорсон маргалдсан зогсож байгаад ноцолдож эхлэхээр нь би салгасан. Тэгэхэд тухайн намхан залуу маш их согтолттой, хөл дээрээ арай гэж тогтож орилж хашгираад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Борхүүгийн өгсөн: ...Тэгээд би согтуу хүнтэй юу ярих юм бэ гэж бодоод байж байхад Е  рүү М   нь чиний эхнэрийг шааж байсан, чи муу хар тамхичин, чи найз нарыгаа гөрж бага ял авсан гэх мэтээр над руу муу халзан толгойтой банди минь малгайгаа авчих, би чамайг мэдэхгүй юм байна, би арбитрийн шүүгч болох гэж байгаа, та нарын ялыг уншина гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгж байгаад Е , М   нар ширээний хоёр талаас барьцалдаж авсан ба Е ийн хүзүү рүү 2-3 удаа цохиж авсан ба Е  нь хариу үйлдэл үзүүлж гараараа хүзүү, шанаа руу цохиж байхад нь би болон Энхжаргалын эхнэр нар салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Энхжаргалын өгсөн: ...Тэгээд гэрт байсан хүмүүс архиа үргэлжлүүлж уугаад байж байхад Е ийг М   нь дахин үг хэлээр доромжлоод байхаар нь уурлаж М  ыг хацар, гар луу нь хэд хэдэн удаа цохихоор нь манай эхнэр болон хамт байсан М  ын дүү гэх залуу нь  салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Түвшинбаярын өгсөн: ...М   гэх залуу дүү Е ийн эхнэртэй унтаж байсан, би арбитрийн шүүгч болно, та нар юу ч биш, чи хамыгаа гөрөөд бага ял авсан гэсэн, хар тамхины хэргээр шоронд явсан биз дээ гэх мэтээр доромжлоод байхаар нь Е  уурлаж хөргөгч толгойгоор нь  мөргүүлж, хоёр хацар луу нь алгадаж, гар луу нь цохиж байсан. Тухайн залуугийн биед ил харагдах гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2420 дугаартай шинжээчийн:

1. Б.М  ын биед тархи доргилт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, доод эрүү, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн, баруун дал, нуруу, хэвлий, зүүн бугалга, тохой, баруун тохой шуу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар тал/,

- Шүүгдэгч Х.Е ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34, 35, 36, 44-116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Е  нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 306 дугаар байрны 33 тоотод иргэн Б.М  той таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.М  , гэрч Г.Жавхлан, Г.Тэмүүжин, Б.Борхүү, С.Энхжаргал, Д.Түвшинбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2420 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Е ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Е  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Б.М   нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 335.520 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд уг хохирлыг төлөөгүй  байх  тул Х.Е ээс гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 121 дүгээр тал/

            Хохирогч Б.М   энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Е  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х. Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Е ийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Е д оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Е  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Хайсагийн Е  /РД:/-ээс 335.520 /гурван зуун гучин таван мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М /РД:/-т олгосугай.

6. Хохирогч энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ