Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 169

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.В.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Д.Д нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2007 оноос газар ашиглаж байгаад 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/168 дугаар шийдвэрээр нэгж талбарын 136004/0299 дугаар бүхий 500м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болсон. 

Газар ашиглах эрхийн хугацаа дуусч байсан тул газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргасан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжаар хүчингүй болгосныг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны албан бичгээр мэдэгдсэнийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор гомдол гаргасан. 

Хариу бичгийг Нийслэлийн газрын албанаас өгсөн ба хүлээн авах боломжгүй байна гэжээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжийн холбогдох заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн, газар эзэмших эрхээ сэргээлэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжийг хүчингүй болгосныг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нийслэлийн Газрын албанаас уг албан бичгийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжийн холбогдох заалтад дурдагдсан газрыг гэрээнд заасны дагуу ашиглаж байсан ба мөн газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд зааснаар цуцлах үндэслэл бүрдээгүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Авто зогсоол”, “ил зогсоол” гэсэн ойлголт хуульд байхгүй. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441 дүгээр зүйлийн 441.2.3, 56 дугаар зүйлийн 56.10-т зөвхөн машин зогсоол л гэсэн үг байгаа. Өөрөөр хэлбэл автомашины зогсоол гэдгийг шууд зааж өгөх ёстой байсан. Мөн Авто замын тухай хуульд “авто зогсоол” гэсэн байна. Зогсоолууд нь авто зам, усан зам, галт тэрэг ... гэх мэт задардаг. Ил зогсоол гэсэн үг аль ч хуульд байхгүй. Тусгайлан зааж өгөөгүй мөртлөө автомашин зогсоох ёстой гэж шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж хариуцагчийн зүгээс тайлбартаа хэллээ. Сансраас авсан зураг бол зогсоолд машин байхгүй үед нь авч болно. Үүнийгээ зөрчил гаргасан гэж үзэж болохгүй. Дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэлд дурдагдсан газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн заалт л нэхэмжлэгчид хамаарч байгаа. Бусад нь ямар ч үндэслэлгүй. Мөн шугам сүлжээний бүсэд давхардуулан газар олгосон гэх үндэслэлийг дүүргийн Засаг дарга захирамждаа дурдаагүй тул энэхүү акт нь зорилгодоо нийцэж гараагүй гэж үзэж байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ил зогсоолын зориулалттай, 500 м.кв газрыг иргэн Б.Вд 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар уг газрын эзэмших эрхийн хугацаа дуусч иргэн Б.В нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн а/168 дугаар захирамжаар дээрх 500 м.кв газрыг ил зогсоолын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар иргэн Б.Вгийн эзэмших эрхийн хугацааг сунгасан байна. 

2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Газрын алба болон иргэн Б.Вгийн нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт, илт зогсоол” гэж тодорхой заасан. 

Иргэн Б.В нь эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, хашаа барьж, дотор нь нэг гэр барьсан байдалтай байгаа. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй...” бол газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгоно гэж заасан. 

Иймд нэхэмжлэгчийг эзэмшил газраа гэрээнд заасны дагуу ашиглаж байсан гэж үзэх боломжгүй тул түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдсэн байсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 3.5 “...Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, сүлжээний хамгаалалтын бүс, ундны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, захирамжийг судлан үзэж хүчингүй болгох...” гэж заасан бөгөөд иргэн Б.Вгийн эзэмшиж буй газар нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон байсан тул маргаан бүхий захирамжаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түүний газар эзэмших эрхийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн а/152 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн гэж дурджээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших  эрхийн хугацааг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуусч байгаа болохыг мэдэх бүрэн боломжтой, уг хугацаанаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байтал 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үэх үндэслэлтэй байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжаар иргэн Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/88 дугаар захирамжаар иргэн Б.Вд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 500 м.квадрат газрыг ил зогсоолын зориулалттайгаар эзэмшүүлсэн байдаг. Улмаар  газар эзэмших хугацаа дуусч иргэн Б.В нь хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 168 дугаартай захирамжаар газар эзэмших хугацааг нь сунгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр тайлбарладаг. Үүнд: Газрын тухай хуульд зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж тайлбарладаг. 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.В нь Баянзүрх дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д газар эзэмших зориулалтыг нь тодорхой заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь эзэмшил газраа гэрээнд заасны дагуу ашиглаагүй, тойруулан хашаа барьж, хашаан дотроо гэр барьсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга А/152 дугаартай захирамж гарган иргэн Б.Вгийн газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчөөгүй юм. Мөн А/152 дугаартай захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан захиргааны акт гаргасан гэж маргадаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тогтоолын 3 дугаар зүйлийн 3.5-д Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж, орчны нийтийн эзэмшлийн зам талбай, автомашины зогсоол, явган хүний гарц, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, сургууль цэцэрлэгтэй холбоотой авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэр бүсэд газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлсэн, барилга барих эрх олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэж заасан байдаг. Дээрх тогтоолд заасны дагуу иргэн Б.Вгийн эзэмшлийн газар нь шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон тул түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцуулж газар олгосон тул энэхүү тогтоолд зааснаар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл иргэн Б.Вгийн газар эзэмших эрхийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Энэхүү шийдвэрийг өөрөө мэдэх боломжтой байсан. Газар эзэмших хугацаа дууссан өдрөөс 30 хоногийн өмнө дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргах ёстой байтал гаргаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч 2016 онд гарсан захирамжийг 2017 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Иргэн Б.В нь газар ашиглах гэрээнд зааснаар газрын төлбөрийг 2012 оны оноос хойш төлөөгүй байдаг. Дунд нь 2 жил л төлбөрөө төлсөн. Эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй, уг газрыг цэвэр болон бохирын шугам сүлжээний 2010 оны кадастрын зурагтай давхацсан тул газар эзэмших эрхийг нь сэргээх боломжгүй. 2016 онд иргэн Б.Вгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай тайлбар инженерийн шугам сүлжээтэй давхацсан, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байдаг. 2016 онд инженерийн шугам сүлжээнд давхцуулан газрыг олгосон дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Б.Вгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Тэрээр газрын алба гэрээнд заасны дагуу зориулалтаар нь эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн хугацааг сунгалгүй хууль буруу тайлбарлан хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 500 м кв газрыг “ил зогсоол”-ын зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/168 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгажээ.

Дүүргийн газрын алба болон газар эзэмшигч Б.В нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт; ил зогсоол” гэж, нэхэмжлэгчийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэтдээ тухайн газрыг ил зогсоолын зориулалтаар эзэмшдэг гэж, 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0060997 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд “ил зогсоол”-ын зориулалтаар гэж гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд маргаан бүхий газрын зориулалт нь дээр дурдсанчлан “ил зогсоол”-ын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэсэнтэй нийцсэний дээр талууд маргаан бүхий газрын зориулалтыг “ил зогсоол” гэж тодорхойлжээ.

Ийнхүү газар эзэмшигч Б.В ил зогсоолын зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгон, газрын албатай  гэрээ байгуулан эзэмшиж байсан хэдий ч уг маргаан бүхий газартаа хашаа хатган, дотор нь нэг гэр барьсан байдалтай байгаа нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамж хууль зөрчөөгүй.

Учир нь хариуцагчийн дээрх шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”  гэсэн зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв. 

Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж, орчмын эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам, сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон, эрх шилжүүлсэн барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох;” гэснийг маргаан бүхий акт гаргахдаа үндэслэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг буруутгахааргүй байна.

Түүнчлэн маргаан бүхий 2016 оны А/152 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Вд холбогдох хэсгийг шугам сүлжээний хамгаалалтад орсон, зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмшигчид холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн гэж дүгнэв.

Учир нь Баянзүрх дүүргийн Засаг дарга анх 2007 оны 85 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг тус тус зөрчиж шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09/637, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/417 дугаар албан бичгүүд түүний хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий газар нь цэвэр, бохир усны хамгаалалтын зурвастай давхцалтай байгаа тухай зурган мэдээллээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-д “......хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг иргэн...д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж хуульчилснаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга энэхүү шугам  сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй байна. 

Мөн нэхэмжлэгч маргаан бүхий газрын төлбөрөө 2012 оноос хойш төлөөгүй хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай  байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул  бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн Б.Вд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.Вгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР