Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0502

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, Ц.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... “К” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025805 дугаарт бүртгэн авч, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар, энэ хуулийн 15.2.1, 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор, энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-14 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 112  дугаар зүйлийн 112.1.1-д “Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох болон хянан шийдвэрлэх чиг үүргийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан эрх бүхий холбогдох байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход дэмжсэн санал өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 15.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.1-д заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул “К” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаар шийдвэр нь үндэслэлтэй байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан холбогдох байгууллагаас санал авахад Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу хуулийн шаардлагыг хангаагүй тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ :

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр шийдвэртэй хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй болно.

   Нэхэмжлэгч “К” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-011921 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “Шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн” гэсэн үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актаар “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт дулаан нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011921 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан байгууллагуудаас санал авахад Тагнуулын төв байгууллагаас тусгайлан саналгүй, Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал өгөх боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн” гэх үндэслэлээр “К” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Хариуцагч тал “... Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.8-д заасан шаардлагыг хангаагүй тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн” гэж давж заалдах гомдол гаргасан.

Цөмийн энергийн тухай хуулийн 112-ийн 112.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 112.1.1-д “Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ”, 15.2.2-т “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах”, 18 дугаар зүйлийн 18.3-д “Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно”, 18 дугаар зүйлийн 18.8-д “... энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ... тус тус санал авсан байна”  гэж заажээ.

Тодруулбал, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас саналыг авч, хуульд заасан шаардлага хангасан өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд тусгасан байна.   

Тагнуулын төв байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 дүгээр албан бичигт “... цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхэд манай зүгээс тусгайлсан саналгүй”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаар албан бичигт “... Дээрх талбайд ашиглах тусгай зөвшөөрөл “Б э” ХХК-д олгогдсон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй байна”, Цөмийн энергийн комиссийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр хуралдааны тэмдэглэлд “... “К” ХХК-ийн хүсэлтэд санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв” гэсэн саналуудыг хариуцагчид хүргүүлжээ .

Анхан шатны шүүх дээрх албан бичгүүдийг тодруулгын шинжтэй байхад саналыг дахин авалгүйгээр санал өгөхөөс татгалзсан гэж үзэж захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу байна.

Учир нь дээрх байгууллагуудын саналууд нь нэхэмжлэгчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шууд утгаар бичээгүй байх боловч агуулгаас нь үзвэл зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэж үзэхээргүй, харин ч дэмжээгүй агуулгатай, ямар нэгэн байдлаар нөхцөл байдлыг дахин тодруулахаар санал гаргаагүй төдийгүй хуульд дахин санал авахаар заагаагүй байна.

Тодруулбал, хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох байгууллагуудаас саналыг авсан, түүнийг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй, уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн” гэж гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “К” ХХК-ийн ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж, энэхүү өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 540 дүгээр шийдвэрээр “Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” байна.

    Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар ... ” гэж заасан.

   Тодруулбал, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг судлаад, 6-12 сар дотор өргөдлийг хянан шийдвэрлэхээр” хуульчилсан байна.

    Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч нь “К” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүртгэн авч, хянаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Гэхдээ хариуцагч нэгэнт хуульд зааснаар холбогдох ажиллагааг хийж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байхад өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай” 77 дугаар зарлигийн 3-т “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх... асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг Төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон” байна.

   Өөрөөр хэлбэл, Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр байна.

   Хариуцагч нь “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн болохоос зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй тул уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэсэн хариуцагчийн зөв юм.

 Энэхүү үндэслэлээр гомдол гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх бөгөөд, анхан шатны шүүхийн “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй маргаан бүхий захиргааны акт гаргасан гэж дүгнэсэн нь буруу, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

    Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж Ц.Бг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон байна.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О “Ц.Б нь өмнө нь уг хэрэгт гэрчээр асуугдаж байсан” гэсэн тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус захиргааны хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байна.   

   Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг ... хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага хуульд заасан эрхийнхээ хүрээнд Ц.Б-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, энэхүү эрхэд шүүхээс халдах боломжгүй. Харин гэрчийн мэдүүлгийг хэрхэн, яаж үнэлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул Ц.Б-ийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 112.1, 112.1.1, 18 дугаар зүйлийн 18.8, 18.9-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын XV-011921 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

      ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

                   ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР