Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 02

 

2017 оны 02 сарын 10 өдөр     Дугаар 226/МА2017/00002    

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа
Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,
З.Оюунцэцэгт  холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00003/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  хариуцагч З.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндуламын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч З.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор “зээл, зээлийн хүү, алданги 44 100 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгтэй 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “ ММХ”/27 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгосон юм.  “Энх бум” хоршоо нь 35 000 000 төгрөгөөс 2012 онд үндсэн зээл 8 750 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, нийт 10 850 000 төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа мал хамгаалах сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Зээлдэгчээс үлдэгдэл зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дууссан юм. Иймд хариуцагч “Энх бум”  хоршооны захирал З.Оюунцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 26 250 000 төгрөг, зээлийн хүү 4 725 000 төгрөг,  алданги 13 125 000 төгрөг, нийт 44 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 
Хариуцагч “Энх бум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа З.Оюунцэцэг: Манай “Энх бум” хоршоо 2008 онд түүхий эдийг бөөнөөр худалдан борлуулах зорилготой байгуулагдсан. Мал хамгаалах сангаас 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 35 000 000 төгрөгийг 4 жилийн хугацаатай 6%-ийн хүүтэй зээл авсан. 9 дүгээр сарын сүүлээр 35 000 000 төгрөгөөр Өмнөдэлгэр суманд байрлах гурилын үйлдвэрийг бүхэлд нь худалдаж авсан. 2012 онд би өөрийн нэр дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс 40.000.000 төгрөгийн зээл авсан. Би 1 жилийн дараа яг эргэн төлөлтийг нь төлсөн. Хоршоо ажиллуулахад маш олон бэрхшээл гарч байсан. Хоршооны гишүүд гэрээнд заасан байдлаар ажиллахгүй байсан. Зээлийн жилийн дараах эргэн төлөлтийг би өөрийн мөнгөөр төлсөн. 2014 онд би ноолуурын наймаа хийж байх үедээ ноолуураа хулгайд алдаж нилээд их хэмжээний мөнгөний алдагдалд орсон. Би хоршоололтын холбооноос хүмүүс авчирч сумандаа сургалт хийлгэн 150 гишүүнтэй болсон 2015 онд 300 гаруй гишүүнтэй болж өргөжсөн. Гэвч гишүүд санасан хэмжээгээр сайн ажиллахгүй байсан. Миний бие нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 44 100 00 төгрөгөөс зээлийн 26 250 000 төгрөг, хүү 4 725 000 төгрөг, нийт 30 975 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Алданги 13 125 000 төгрөгийг төлж чадахгүй гэв. 
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “ Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс зээл, зээлийн хүү, алдангийн 44 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж,  хариуцагч “Энх бум” хоршооны захирал З.Оюунцэцэгээс 189 225 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж тус тус  заажээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч З.Оюунцэцэг нь давж заалдах гомдолдоо: Манай хоршоо 2011 оны 8 сарын 24-ний өдөр 35 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу Өмнөдэлгэр суманд байрлах гурилын үйлдвэрийг бүхэлд нь худалдан авсан. Гэтэл хоршооны гишүүд гэрээнд заасны дагуу ажиллахгүй байсан тул зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Иймд жилийн дараах эргэн төлөлтийг би өөрөө төлсөн. Гэтэл миний хувиараа хийж байсан ажил алдагдалд орж хувиасаа төлөх боломжгүй болсон. Иймд би үндсэн мөнгө болох 26.250.000 төгрөгийг л төлөх хүсэлтэй байгаа тул энэ хэргийг дахин хянаж шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
           Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулан маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан хариуцагч “Энх бум” хоршооны  дарга З.Оюунцэцэгээс  зээл, зээлийн хүү, алданги 44 100 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Энх бум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь зээлийн төлбөр 26 250 000  төгрөг, зээлийн хүү 4 725 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги  13 125 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан, Хэнтий аймгийн  “Энх бум” хоршооны дарга З.Оюунцэцэгтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 35 000 000 төгрөгийг, 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээл зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиоролцож 2011 оны 08 сарын 24 ны өдөр  “ММХ -02” / 2011/44 дугаар бүхий  зээлийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 
Хариуцагч “Энх бум” хоршооны дарга З.Оюунцэцэг нь   үндсэн зээл 8 750 000 төгрөг, зээлийн хүү 2 100 000 төгрөг бүгд 10 850 000 төгрөгийг төлсөн,  одоо  үндсэн зээлийн үлдэгдэл 26 250 000 төгрөг, хүү 4 750 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 13 125 000 төгрөгийг төлөхгүй гэснээ шүүхэд нотлоогүй байна.  
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсний дагуу  зээлдэгч зээлдүүлэгчээс алданги шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 сарын 24 ний өдөр дууссан,  зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх  тул хариуцагчийн   13 125 000 төгрөгийн алдангийг  төлөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 
Анхан шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 189225 төгрөгөөр дутуу гаргуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  224075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “189225” гэснийг “ 378450” гэж өөрчилсүгэй.
2. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДЭНСМАА 

                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                   Я.АЛТАННАВЧ