Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          11                                  2020/ШЦТ/871                              

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч П.Х , Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Х, Т.Х нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01535 0823 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, П.Х,

2. Монгол Улсын иргэн, Т.Х

Холбогдсон хэргийн талаар:

П.Х , Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр иргэн Ц.Э той маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах  ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э ын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний автобусны буудал дээр таксинаас буугаад Хаан банкны АТМ-ын хажуугаар явсан чинь хажуугаар өнгөрч байсан гурван залуугийн нэг нь намайг заамдаад авсан чинь нэг жаахан залуу хажуунаас ирээд цохиод авсан. Тэгээд намайг бариад байхаар нь би өшиглөсөн бас нэг цохисон. Гэхдээ бараг онож цохиогүй байх. Тэр гурав нийлж газар унагаж байгаад баахан цохиж байгаад хаяад таксинд суугаад зугтаах гэхээр нь тэр хэдийн суусан машины урдуур нь орж замыг нь хааж зогсож байсан чинь азаар хажуугаар цагдаагийн машин явж таараад тэр хүмүүсийг бариад цагдаа дээр авч ирсэн. Одоохондоо миний зүүн нүдний доод тал, баруун нүдний дээд талд хавдсан, зүүн дээд шүд өвдөөд байна. Яг энд тэнд гэж хэлж мэдэхгүй байна. Маргааш өглөө болохоор миний бие яасан нь хөндүүрлээд мэдэгдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гончигсүрэнгийн өгсөн: ...Маргаан юунаас болсныг нь мэдэхгүй байна. Х, Х хоёрыг мөрлөсөн юм шиг байсан. Түүнээс болж хэрэлдээд хохирогч гэх залуу янз бүрийн үг хэлж дайрч давшлаад надтай хэрэлдэж байгаад намайг боохоор нь Х, Х  хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисноо зодоон эхэлсэн. Х, Х  хохирогчийг цохисон үгүйг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3672 дугаартай шинжээчийн:

1. Ц.Э ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт, баруун шанаа, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Х ын: ...2020 оны 03 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр явж байхад хохирогч намайг мөрлөөд өнгөрсөн. Би эргэж хараад надаас уучлалт гуйх байх гэж бодоход замаа хараач 3 пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө ирж мөрлөчихөөд яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд өөдөөс учир зүггүй муу 3 бацаан минь ална шүү, хядна шүү гээд дайраад байсан. Эхлээд надтай маргалдаж байснаа дараа нь Х, Х тай маргалдаж байгаад хамгийн сүүлд Гончигсүрэнтэй маргалдаад зодолдох гэж байснаа болиод явах гэж байсан. Тэгтэл Х, Х  чи миний ах нарыг ингэж хэлж болохгүй гээд орж ирсэн. Тэгтэл хохирогч цохисон эсхүл алгадсан. Тэгээд зодоон эхэлсэн. Хохирогч манай дүүг цохихоор нь түүний шанаа руу нь 3-4 удаа цохисон байгаа. Тэгтэл Гончигсүрэн намайг татаад авахад хохирогч манай дүү Х, Х той зодолдоод байсан. Би дүү Х, Х ийг салгаж аваад хохирогчийн шанаа руу дахиж нэг удаа цохиход намайг зөрүүлж цохиод угзраад татахаар нь бид 2 газарт унаад би түүнийг одоо ингээд салъя гуйж байна гэхэд та нарыг одоо ална гээд гар утсаа гаргаж ирээд хүн дуудах гээд байсан. Тэгэхээр нь би одоо больё, салъя гээд таксинд суугаад хөдлөх гэж байхад хажуугаар цагдаа нар явж байгаад таараад бид нарыг барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчар өгсөн Т.Х, Х ийн өгсөн: ...Тэгэхээр нь би барьж явсан юмаа газарт тавиад хохирогч руу очоод түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгтэл хохирогч цүнхээ шидээд над руу дайраад миний нүүр рүү цохих гэж байгаад хальт цохиод миний мөр лүү цохисон. Тэгээд дахиад миний зүүн талын сүүж рүү цохих шиг болсон. Тэгээд ТҮЦ-ний хажууд хохирогчийн зүүн талын хавирга орчимд 2-3 удаа цохисон. Тэгээд салаад ярилцаад одоо болно, бие биедээ гай болохгүй явъя гэхэд хохирогч буцаж ирээд над руу дайраад намайг цохих гээд байхаар нь Х, Х  ах түүний нүүр лүү нь мангасдахад газарт унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

- Шүүгдэгч П.Х , Т.Х нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 28, 38, 39, 82, 83 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            П.Х , Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр иргэн Ц.Э той маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Э ын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн П.Х , Т.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3672 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х , Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 15-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр иргэн Ц.Э той маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Хохирогч Ц.Э  нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх 128.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас гаргах нь зүйтэй байна. /хх-ийн 19, 24 дүгээр тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч П.Х , Т.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Х , Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Х, Т.Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Х , Т.Х нарыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Х , Т.Х нарт тус тус оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт  битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Х , Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Х  /РД:/-аас 64.000 /жаран дөрвөн мянган/ төгрөгийг, Т.Х /РД:/-оос 64.000 /жаран дөрвөн мянган/ төгрөгийг буюу нийт 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Цогтсайханы Эрдэнэ-Очир /РД:/-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Х , Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ