| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00100/И |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 105
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 6-02 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, РД:УД89121216, Шаргажид овогт Буянжаргалын Өсөхжаргал,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 6-02тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ88072064, Цагаагчууд овогт Цэдэвдоржийн Нандинцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 35.665.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Өсөхжаргал нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1660003993 тоот зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийг хашаа байшин барих зориулалтаар, 120 сарын хугацаатай, сарын 1.71 хувийн хүүтэйгээр, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1250023830 тоот зээлийн гэрээг байгуулан 9.600.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй, байшин засварлах хашаа барих зориулалтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр баг, 6-02 тоотод байрлах 82.56 м.кв хувийн орон сууц /ГД-000200742, УБД: Ү-1520004053/, 701 м.кв өмчлөх эрхтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /ГД:000285215, УБД: Г-1520002988/, УВХ 57-70 улсын дугаартай, Mitsubishi Airtrek маркын мөнгөлөг өнгөтэй JMVLYCU2W30500605 арлын дугаартай япон суудлын автомашин, УВА 17-78 улсын дугаартай, Соната-2 маркын хар саарал өнгөтэй, KMHCF21FPRV324201 арлын дугаартай солонгос суудлын автомашин, 2013 оны 8 ханатай гэр, BSB маркын шарах шүүгээ, SONY маркын зурагт, BSB маркын хөргөгч тус тус барьцаалуулж авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөрөө төлөхдөө сар бүр хугацаа хожимдуулан төлж, 2016.08.31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээл төлөх талаар зээлдэгч болон түүний эхнэр, ээжтэй удаа дараа уулзаж байсан. “Хашаа байшингаа зараад төлнө, мал зарж зээлээ төлнө, ажил хийж байгаа, цалингаа авч зээлээ төлнө” гэх зэргээр хугацаа хожиж зээлийн төлбөр төлөхгүй, барьцаа хөрөнгөд барьцаалсан Mitsubishi Airtrek маркын машиныг худалдан борлуулж үрэгдүүлсэн байна. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болно. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан “Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, 3.2.7-д заасан “Өрхийн орлогын эх үүсвэр, өөрийн болон өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдал өөрчлөгдөх, бизнесийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, өөр зээлдүүлэгчээс давхар зээл авах тохиолдолд банкинд урьдчилан 10 өдрийн өмнө мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.7 дахь заалтуудад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017.01.13/ байдлаар Б.Өсөхжаргал болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Нандинцэцэг нарын төлөх ёстой 1250023830 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 9.523.894,02 төгрөг, зээлийн хүү 1.267.780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.188 төгрөг, 1660003993 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 23.084.015,36 төгрөг, зээлийн хүү 1.750.274,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.788,66 төгрөг, нотариатын зардал 22.000 төгрөг, нийт 35.665.940 төгрөгийг зэлдэгч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг бид Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.950.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17.715.940 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.950.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17.715.940 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 35.665.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 35.665.940 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 35.665.940 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.280 төгрөг төлсөн ба тал хувь болох 168.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 168.140 төгрөг, хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нараас 168.140 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 35.665.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 336.280 төгрөгөөс 168.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 168.140 төгрөг, хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нараас 168.140 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Өсөхжаргал, Ц.Нандинцэцэг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР