Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0493

 

"А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах, “А т” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... 2020 оны 05 дугаар сард би өөрийн биеэр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөриөө төлөхөд тусгай хамгаалалтад авсан гэх мэдээллийг огт мэдэгдээгүй, төлбөрөө ердийн журмаар төлөөд л явсан. Дараа нь Их Хурлын тогтоолын гарч тусгай хамгаалалтад авсан мэдээг сонссон боловч хүчингүй болгоно гэж үнэндээ бодоогүй, харин нөхөн олговрын материалаа бүрдүүлэх байх гэж бодож Кадастрын хэлтэс дээр очтол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдсэн.

Манай тухайн талбайд 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба техник хэрэгсэл худалдаж авах, түрээслэх бичиг баримт бүрдүүлэх гэх мэтэд маш их хугацаа хөрөнгө зарцуулж, ордын нөөцийг дуустал ажиллана гэж итгэж найдан зээл барьцаа тавьж байж ажлаа эхлүүлж байсан.

Шүүхийн шийдвэрт дурдсан шиг удаа дараа ноцтой зөрчил гаргасан асуудал огт байхгүй бөгөөд орон нутагтайгаа хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн хэвийн ажиллаж ирсэн. Харин аймгийн мэргэжлийн хяналтын алба жил болгон уурхайд эрсдлийн үнэлгээ хийдэг бөгөөд манай компани ихэнхдээ бага, харин нэг удаа дунд эрсдэлтэй үнэлгээ авч, технологийн мөрдөлтөө сайжруулах үүрэг даалгавар авч байсан, хариуцлага ч хүлээж байсан. Гэхдээ танай тусгай зөвшөөрлийг цуцлана, хүчингүй болгоно, ноцтой зөрчил гаргасан гэдэг мэдэгдэл шаардлага авч байгаагүй, хууль дүрмээ мөрдөж ажиллахыг хичээж ирсэн. Удаа дараа ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр лицензийг цуцласан тохиолдолд компанийн хувьд эдийн засаг санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж дампуурах, өр төлбөрөө төлж чадахгүйд хүрэх гэхчлэн ямар үр дагаварт хүрэхийг би төлөөлөхгүй байна. Манай копманийн хувьд Байгаль орчны яаманд ихээхэн хэмжээний нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө байршуулсан байгаа ба энэ хөрөнгөөр үлдэгдэл нөхөн сэргээлтээ хийх, орон нутагт зарцаалахаар төлөвлөсөн ажлууд ч байгаа юм.

Удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэдэгт огт үндэслэлгүй, харин Их Хурлын тусгай хамгаалалтад авсан тогтоол гарснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хууль бус гэж үзэж байна. Харин Кадастрын хэлтэс нь тусгай хамгаалалтад авсныг бүртгээд манайд мэдэгдэж, Ашигт малтмал газрын Тосны газар нь нөхөн олговрын материалаа бүрдүүлэх хугацаа тогтоож мэдэгдэх байсан гэж миний хувьд үзэж байна. Миний хувьд Их Хурлын тогтоол гартал ямар нэгэн зөрчилгүй хууль дүрмаа мөрдөн ажиллаж байсан манай компанийн асуудлыг Төр засаг, Төр засгийн байгууллага нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж найдаж явдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 45 тоот шийдвэрийг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн нь буруу, мөн үйл ажиллагаа явуулахдаа удаа дараа ноцтой зөрчил гаргаж байгаагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ дурдаж, нотлох баримт гаргаж өгсөн. Нотлох баримтаар компанийн ашиглалт олборлолтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд ямар нэг ноцтой зөрчил гаргасан тухай болон удаа дараагийн ноцтой зөрчлийн улмаас тухайн зөвшөөрлийг цуцлах болон хүчингүй болгох тухай мэдэгдэл, албан бичиг хүлээж авч байгаагүй гэдэг нь нотлогдоно.

Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 тоот тогтоолын 6 дугаар зүйлд “... 14.4-т заасан “Удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх ба ноцтой зөрчил гэж тусгай зөвшөөлийн нөхцөл шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад хохирол учруулсан буюу хохирол учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон актуудад удаа дараагийн ноцтой зөрчлийн тухай огт дурдагдаагүй бөгөөд жил тутмын ээлжит хяналт шалгалтын үр дүн, гарсан зөрчлийг арилгах талаар дурдаж, үүний дагуу нэхэмжлэгч компани холбогдох арга хэмжээг авч хариуцлагаа хүлээсэн байдаг.

“А т” ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчил байсан гэх үйл баримт тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёстой тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Шүүхэд хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан 3 тайлбар, “А т” ХХК-д өгсөн гомдлын хариу байгаа. Эдгээрээс ганц дээрч хариуцагч удаа дараа зөрчсөн үндэслэл, нотлох баримтыг дурдаагүй, гаргаагүй, шүүх хуралдаанд ч яригдаагүй. Хэрвээ хариуцагч шүүхийн шийдвэрт дурдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актуудыг удаа дараагийн ноцтой зөрчлийн нотлох баримт, үндэслэлээр дурдсан, эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан бол нэхэжлэгчийн зүгээс мөн мэтгэлцэж, өөрийн үндэслэл, нотлох баримт, үгүйсгэх байр сууриа илэрхийлэх байсан. Шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийн өмнөөс удаа дараагийн ноцтой зөрчлийн талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, зөрчиж энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөр эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, тусгай зөвшөөрлийг олгох, дуусгавар болгох, цуцлах үндэслэл зэргийг дэлгэрэнгүй зохицуулсан байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасныг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх эрхтэй, харин тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох эрх олгогдоогүй гэдгийг шүүх анхааран үзээгүй.

Шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох биш нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг заах нь хуулий заалтад нийцэх байсан гэж үзэж байна.

Ашигт малтмал газрын тосны газар нь хууль бус шийдвэр гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрий 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/426 тоот албан бичгийг үндэслэсэн гэсэн байна. Гэтэл дээрх албан бичгүүдэд “ Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож, гэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргад  хувийг илгээн тодорхой заасан. Гэтэ Ашигт малтмал, газрын тосны газар нь уг албан бичгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн дуусгавар болгох үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газраас өгсөн чиглэл болоод хуулийг ноцтой зөрчсөн юм.

Тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээ, хамгаалалтад авснаар Ашигт малтмалын газар нь нөхөн олговрын материалаа бүрдүүлэн ирүүлэх хугацаа тогтоосон мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид явуулж, холбогдох материалыг хүлээн авч, нөхөн олговрын хэмжээг тодорхойлон хэмжээг шийдвэрлэн уламжлах эрх, үүрэгтэй. Хэдийгээр Ашигт малтмалын газар нь нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д заасны дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ баримтлан хууль журам байгаа. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ :

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “А т” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулж, гомдлыг ханган шийдвэрлэлээ.   

            Нэхэмжлэгч “А т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “А т” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянаад, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

            1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн тухайд:

            Маргаан бүхий дээрх захиргааны актаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичгийг тус тус үндэслэн, “А т” ХХК нь MV-002247 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон” шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг “Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” 08/17/200 акт, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 22/231 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалт, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 22/138 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалт, Хэнтийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 166 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалт”-аар тогтоогдож байна гэж үзжээ. 

Дээрх мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлөөс үзвэл нэхэмжлэгч “А т” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан гэх Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204 тоот албан бичигт “... Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож...”, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичигт “... дээрх тогтоолын дагуу “А т” ХХК-ийн MV-002247 ... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгож ...” тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай дурдаад, хувийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлжээ.  

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай ... хуулиар тус тус зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг дуусгавар болох, 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг заасан.

            Эндээс үзвэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичгүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийг баримтлах, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийг баримтлахаар холбогдох хуулиудад тусгажээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “А т” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан, холбогдох хууль, албан бичигт дурдсан Ашигт малтмалын тухай хуулийг баримтлаагүй, мөн нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг үндэслэлд хамааралгүй Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтд авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаас дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгүүдийг үндэслэлсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тодорхойгүй захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.  

Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэлгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баримтласан нь буруу юм.

2. “А т” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Тодруулбал, хариуцагчаас захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл эс үйлдэхүй байгаа тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах, бусад тохиолдолд боломжгүй.

Анхан шатны шүүхээс эс үйлдэхүй байхгүй гэж даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу юм.

Харин нэхэмжлэгчийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор захиргааны байгууллагын ямар нэгэн үйл ажиллагаа, эс үйлдэхүй байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох бус, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч “А т” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 тус тус баримтлан “А т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.1-д зааснаар ““А т” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                   ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

                   ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР