Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 29

 

Д.Д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Ц.Батзориг

                                              Хохирогч  Н.З

                                              Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар захирамжинд прокурорын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 01 дугаартай эсэргүүцлээр, Д.Д  холбогдох эрүүгийн 1726000280008 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Хан хөгшин овгийн Д.Д  

Д.Д  нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны 7 тоот болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамж 05 тоотод 6 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох өөрийн эхнэр Н.З г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хан хөгшин овогт Дэлгэрсайханы Д  холбогдох 1726000280008 тоот эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгчийн захирамжинд гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Д.Д  нь 2015 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны 7 тоотод болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 28 дугаар гудамжны 5 тоотод тус тус 6 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүн болох өөрийн эхнэр Н.З г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Тус аймгийн прокурорын газраас Д.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 24 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 417 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Шүүгчийн захирамжид ...Шүүгдэгч Д.Д  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 6 нөхцөл байдлыг хянахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Д  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Н.З г жирэмсэн байхад нь зодож байгаагүй. Мөн 6 удаа зодсон гэдгийг үгүйсгэж байна” гэж мэдүүлдэг, хохирогч Н.З  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Намайг дарамталж сэтгэл санаа, эд хөрөнгө, бие махбодийн дарамтанд оруулсан. Нэхэмжилж байгаа зүйл гэвэл хамгийн үнэтэй нь миний диплом байна. Мөн хохирлын мөнгө 815000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3, 4.4, 4.5-д тус тус заасан буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Д  холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж дурдсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь эрүүгийн 1726000280008 дугаартай хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн гэх баримт байхгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн хэрэг нь хуульд заасан дараах шаардлагыг хангаж байж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна гэж үзэх үндэслэл бий болох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана”, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд эдгээр шаардлагуудыг хангасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг байна гэж үзэхээр ойлгогдож байна.

Харин Д.Д  холбогдох хэргийн хувьд дээрх шаардлагуудын аль ч нь хангагдаагүй. Яллагдагч өөрт ял сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хэргийн оролцогчдоос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаагүй, яллагдагч хохирогчтой сайн дураар эвлэрээгүй, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол гаргаагүй, хэрэг прокурорын хяналтад 14 хоног хянагдаж шүүхэд шилжсэн зэрэг нөхцөл байдлууд нь хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн гэдгийг үгүйсгэж байна.

Эрүүгийн 1726000280008 дугаартай хэргийг шүүх ямар нотлох баримтад үндэслэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хэрэг байна гэж үзсэн нь...

Нэгдүгээрт: Прокурорын санал байх магадлалтай байна. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын саналд хяналтын прокурор Б.Мөнгөншагай нь яллагдагч Д.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар дурдаж, уг саналыг яллагдагч Д.Д  танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Энэ санал нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна. Шалтгаан нь шүүх энэхүү саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 зүйлийн 2, 3, 17.2 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэрэг байна гэж үзэх нь учир дутагдалтай ойлголт юм.

Хоёрдугаарт: Д.Д  холбогдох гэмт хэргийн зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан 16 төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа юм. Тэгэхээр шүүх Д.Д  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр прокуророос шилжүүлсэн байна гэж үзсэн бол мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн болж таарч байгаа юм. Эрүүгийн 1726000280008 дугаартай хэрэгт прокурор 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу хэргийг хүлээн авснаас хойш 72 цаг биш 7 хоногийн дараа хянан хэлэлцэж прокурорт буцааж шийдвэрлэснээс харж болно.

Шүүгчийн захирамж нь хийсвэр нотлох баримтад үндэслэсэн, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Д.Д  холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль хэрэглээний талаасаа шүүх прокурорын хоорондын саналын  зөрүү арилахгүй байгаагаас шалтгаалж хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширч хохирогчийн хохирол улам нэмэгдсэн байдалтай байгаа учраас энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна. Хохирогч урьдчилан хамгаалах байранд байсан. Тэр байранд байрлах хугацаа нь дууссан учраас арга буюу хүүхдээ тэврээд айл руу явсан. Нөгөө хүний заналхийлэл нэмэгдээд их төвөгтэй байдалд байгаа гэв.

Хохирогч Н.З  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Д ын дарамт нэмэгдэж байгаа. Анхан шатны шүүх хурал тараад явж байхад араас машинтай ирээд дарамталсан гэв.

Прокурор Ц.Батзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх  ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Д.Д  холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх хоёр тусдаа ойлголтыг хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан байна.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй бөгөөд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах, хэрэв прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах, прокурор мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихаар хуульчлан тогтоожээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан ердийн журмаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаас гадна, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулагдсан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан бөгөөд уг зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргүүдийн зарим төрлийн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулагдсан бол хорих ял оногдуулж болох зарим төрлийн гэмт хэргийнх нь хорих ялын дээд хэмжээ 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, эдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичин, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулсан байх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тухайн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гаргахаар заасан байгаа болно.

Д.Д  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дээрх хоёр өөр төрлийн зохицуулалтыг буруу ойлгон тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4-т заасан ажиллагааг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Д  холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Д.Д  холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн дугаарыг буруу бичсэн /хх-ийн 120х/, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчдод танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Д  холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                             ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА                      

                                                                                                  Н.ЭНХМАА