| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0746/Э |
| Дугаар | 759 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 759
2020 04 27 2020/ШЦТ/759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч О.Баярсайхан,
шүүгдэгч Г.Д ,
хохирогч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Д д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0879 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Д
Холбогдсон хэргийн талаар:
Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 20 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий иргэн О.Ариунзаяаг зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө нөхөр бид хоёр гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод хоорондоо хэрэлдсэн. Орой ажлын цаг дуусаад гэртээ ирэх хүртэл маргаан их хурц байдалтай байсан. Тухайн үедээ маргаантай, хэрүүлтэй байгаагаас шалтгаалаад хүүхдэдээ хэрүүл маргаан битгий сонсоосой гэж бодоод гараад сэтгэлээ тайвшруулах гэж согтууруулах ундаа хэрэглээд гэртээ ирээд унтсан. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байгаа. Тэгээд би ухаан ороход гэрийн гадаа сууж байсан. Тэгээд би ямар зүйл хийснээ мэдсэн. Хийсэн үйлдэлдээ би гэмшиж байгаа. Хайртай хүнийхээ биед учруулсан гэмтэл эдгэсэн ч гэсэн сэтгэлд нь үлдсэн гэмтлийг насан туршдаа багахан хэсгийг нь болтугай эдгээнэ гэж бодож байгаа. Миний учруулсан гэмтлийг манай эхнэр гэмтэл согог судлалын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.А мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан тул ярих зүйлгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Ариунзаяагийн өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө нөхөр бид хоёр гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод хоорондоо хэрэлдсэн. Тэгээд нөхөр ажилдаа яваад орой ирсэн. Ирээд нөхөр бид хоёр ойлголцоогүй. Тэгтэл нөхөр буцаад гараад явсан. Орой 21 цагийн орчимд манай хүүхэд асрагч маргааш ирнэ гэж байснаа орой хүрээд ирсэн. Би гэртээ ганцаараа 0,5 литрийн хэмжээтэй 2 пиво уучихаад байж байхад нөхөр шөнө 02 цагийн орчимд гаднаас согтуу орж ирээд надтай хэрүүл хийж байснаа миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөөд толгой руу хэд хэдэн удаа юм хэлээд орилоод цохиод байсан. Намайг зодуулж байхыг манай хүүхэд асрагч хараад салгах гэхэд цааш нь түлхэж байснаа намайг зодоод байсан. Нөхөр Г.Д намайг зодож байхдаа зөндөө юм яриад байсан. Би тухайн үед түүнийг юу гэж хэлээд намайг цохиж байсныг сонсоогүй. Би түүний ах руу нь залгаад дүү чинь намайг зодоод байна, намайг ирж авраач гэж хэлэхэд ах нь миний яриаг сонсож байснаа гар утсаа салгаад удалгүй дүүгээ ирээд аваад явсан. Тэгтэл манай хүүхэд асрагч Дэлгэрмөрөн /93130802/ миний ах Мөнх-Эрдэнэ рүү залгаад түүнийг дуудсан байсан. Тэгээд ах ирээд би цагдаагийн хэлтэс дээр өргөдөл гаргаж өгөхөөр ирсэн байна. Миний толгой, эрүү өвдөж байна. 2 нүд, шанаа хавдсан байгаа. Дээрх гэмтлийг миний нөхөр хөлөөрөө болон хэд хэдэн удаа цохиж гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Дэлгэрмөрөнгийн өгсөн: ...Би хүүхэдтэй нь унтаж байхад Дөлгөөнөө ах гаднаас орж ирээд унтсан. Араас нь Ариунзаяа эгч орж ирсэн. Хэдэн цагт орж ирснийг нь мэдэхгүй. Тэгтэл хоорондоо маргалдаад байхаар нь би байж байтал юм тас няс гээд явахаар нь том өрөө рүү ороход Дөлгөөнөө ах Ариунзаяа эгчийн дээр нь гарсан нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Би очиж салгахад Ариунзаяа эгч шоконд орсон, Дөлгөөн ах уурлаад гараад явсан. Тэгэхээр нь Дөлгөөнөө ахын төрсөн ахыг нь дуудаад дараа нь Ариунзаяа эгчийн ахыг нь дуудсан. Ариунзаяа эгчийн нүд нь нээгдэхгүй хавдсан, гар хөл нь хөхөрсөн байсан, нүүр нь аймаар болсон байсан. Дөлгөөн ахын биед гэмтэл байсан үгүйг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4328 дугаартай шинжээчийн:
1. О.Ариунзаяа-н биед тархи доргилт, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, амны зүүн хэсэг, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Д ий эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26, 27 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 20 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий иргэн О.Ариунзаяаг зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Ариунзаяа, гэрч О.Дэлгэрмөрөн нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 4328 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Д ий үйлдсэн гэмт хэргийн хохирогч О.А нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байх ба түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан байна.
Хохирогч О.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Д ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Д ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ