Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 30

 

С.Г , Б.Н  нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                        Прокурор Ж.Очирбат     

                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч   Л.Энхтунгалаг

                                        Шүүгдэгч С.Г  /цахим сүлжээгээр/

                                         Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Г ын өмгөөлөгч Л.Энхтунгалагийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлоор, С.Г , Б.Н  нарт холбогдох эрүүгийн 201715010078 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Модчин овгийн С.Г  

Монгол Улсын иргэн, Боржигин овгийн Б.Н

Шүүгдэгч С.Г  нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Н  нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч С.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас С.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Б.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Модчин овгийн С.Г ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигин овгийн Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Модчин овгийн С.Г ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Б.Н ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г од оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ад оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, шүүгдэгч С.Г , Б.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Г ын эзэмшлийн 49-95 ӨВР улсын дугаартай “Хонда Сивик” маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н ын эзэмшлийн 3 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г ын өмгөөлөгч Л.Энхтунгалаг гаргасан давж заалдах гомдолдоо: С.Г  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хужирт суманд найз Н ыгаа барилдах уу гэхэд нь барилдаж байгаад улмаар нүүр халцаллаа гэж уурлаад цохин биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийн чин сэтгэлээсээ гэмшин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан ба хохирогч Н  нь гомдол саналгүй гэж байгаа болно.

Анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ялыг хуульд заасан бүхий л хөнгөрүүлэх байдлыг харгалзан оногдуулсан боловч түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл бүрдсэн ба шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөх боломжтой байх тул түүний шийтгүүлж буй зүйл нь хорихоос өөр торгох ялтай байгааг харгалзан түүнд оногдуулсан ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолыг хянан үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Г ын өмгөөлөгч Л.Энхтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, төлбөрийн чадвартай гэдгээ тодорхойлж чадсан тохиолдолд торгуулийн ял оногдуулж болох учраас торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэв. 

Прокурор Ж.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г ын өмгөөлөгч Л.Энхтунгалагийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ХЯНАВАЛ

Шүүгдэгч С.Г  нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт согтуугаар хохирогч Б.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Н  нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт согтуугаар хохирогч С.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч С.Г , Б.Н , гэрч Ж.Э нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6869 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28х/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 80х/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2х/, зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч С.Г  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулах үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг бүхэлд нь “12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г од оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөхийг дурдсугай...” гэж,

9 дэх заалтын “...шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай гэснийг...” “...шүүгдэгч С.Г од Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэж,

11 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н , С.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэх болохыг дурдсугай”  гэж өөрчлөн,

4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Г ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Шүүгдэгч С.Г  нь 65 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж   болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА                      

                                                                                       Н.ЭНХМАА