| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0762/Э |
| Дугаар | 782 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 782
2020 04 29 2020/ШЦТ/782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг ҮД:21-56 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903 01201 0536 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 44-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 70 настай Н.Д ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Д ийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед санагдаж байна, яг тодорхой санахгүй байна. Би “Нарантуул” зах орчихоод буцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Улаанбаатар их сургуулийн зүүн талын автобусны буудал дээрээс үйлдвэр комбинат орох автобусанд суухаар алхаж явсан ба тухайн үед зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гараад явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй автобусны буудал руу алхаж явахад Улаанбаатар их сургуулийн урд талын туслах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж төв зам руу орох гээд ногоон өнгийн суудлын авто машин зогсож байхад би уг автомашины баруун талаар буюу ертөнцийн зүгээр баруун хойшоо чигт алхаж явахад уг автомашины жолооч гэнэт урагшаа хөдлөөд миний баруун хөл рүү автомашины баруун урд гуперийн хэсгээрээ мөргөөд би газар унасан. Би босох гэсэн боловч баруун хөл маань даахгүй шагайгаараа хугарчихсан юм шиг болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Гэрэлмаагийн өгсөн: ...Нагац ахыг маань гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байхад ил шарх болон ясны бороололтыг хурдасгадаг нэг ампуль нь 120.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг тариа авч хийлгэх шаардлагатай гэхээр нь үүнийг нь осол гаргасан жолоочийн аав, ээж нарт нь хэлэхэд ийм үнэтэй тариа авч чадахгүй гээд манай дүү байхгүй хойгуур нагац ах дээр очоод бэлнээр 200.000 төгрөг өгөөд явсан байсан. Түүнээс хойш осол гаргасан жолоочийн аавтай нь нэг удаа утсаар ярихад хөдөө явж байна гэсэн. Мөн осол гаргасан залуугийн ээжтэй нь утсаар холбогдож ярихад хөдөө явж байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Намжилмаагийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гарч ирэхэд манай найз залуу Б.Б намайг авахаар Тоёота приус маркийн 44-37 УНҮ улсын дугаартай автомашинтайгаа ирчихсэн байсан ба би машинд нь буюу жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад бид хоёр гэр лүүгээ харихаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Улаанбаатар их сургуулийн зүүн талын зам руу туслахаас нийлж орох гэхэд ертөнцийн зүгээр хойноос урагшаа явж байсан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн их байсан ба хар өнгийн автомашины урдуур нь орчихъё гэж гуйгаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зүгт баруун эргэж орох гээд урагшаа жаахан хөдлөхөд машин руу хүн цохих шиг дуу гараад зогссон. Тэгтэл манай найз залуу машинаасаа буугаад гарахаар нь би юу болсон эсэхийг сайн мэдээгүй машиндаа сууж байтал манай найз залуу Б.Б намайг гараад ир гэж дуудахаар нь би машинаасаа буугаад машины урд очиход жолооч талын урд гупер, дугуйны хажуу талыг налаад нэг хөлөө нугалчихсан настай, хөгшин эрэгтэй хүн хөл эвгүй болчихлоо гээд сууж байхаар нь сандарсан байдалтай зогсож байтал танихгүй эрэгтэй хүн ирээд наад хүнээ эмнэлэг рүү авч явсан нь дээр байх гэж хэлэхээр нь манай найз залуу нөгөө настай, эрэгтэйг өргөж машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Бид нар тухайн үед цагдаа, эмнэлэгт дуудлага мэдээлэл өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 12562 дугаартай:
1. Н.Д ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20, 59 дүгээр тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 44-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 70 настай Н.Д ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Д , гэрч Д.Гэрэлмаа нарын мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12562 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Д хавтаст хэрэгт 1.152.840 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогчийн талаас илэрхийлж, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 147, 149-151 дүгээр тал/
Гэвч хохирогч Н.Д ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт: ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Иймд Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн Б.Б ийн В ангилалын 11....... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хохирогч Н.Д нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ