| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0757/Э |
| Дугаар | 872 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 872
2020 05 11 2020/ШЦТ/872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Ц.С , түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг ҮД:01-89, Ш.Бадмаараг ҮД:07-52,
хохирогч М.У , түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр ҮД:01-48,
гэрч М.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.С т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010 00170 0722 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.С
Холбогдсон хэргийн талаар:
Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Офицер таун” хотхоны 2-705 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл хамаарал бүхий хүн болох эхнэр М.У ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.У мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай нөхөр болох Ц.С надад гар хүрсэн. Тухайн болсон үйл явдлыг санаж байсан болохоор манай дүү рүү хэргийг гүтгэсэн. Дараа нь бас удаагүй дахиад гар хүрээд хэргээ хүлээхгүй, уучлалт гуйхгүй байсан. Тэгээд намайг ганцаараа зодож байхдаа “орил, орил чамайг хэн ч сонсохгүй” гэж хэлдэг. Өмнө нь зөндөө олон удаа гар хүрч байсан. Өмнөх хэргийг Одоо сүүлийн 2 хэрэгт би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шүүгдэгч Ц.С нь буруугаа ойлгоод хоёр хүүхдээ бодоод гомдолгүй байна. Эмчилгээний зардлыг шүүгдэгч Ц.С төлж барагдуулсан. 5-6 сарын дараа хагалгаанд орох шаардлагатай байгааг шүүгдэгч Ц.С мэдэж байгаа. Баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.У ын өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 07-ний өдөр ялихгүй зүйлээс болж жаахан маргасан байсан бөгөөд мартагдаад өнгөрсөн байсан. Ингээд миний төрсөн дүү шинэ байранд орчихсон байсан болохоор бид гурав хамт ширээнд сууж жаахан идэж уусан. Нөхөр бид хоёр гаднаас 2 шил архи аваад орсон. Ингээд унтах гээд ариун цэврийн өрөөнд сууж байтал хаалга онгойгоод үгийн зөрүүгүй шууд нүүр лүү цохьж татаж унагаагаад дахин нүүр лүү цохисон. Ингээд би орилсон чинь дүү сэрээд босч ирээд миний нүүрийг харчихаад та яаж байгаа юм бэ гэхэд би зодоогүй, Урангоо чи зодсон шүү гээд байсан. Энэ үед гаднаас цагдаа орж ирээд Ц.С ыг бариад явсан. Би гэмтэлд очиж үзүүтэл нүүрний зүүн талын хэсэгт яс хугарал гэмтэл учирсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр М.Урангоогийн өгсөн: ...унтаж байтал үүрээр 05 цагийн орчим эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь би босоод хартал Ц.С ах Учрал эгчийг заамдаж барьсан байдалтай байсан. Тэгэхээр нь би салгаад эгчээс юу болсон талаар асуухад юм дуугарч чадахгүй чичрээд байсан. Тухайн үед Ц.С гэнэт чи эгчийгээ зодчихлоо, би арай ингэж зоддоггүй шүү дээ гээд чарлаад байсан. Би бүр гайхаад та юу яриад байгаа юм бэ? би сая унтаж байгаад эгчийг орилох чимээнээр сэрлээ шүү дээ гэхэд би гар хүрээгүй шүү гээд байсан. Харин хажуу талаас эгч Ц.С ямар муухай юм бэ чи сая намайг ариун цэврийн өрөөнд сууж байхад зодсон биз дээ дандаа ингэж худлаа хэлж байх юм. гэж хэлсэн. Тухайн үед манай хөрш айлд энэ байдал сонсогдсон бололтой цагдаа дуудсан байсан...Ц.С эгчийг зодсоноос болж нүүрний яс нь цөмөрсөн байсан бөгөөд хагалгаанд ороод ипплант суулгасан. Эгчийн биед учирсан гэмтлийг Ц.С ах учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр С.Эрдэнэсувдын өгсөн: ...ер нь урд нь бас л зодож нүүрийг аймаар болгочихоод хагалгаанд орж байхад би зодоогүй, наадах чинь өөрөө унасан гээд байсан. Би яагаад тэр хүнийг эгчийг зодчихоод бид нарыг харчихаад үгүй гэж мэлзээд байдгийг ойлгодоггүй юм. Их муухай хүн дээ. Хүний хажууд эгчийг зодохгүй, архи уулгаж байгаад зодчихоод өөрөө унасан гээд дандаа хэлдэг...гэх мэдүүлэг /хх-н 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр С.Цэцэгмаагийн өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын дундуур байсан байх Ц.С нь дүү Урангоогийн гэрт миний охиныг зодоод нүүрэнд гэмтэл учруулсан байсан бөгөөд тухайн үед ээжийн бие муу болохоор бид шүүх эмнэлэг энэ тэр гэж явж чадаагүй. Ингээд Учралыг хагалгаанд оруулж нүүрний хэсэгт нь хиймэл яс суулгуулсан байгаа. Ингээд хагалгаа хийгдээд удаагүй байхад нь дахин зодож урьдны гэмтлийг сэдрээсэн байгаа. Нэг муухай юм нь гэвэл Ц.С миний охиныг зодчихоод би зодоогүй, өөрөө унаад ийм болчихсон би огт гар хүрээгүй гэж дандаа хэлдэг. Урьд нь зодчихоод утсаар ярьсан чинь би зодоогүй гээд байсан. Уулзаад эвээр яриад суухаар би зодсон юм аа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр О.Оргилсанаагийн өгсөн: ...би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 24 цагаар жолооч, цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Билгүүний хамт Улиастай-113 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд 10 дугаар сарын 08-ны өглөө 05 цаг 08 минутанд 94010717 гэх дугаараас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, сүүлд баригдсан тод цэнхэр өнгийн барилгын 1 дүгээр орц, 7 давхар 705 тоотод эхнэрээ зодоод байна гэсэн дуудлаганд очсон. Би тухайн үед ойрын дуудлагатай явж байсан болохоор хурдан очсон...намайг лифтэнд суугаад 7 давхарт гарах үед эмэгтэй хүний уйлах чимээ сонсогдож байсан. 705 тоот руу ороход хоёр эмэгтэй нэг бага насны хүүхэд, нэг залуу байсан ба хүүхдээс бусад нь согтуу байсан. Харин бага насны хүүхэдтэй эмэгтэй айсан шоконд орсон байдалтай уйлж орилоод байсан. Хохирогч Учрал гэх эмэгтэй цээжээрээ ганц хөхний даруулгатай нүцгэн, биеийн ил хэсэг болон өмссөн хувцаснууд нь цусаар будагдсан, нэг нүд нь шинэхэн цохигдож хавдсан юм харах боломжгүй болтлоо хавдсан, хамарнаас нь цус маш их гарсан байдалтай байсан. Тэгэхэд Учрал гэх эмэгтэй би нөхөртөө зодуулсан гэж хэлэхэд Ц.С гэх залуу бага согтолттой би зодоогүй гэж сандарч, айсан байдалтай хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 1732 дугаартай шинжээчийн:
1. М.У ын биед 2019 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүд учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй. Харин амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр М.У ын биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдож байна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн толгойн компьютер, томографийн шинжилгээгээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 95-98 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-31, 34, 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Офицер таун” хотхоны 2-705 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл хамаарал бүхий хүн болох эхнэр М.У ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогч М.У ын өгсөн мэдүүлэг, гэрч М.Урангоо, С.Эрдэнэсувд, С.Цэцэгмаа, О.Оргилсанаа нарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн Ц.С ын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.С ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц. Ц.С ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч М.У нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байх ба түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан байна.
Иймд Ц.С ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогч М.У ын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн, цаашид дахин хагалгаанд орох талаар мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогч М.У цаашид гарах гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн санал хүсэлтийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.С ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С т оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч М.У нь гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ