Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00194

 

   Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалтай,

            Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

            А.С-д холбогдох

            12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлд: А.С- нь 2013 онд 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 6 сараас хүү мөнгө нь орж ирэхгүй болсоноор мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаад хүү нь 6.600.000 төгрөг болсон. Иймээс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр очиж А.С-, түүний нөхөр болох А.Галбадрах нартай үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг, түүний хүү болох 6.600.000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээнд хүү болох 6.600.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар 2015 оны 01 дүгээр сараас үндсэн 5.000.000 төгрөгөөс хүү дахин тооцох гэрээ хийсэн. Энэ хугацаанд ямар ч мөнгө төлөгдөөгүй гэрээнд заасны дагуу хүүнд 900.000 төгрөг нэмэгдэж хүүний төлбөр 7.500.000 төгрөг болсон. 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд удаа дараа утсаар ярьж 2 удаа очиж уулзаж мөнгөө шаардаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин гэрээ хийсэн. Гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээгээ зөрчсөн. Иймд А.С-эс үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч А.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие нь Д.Н-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Н- бид хоёрын хооронд нэхэмжлэлд дурьдсан шиг 5.000.000 төгрөг өгч авалцсан гэрээ хийгдээгүй. Анх би Д.Н-гаас мөнгө зээлсэн ба тэр нь хэсэг хэсгээр өгч байгаад бараг 5 сая төгрөг өгсөн. Би зээлсэн мөнгөө буцааж хэсэг хэсгээр нь өгч байсан. Сүүлд хийсэн гэрээ бол албан хүчээр дарамталж байж 5 сая төгрөг авсан мэтээр хийлгэж нотариатаар батлуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өгсөн мөнгөнийхөө баримтыг гаргаж өгөх болно гэжээ.

 

             Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.С-эс 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, үлдэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С-эс 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 479 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.С-эс 1.959.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.540.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.940 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С-эс 46.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

              Нэхэмжлэгч Д.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцээгүй байна. Би А.С-д 5 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ хугацаа дуусмагц утсаар ярьж шаардсан. 2014 оны 11 сарын 06-ны өдөр очиж уулзаад 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааг сунгаж, хугацаа хэтрүүлсний хүүтэй нь хамт төлөхөөр болж, хугацаандаа мөнгөө төлж чадахгүй бол өдрийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцоод түүний нөхөр болох А.Галбадрах бид нар гарын үсэг зурсан. Энэ бичсэнийг хүү, хугацаа тогтоосон зээлийн гэрээ гэж би үзэж байна. Энэ гэрээг анхан шатны шүүх хүү тогтоосон бичгийн хэлбэрийн гэрээ гэж үзэж, үндсэн зээл 5 сая төгрөг дээр 2.500.000 төгрөгийг хүүнд тооцож гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ зээлийн гэрээг үнэлж үзэлгүйгээр хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүгээрээ давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үүднээс үндэслэлтэй үнэлж чадаагүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч А.С-д холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 7.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 5.000.000 төгрөг өгч авалцсан гэрээ хийгдээгүй, сүүлд хийсэн гэрээг дарамталж хийлгэн нотариатаар батлуулсан, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргажээ.

            Хариуцагч А.С- нь 2013 оны 9 сараас эхлэн нэхэмжлэгч Д.Н-гаас мөнгө зээлдэг байсан, 5.000.000 төгрөгийг авсан талаар маргаагүй, харин зээлийн хүү болон 2016 оны 12 сарын 08-ны өдөр хийгдсэн гэрээний талаар маргажээ.

         Нэхэмжлэгч Д.Н- нь А.С-тэй амаар тохиролцон зээлийг сарын 10 хувийн хүүтэй өгдөг байсан, үүнийг хариуцагч зөвшөөрч 2014 оны 10 сард энэ тухай бичиж өгснийг 2016 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгаажуулж нотариатаар батлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байх ба гэрээнд үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр төлөхөөр тусгасан байна.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь тодорхой хэмжээний мөнгийг хүүтэй зээлж байсан гэж үзэж болох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээнд зээлийн хүүг ямар хугацаагаар, хэрхэн тооцох талаар тохиролцсон гэж үзэх нөхцөл тусгагдаагүй байх тул хариуцагчийг хүү төлөх үүрэггүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.3-т нийцжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 5.000.000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй байх тул зохигчдын  хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх  дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгч анз гаргуулах тухай шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн анзын зохицуулалтыг хэрэглэж хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байна. 

            Зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанд хариуцагч А.С- нь зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.Н-гийн зээл 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас  нэхэмжлэгч Д.Н-д зээлийн  төлбөрт шилжүүлсэн  баримтуудыг үндэслэн 3.040.200 төгрөгийг  үндсэн  зээл 5.000.000 төгрөгөөс хасч тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дугаар, шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаараас зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

         Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Нэхэмжлэгч Д.Н-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.307 /дөчин зуун мянга гурван зуун долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН