Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

    2020        04         30                                   2020/ШЦТ/790

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46

          хохирогч Ж.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж”  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04266 2396 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Т.Б

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

          1. Т.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар байрны 33 тоотод оршин суух иргэн Э.Оюунтуяагийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, “Хуа-вэй” маркийн гар утас, байрны гадна зогсоолд тавьсан хар өнгийн “Тоёота Приус-30” маркийн автомашин зэргийг нууцаар хулгайлан авч бусдад 12.937.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          2. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр байрны 4 дүгээр байрны подвольд иргэн Б.Болдын нийтийн байр буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Нокиа” маркийн гар утас, ааруул зэргийг нууцаар хулгайлан авч бусдад 74.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          3. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 15-363 тоотод оршин суух иргэн У.Баярсайханы эзэмшлийн байшингийн таамбарын цонхыг хагалан орж, 32 инчийн ТСЛ маркийн зурагт, 2 ширхэг виски зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 363.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-162-Б тоотод оршин суух иргэн М.Гантулгын эзэмшлийн байшингийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн хар өнгийн шар хүрээтэй зурагт, хар өнгийн арьсан түрийвч, хар өнгийн үүргэвч, эмэгтэй хүний жижиг хар өнгийн цүнх зэргийг нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 343.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          5. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 159-28 тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндолгорын Монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч “Тошиба” брэндийн 32 инчийн ЛСД зурагт, 12 кг чацаргана зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 378.146 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          6. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-19 тоотод оршин суух иргэн Ж.Булгантамирын байшингийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч, “ЛЖ” брэндийн саарал өнгийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          7. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 17 тоотод оршин суух ирэн Л.Нарантуяагийн эзэмшлийн байшингийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, 43 инчийн “ЛСД” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 318.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          8. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-136 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэдаваагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Сони” брендийн 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 425.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          9. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-317 тоотод оршин суух иргэн Д.Гамын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, эрэгтэй хүний курткаг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          10. 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-2 тоотод оршин суух иргэн Д.Шоовдорын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн “Тошиба” загварын ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 208.764 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          11. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-318 тоотод оршин суух иргэн З.Оюунбилэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, 40 инчийн “Самсунг “загварын зурагт, эмэгтэй хүний шуба, куртка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 973.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          12. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-416 тоотод оршин суух иргэн Э.Уртнасангийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Тошиба” брендийн 40 инчийн ЛСД зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 745.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          13. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргий 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 2236 тоотод оршин суух иргэн Т.Төрбатын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, үхрийн мах 8кг, адууны мах 6кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 113.000 төгрөгийн хохирол учруулсан,

          14. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 1-1111 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэдалайн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, 49 инчийн “Филипс “брендийн зурагт, бага гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 1.799.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          15. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жанчивын 1.680.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 1.952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан тул хэргийн талаар ярих зүйлгүй. Компьютер тоглоом тоглох гэж бусдын эд зүйлийг хулгайлдаг байсан гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ж.Булгантамир мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ нөүтбүкээ хулгайд алдсан. Одоог хүртэл хохирлоо төлүүлж чадаагүй байна. Надад  учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Э.Оюунтуяагаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4, 5-10-р тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14-р тал/,

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Оюунтуяагийн өгсөн: ...Би 2019 оны 07дугаар сарын 23-ны өдөр гадуур ажилтай байж байгаад орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар байрны 33 тоот гэртээ ирсэн. Ирээд өөрийн эзэмшлийн 97-86 УБР улсын дугаартай хар өнгийн “Приус -30” маркийн автомашинаа байрныхаа гадна байрлуулаад орсон. Тухайн өдөр манай найз Ууганбаяр нь ирнэ гэсэн байсан тул би пиво аваад хүлээж байгаад удалгүй 00 цагийн үед унтсан.Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 05 цаг 30 минутын үед манай найз Ууганбаяр нь өөрийн эзэмшлийн 91100194 дугаараасаа миний 99650357 гэсэн дугаар руу залгаад би очиж байна танайх хаана билээ гэж асуусан.Тэгээд би сэрсэн ба гэрээ зааж өгчихөөд гэрээ жоохон цэгцлэх гээд байж байтал манай том өрөөнд байсан TCL брендийн 32 инчийн зурагт байхгүй болсон байсан. Мөн ширээн дээр байсан миний өөрийн эзэмшлийн “Huawei Nova ЗЕ” маркийн гар утас машины түлхүүр хоёр байхгүй байсан. Тэгээд би машинаа хартал миний эзэмшлийн 97-86 УБР улсын дугаартай “Приус-30” маркийн автомашин алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-18-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Гэсэржавын өгсөн: ...Тэгээд шөнө буюу 2019 оны 07 дугаар 24-ний өдрийн 01 цаг орчим минутын үед хяналтын камераа харж байтал айлуудын цонхны доор нэг хүн зогсоод байх шиг харагдсан. Тэгээд би байраа тойрохоор гарсан ба 113 дугаар байрны урд талын цонхны хэсгээр явж байхад хөр өнгийн хувцастай залуухан эрэгтэй хүн тонгойгоод утсаар яриад байх шиг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 22-23-р тал/,

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 36-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б ийн: ...2019 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо, 113-р байрны нэг айлын нэг давхрын цонх нээлттэй байхаар нь цонхоор орсон. Дотогшоо ороход “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт, “Хуа-Вэй “маркийн гар утас болон “Приус-30” маркийн машины түлхүүрийг хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 57-р тал/,

- Иргэн Б.Болдоос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 59, 60-66-р тал/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний гэр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 111 байр 4 орцны подволд ирэхэд хаалгыг маань төмөр цоожийг эвдэж хүн орсон байсан. Би эхнэр Оюунчимэгийн хамт байж байсан бөгөөд тухайн нөхцөл байдлыг хараад манай гэрт хулгай орсоныг ойлгож цагдаагийн байгууллагад хандсан юм. 2019 оны 02 сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололын утас зардаг газраас 45.000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Хар өнгийн, шар өнгийн Nokia rap утас 2 ширхэг. 2 ширхэг гар утас алга болсон дээр дурьдсанаас өөр дахиад 1 гар утас алга болсон. Тухайн гар утсыг Тэдигээс 25.000 төгрөгөөр худалдаж авч байсан...

...гомдол санал хүсэлт байхгүй. Хохиролоо барагдуулсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-70, 92-р тал/,

- 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрйин "Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 07 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 74.500 /Далан дөрвөн мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдэв..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б ийн: ...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр байрны 4 дүгээр орцны подволь руу шөнө 23 цагийн үед хаалганы цоожийг нь арматурын төмөр ашиглан эвдэж орсон. Дотогшоо ороход айл болох нь илт мэдэгдэж байсан. Тэр айлаас хоёр  ширхэг “Нокиа” маркийн гар утас, 3 кг орчим ааруул байхаар нь авсан. Гэрээс нь өөр эд зүйлс аваагүй, шууд гараад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-р тал/,

- Иргэн У.Баярсайханаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 130, 132-140, 144-150-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б ийн: ...Он, сар, өдрийг бол санахгүй байна. Уг өдөр би ганцаараа 16 цагийн орчим гэрээсээ гараад Сансарын үйлчилгээний төвийн автобусны буудлаас 3, 4 дүгээр хороолол тоосгоны үйлдвэр гэсэн автобусанд суусан. Тэгээд станц гэсэн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүн талын гэр хороолол руу ороод гудамжаар ортол 2 давхар тоосгон байшин байсан. Уг байшингийн таамбарын цонхыг хагалаад орж “ТСЛ” маркийн зурагт, виски хоёр авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-р тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Баярсайханы өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад хотын төв рүү айлаар орчихоод 20 цагийн үед манай дүү Оюун-Эрдэнэ залгаад ахаа танай гэрт хулгай орсон байна гэхээр нь би ирээд үзтэл тамбарын цонхыг нь хагалаад хулгайч орж эд зүйлс алдагдсан байсан...32 инчийн “ТСЛ” маркийн зурагт, 1 шил виски алдагдсан би нэрийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 163-168-р тал/,

- Иргэн М.Гантулгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хх-ийн 187, 188-194-р тал/,

- Эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 202-р тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 197-200-р тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Гантулгын өгсөн: ...Манай гэрээс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед эхнэр маань гэрээ цоожлоод гарсан юм гэтэл орой 21 цаг 04 минутын гэртээ иртэл гадаа хашааны хаалга онгорхой гэрийн хаалга хаалттай цоож нь байхгүй болсон байсан. Гэртээ ороод иртэл 2019 оны 03 сард хувь хүнээс 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан шар хүрээтэй хар өнгийн 32 инчийн ТСЛ брендийн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн ажиллагаатай зурагт 1 ширхэг, шинэ хар өнгийн арьсан түрийвч, шинэ хар өнгийн үүргэвч алга болсон байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-р тал/,

- “Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 211-р тал/,

- Иргэн Ц.Цэрэндолгороос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 228, 230-233-р тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Цэрэндолгорын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагт гэртээ байж байгаад Хайлаастад байдаг дүүгийнхээ дэлгүүр орох гээд гарсан юм. Намайг гэрээс гарахад бүх юм хэвийн хулгайд алдагдсан зүйл байгаагүй би гарахдаа гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд шөнө би гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минутанд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэлээд гэрийн зүүн талд байсан 2017 онд БСБ дэлгүүрээс хямдралын үеээр 550.000 төгрөгөөр авч байсан “Тошиба” брендийн 32 инчийн хар өнгийн зурагт, хөлдөөгчнөөс 10 кг чацаргана, эмэгтэй хүний ойр зуурын юм хйисэн байсан кошлок алга болсон байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /378,146 төгрөг/ /1-р хх-ийн 211-р тал/,

- Иргэн Ж.Булгантамираас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 12, 14-18-р тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Булгантамирын өгсөн: ...2019 оны 11 сарын 13-ны өдрийн 13 цагийн үед гэрээсээ дүүтэйгээ хамт гарсан. Тэгээд орой 20 цагийн үед дүүгээ сургуулиас нь аваад гэртээ ирсэн чинь манай гэрийн модон хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь гэрлүүгээ ороод хартал гэрийн хөргөгчин дээр байсан миний саарал өнгийн “ЛЖ” маркийн нөүтбүүк байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /270.000 төгрөг/ /2-р хх-ийн 23-р тал/,

- Иргэн Л.Нарантуяагаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 53, 55-59-р тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Нарантуяагийн өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 8-17 тоотод гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гэртээ орсон чинь манай гэрийн хойморт байсан ЛСД зурагт байхгүй байсан. Тэгээд би гайхаад байж байтал манай нөхөр гаднаас архи уусан байдалтай орж ирэхээр нь би нөхрийгее зурагтаа барьцаанд тавиад архи уучихлаа гэж бодоод нөхөртэйгээ маргалдаад цагдаа дуудаад нөхрийгөө эрүүлжүүлэх рүү өгч явуулсан. Тэгээд удалгүй хорооны цагдаатай уулзаж гэрийн ойролцоо байдаг хяналтын камерийг шүүж үзсэн чинь манай нөхөр биш өөр танихгүй хүн манай гэрийн хаалгыг онгойлгоод гэр лүү орж зурагт аваад гарч байгаа бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /2-р хх-ийн 64-65-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /318.000 төгрөг/, /2-р хх-ийн 77-р тал/,

- Иргэн Э.Эрдэнэдаваагаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 91-92, 93-99-р тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэдаваагийн өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагт ажилдаа яваад 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө гэртээ ирсэн чинь манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ орж үзэхэд манай гэрт байсан 32 инчийн сони зурагт болон дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын зэс аяга нэг ширхэг тус тус алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн… гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /425.400 төгрөг/, /2-р хх-ийн 119-122-р тал/,

- Иргэн Д.Гамаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 131-р тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гамын өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гарч яваад гэртээ хоноогүй юм. Тэгсэн чинь маргааш өглөө нь буюу 03-ны өглөө манай хөрш Оюунбилэг надруу залгаад танайд хулгай орчихсон юм шиг байна гэхээр нь гэртээ ирээд цагдаа дуудсан. Намайг гэртээ ирэх үед манай гэрийн хаалганы цүүг юмаар хөшөөд онгойлгочихсон юм шиг байсан. Тэгээд гэртээ орж эд зүйлээ шалгахад тухайн үедээ юм алдагдаагүй юм шиг байсан чинь дараа нь манай дүүгийн эрэгтэй хүний шинээр худалдаж авсан хар өнгийн куртик алдагдсан байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /160.000 төгрөг/ /2-р хх-ийн 147-148-р тал/,

- Иргэн Д.Шоовдороос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 159-р тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Шоовдорын өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын сүүлээр би найзуудтайгаа уулзах гээд гэрээсээ гарсан. Тэгээд найзуудтайгаа уулзаж байгаад найз Ууганбаатарын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь манай эхнэр Амармэнд над руу залгаад манай гэрт хулгайч орсон байна. Манай гэрийн 32 инчийн зурагт алдагдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-169-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /208.764 төгрөг/, /2-р хх-ийн 176-177-р тал/,

- Иргэн З.Оюунбилэгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 192, 193-196-р тал/,

- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 197-р тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Оюунбилэгийн өгсөн: ...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11-318 тоотод охин Мөнхчимэгийн хамт амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед би гэрээ цоожлоод гарч яваад 20 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны банз ховхорчихсон байхаар нь гайхаад гэрлүүгээ харсан чинь гэрийн гэрэл асаатай харагдхаар нь гэрлүүгээ очоод харсан чинь манай гэрийн тамбарын цоожийг суга татаад онгойлгоод гэрт хулгайч орж гэрийн жижиг ширээн дээр байсан 40 инчийн “Самсунг”  маркийн зурагт, миний туулайн арьсан шуба, эмэгтэй хүний урт куртка, орны шар эрээн утсан бүтээлэг зэргийг хулгайлан аваад явсан байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Оюунбилэгээс дахин авсан: ...манай гэрээс алдагдсан туулайн шуба, манай охины куртка хоёрыг хашааны ёроолд хаясан гэж байна гэж цагдаа хэлсэн тэгэхээр яваад үзтэл үнэхээр тэр газраа байж байсан...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 206-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.Оюунболдын өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 55 минутанд Ганболдын Уранмандах /РД:ЖИ93100700/ гэж хүн өөрийнх нь нөхөр гэх нэг залуутай хамт ирж уг зурагтыг 300.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Би тухайн үед нөхрийнх нь овог нэрийг харахад Торойнямын Бямбасүх гэх хүн байсан. Тэр хоёр Уранмандахын иргэний үнэмлэхийг үзүүлж барьцаанд тавьсан. Манай барьцаалан зээлдүүлэх газрын хар жагсаалтанд ороогүй байсан болохоор нь би Уранмандах гэж хүнд зээл олгосон. Одоо зээлдүүлсэн 300.000 төгрөг болон зээлийн хүүний 24.000 төгрөг, нийт 324.000 төгрөгийг Уранмандах, Бямбасүх нараас нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 215-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /973.000 төгрөг/, /2-р хх-ийн 216-р тал/,

- Иргэн Э.Уртнасангаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 238, 240-243-р тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Уртнасангийн өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 11-ий өдөр хүүхдээ авахаар гэрээсээ гараад орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны хаалга онгорхой гэрийн хаалга хаалттай байсан. Тэгээд гэрийн хаалга нээсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай гэрийн хойморт байсан зурагт болон орны бүтээлэг байхгүй байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2-р тал/,

- “Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /745.400 төгрөг/, /3-р хх-ийн 6-р тал/,

- Иргэн Т.Төрбатаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 39-р тал/,

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Төрбатын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш гэртээ очоогүй тэгээд охин Анхзаяагийнд байж байсан чинь манай эхнэр Түмэндэмбэрэл залгаад хойшоо гэрлүүгээ очсон уу гэж асуухаар нь очоогүй би Анхзаяагийнд байгаа шд гээд хэлсэн чинь манай хэсгийн ахлагч Өлзий-Орших танай гэр чинь онгорхой байна гэж хэлэхээр нь би шууд гэр лүүгээ ирсэн чинь монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж онгойлгоод дотор нь байсан мах алдагдсан байсан би тухайн үед цагдаад хандаагүй юу алдсанаа сайн бүртгэж байгаад хэлнээ гээд одоо хандаж байна...8 кг үхрийн мах, 6 кг адууны мах зэрэг эд зүйлс алдагдсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46-р тал/,

- "Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /113.000 төгрөг/, /3-р хх-ийн 54-р тал/,

- Иргэн С.Эрдэнэдалайгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 75, 76-81-р тал/,

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэдалайгийн өгсн: ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 1-1111 тоотод ганцаараа амьдарч байгаа бөгөөд орой 21 цагийн үед эргэж гэртээ ирэхэд байшингийн баруун хойд, зүүн хойд цонх онгорхой байсан ба гэрт орж үзэхэд бор өнгийн сервант дээр байсан зурагт болон сервантан дотор байсан цагаан хаш хөөрөг алдагдсан байсан. Миний бие цонх дотор талаас нь хаасан бөгөөд цагдаад дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 83-84-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэдалайгаас дахин авсан "...би өөрийн гэрээс алдагдсан зурагт болон хөөргөө буцаан олж авсан ба одоо хохиролгүй болсон...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 85-р тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 89-92-р тал/,

- “Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1.799.940 төгрөг/, /3-р хх-ийн 100-101-р тал/,

- Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 112-115-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б ийн: ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэж санаж байна. Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн станцын буудал хүртэл автобусаар явсан. Тэгээд ойр орчмоо харж байтал цэнхэр төмөр хаалгатай, улаан тоосгон байшин байсан. Байшин руу харахад хүнгүй байх шиг болохоор нь хашаанд нь ороод байшин руу очиход цагаан өнгийн хамгаалалтын төмөргүй вакум цонхнууд байсан. Вакум цонхыг нь түлхэж байгаад нээж дотогшоо орсон. Тэгээд гэрээс нь зурагт болон хөөрөг авсан. Зурагтаа ломбарданд гэрийнхээ зурагт гэж 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин хөөргийг зарж үрж чадаагүй байж байгаад цагдаад хураалгасан. Мөнгийг нь түрээсэндээ өгөөд ууж идсэн. Тухайн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны подвольд өрөө түрээсэлж амьдардаг байсан. Зурагт барьцаалсан ломбардаа одоо санахгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-126-р тал/,

- Иргэн Б.Жанчиваас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /3-р хх-ийн 127-р тал/,

- “Дамно" ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /272.000 төгрөг/, /3-р хх-ийн 136-р тал/,

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Оюунбилэгийн өгсөн: ...Манай хүү Жанчив нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр би бэлэн 1.680.000 төгрөг мөн гар утсаа алдсан гэж хэлсэн. Тэрнээс биш тухайн үед нарийн юмыг нь хэлээгүй. Хүү Жанчив 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хорих ялаар шийтгэгдсэн. Тиймээс би хүүгийнхээ өмнөөс энэ мөнгийг нь нэхэмжилж, хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 167-168-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Т.Б ийн өгсөн: ...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 1.680.000 төгрөгөөр нь архи уугаад дуусгасан. Гар утсыг нь бол мэдэхгүй байна. Бид хоёр  согтуу байсан болохоор гар утас хэн авсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 163-р тал/,

- Шүүгдэгч Т.Б ийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 43, 3-р хх-ийн 154-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          1. Т.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар байрны 33 тоотод оршин суух иргэн Э.Оюунтуяагийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ЛСД”  зурагт, “Хуа-вэй” маркийн гар утас, байрны гадна зогсоолд тавьсан хар өнгийн “Тоёота Приус-30” маркийн автомашин зэргийг нууцаар хулгайлан авч бусдад 12.937.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          2. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 111 дүгээр байрны 4 дүгээр байрны подвольд иргэн Б.Болдын нийтийн байр буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Нокиа” маркийн гар утас, ааруул зэргийг нууцаар хулгайлан авч бусдад 74.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          3. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 15-363 тоотод оршин суух иргэн У.Баярсайханы эзэмшлийн байшингийн таамбарын цонхыг хагалан орж, 32 инчийн “ТСЛ” маркийн зурагт, 2 ширхэг виски зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 363.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь,

          4. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-162-Б тоотод оршин суух иргэн М.Гантулгын эзэмшлийн байшингийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч “ТСЛ” маркийн 32 инчийн хар өнгийн шар хүрээтэй зурагт, хар өнгийн арьсан түрийвч, хар өнгийн үүргэвч, эмэгтэй хүний жижиг хар өнгийн цүнх зэргийг нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 343.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          5. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 159-28 тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндолгорын Монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч Тошиба брэндийн 32 инчийн ЛСД зурагт, 12 кг чацаргана зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 378.146 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          6. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-19 тоотод оршин суух иргэн Ж.Булгантамирын байшингийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч, ЛЖ брэндийн саарал өнгийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          7. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Л.Нарантуяагийн эзэмшлийн байшингийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, 43 инчийн ЛСД маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 318.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          8. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-136 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэдаваагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, Сони брендийн 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 425.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          9. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-317 тоотод оршин суух иргэн Д.Гамын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, эрэгтэй хүний курткаг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          10. 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-2 тоотод оршин суух иргэн Д.Шоовдорын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн Тошиба загварын ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 208.764 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          11. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-318 тоотод оршин суух иргэн З.Оюунбилэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч, 40 инчийн Самсунг загварын зурагт, эмэгтэй хүний шуба, куртка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 973.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          12. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-416 тоотод оршин суух иргэн Э.Уртнасангийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч, Тошиба брендийн 40 инчийн ЛСД зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 745.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          13. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргий 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 2236 тоотод оршин суух иргэн Т.Төрбатын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, үхрийн мах 8кг, адууны мах 6кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 113.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          14. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 1-1111 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэдалайгийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, 49 инчийн Филипс брендийн зурагт, бага гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 1.799.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          15. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Жанчивын 1.680.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 1.952.000 төгрөгийн  буюу нийт 21.061.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн нэр бүхий хохирогч нарын болон гэрч, яллагдагчаар өгсөн Т.Б  нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б ийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Б ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч Т.Б ийн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэгт нэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн бусдад төлөх төлбөрийн талаар:

          1. Хохирогч Э.Оюунтуяад 12.937.500 төгрөгийн хохирол учруулсан байх ба эд зүйл, бичиг баримтыг хүлээлгэн өгсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ. /1-р хх-н  36-р тал/,

          2. Хохирогч Б.Болдод 74.500 төгрөгийн хохирол учруулсан байх ба гомдол санал хүсэлт байхгүй. Хохиролоо барагдуулсан гэдгээ илэрхийлсэн тул төлөх төлбөргүй гэж үзэв. /1-р хх-ийн 67-70, 92-р тал/,

          3. Хохирогч У.Баярсайханд 363.400 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          4. Хохирогч М.Гантулгад 343.400 төгрөгийн хохирол учруулсан байх ба эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн байх тул төлөх төлбөргүй байна. /1-р хх-ийн 202-р тал/,

          5. Хохирогч Ц.Цэрэндолгорт 378.146 төгрөгийн хохирол учруулж хохирол  төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж,  

          6. Хохирогч Ж.Булгантамирт 270.000 төгрөгийн хохирол учруулж хохирол  төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          7. Хохирогч Л.Нарантуяад 318.000 төгрөгийн хохирол учруулж хохирол  төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          8. Хохирогч Д.Эрдэнэдаваад 425.400 төгрөгийн хохирол учруулж хохирол  төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          9. Хохирогч Д.Гамд 160.000 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          10. Хохирогч Д.Шоовдорт 208.764 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          11. Хохирогч З.Оюунбилэгт 973.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогчийн эд зүйлийг хүлээлгэн ба иргэний нэхэмжлэгч А.Оюунболд 324.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх,

          12. Хохирогч Э.Уртнасанд 745.400 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          13. Хохирогч Т.Төрбатад 113.000 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх,

          14. Хохирогч С.Эрдэнэдалайд 1.799.940 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгийг буцаан авсан тул төлөх төлбөргүй,

          15. Хохирогч Б.Жанчивт 1.952.000 төгрөгийн хохирол учруулж хохирол төлөгдөөгүй байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

          Шүүгдэгч Т.Б  нь хохирол төлөөгүй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

          Шүүгдэгч Т.Б  нь олон удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

          Шүүгдэгч Т.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 129 хоног хоригдсон болох нь яллагдагчаар цагдан хорих, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул цагдан хоригдсон нийт 129 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /3-р хх-н 27-30, 190-195-р тал/

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

          1. Т.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Б 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Б эд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б ийн цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Б  /РД:/-ээс

          - 363.400 /гурван зуун жаран гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Ухнасаарайн Баярсайханд /РД:/,

          - 378.146 /гурван зуун далан найман мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогч Цэдэвийн Цэрэндолгорт /РД:/,

          - 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан Жаргалсайханы Булгантамирт /РД:/,

          - 318.000 /гурван зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулан Лхагвасүрэнгийн Нарантуяад /РД:/,

          - 425.400 /дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан Даваажавын Эрдэнэдаваад /РД:/,

          - 160.000  /нэг зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан Дагийранзын Гамд /РД:/,

          - 208.764 /хоёр зуун найман мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан Даваасамбуугийн Шоовдорт /РД:/,

          - 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Алтанбаганын Оюунболдод /РД:/,

          - 745.400  /долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан Энхболдын Уртнасанд /РД:/,

          - 113.000/ нэг зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулан Тогтохдоржийн Төрбатад /РД:/,

          - 1.952.000 /нэг сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Батболдын Жанчивт /РД:/ тус тус олгосугай.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ