| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0512/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 530
2020 03 26 2020/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Т д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00511 0588 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Т
Холбогдсон хэргийн талаар:
Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компорт” хотхоны автомашины зогсоол дээр иргэн М.Ө тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 28-ны шөнө орой 11 цагийн үед 63 дугаар байрны зогсоол дээрээс машинаа гаргах гэж байсан. Би тэр үед байрны жижүүртэй маргалдсан. Үл ойлголцсоноос болж маргалдаад нэг нэгнээ цохисон. Тэгээд биднийг жижүүрийг шуурхай ирээд аваад явсан. Хохирогчид 30.000 төгрөг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ө ын өгсөн: ...Би 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 63 дугаар байрны харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 28-ны 00 цаг 20 минутын үед би камерийн өрөө буюу 63 дугаар байрны жижүүрийн өрөөндөө гадна талын хяналтын камераа хараад сууж байтал манай гадна талын автомашины зогсоолд нэг машинтай хүмүүс автомашины хөдөлгөж байхдаа зогсож байсан өөр нэгэн автомашиныг шүргэж харагдсан. Тэгээд манай 63 дугаар байрны 55 тоотод оршин суугч Ганболд гэх залуу тус машин шүргэсэн хүмүүсийн урд очиж тэднийг явуулахгүй байхаар зогсоосон харагдаж байсан. Тэгээд би жижүүрийн өрөөнөөс гарч хэрэг учрал болж байгаа газар очтол Ганболдыг нэг согтуу залуу цохисон. Би тэр залууг Ганболдоос салгаад холдуулахад тэр залуу намайг цохисон юм...
...14.700 төгрөгийн эм авсан, толгойгоо уламжлалтын бариа заслын хүнээр 3 удаа бариулсан. Нэг удаа бариулах нь 10.000 төгрөг өгсөн. Нийт 44.700 төгрөгийн зардал гарсан. Өөр нэмж ярих зүйлгүй, одоо янз бүрийн гомдол байхгүй...
...тэгэхээр нь би жолоо барьж байсан согтуу эрэгтэй хүн рүү “та дөнгөж сая хүний машин шүргэчихлээ шүү дээ ах” гэж хэлсэн. Гэтэл тус хүмүүсээс нэг эрэгтэй ах хүү надтай ирж уулзаад юм яриад зогсож байтал хажуугаас нэг гар орж ирээд миний нүүр рүү цохичихсон. Тэгээд би тус цохисон нөхрийг нь дэгээдэж унагаагаад өөрөө дээр нь уначихсан. Харин нөгөө юм ярьж байсан эрэгтэй хүн намайг араас татаж босгоод намайг холдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10, 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Ганболдын өгсөн: ...Та машин шүргэчихлээ гэж хэлсэн чинь тэр хүн намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн машиныг барьж хөдөлж машин шүргэсэн тэр согтуу хүн нь манай хажуу талын 64 дүгээр байранд байдаг Т /сүүлд мэдсэн гэх/ гэдэг хүн байсан. Би Т тэй хамт байсан арай гайгүй согтолттой эрэгтэй хүнтэй нь юм яриад зогсож байсан чинь миний араас дагз хавь руу байх нөгөө Т гэдэг хүн гараараа цохиод авсан. Би эргэж хараад Т г түлхсэн чинь унахдаа миний куртикнээс татаад цуг унасан. Газар унасан чинь нөгөө хамт явсан арай гайгүй согтолттой залуу нь намайг татаж босгонгуут тухайн байрны жижүүр ах Ө гарч ирээд энд юу болоод байгаа юм бэ гэхээр нь би энэ хүн машинаа хөдөлгөхдөө хүний машин шүргэсэн гэж хэлсэн. Т байрны жижүүрийг хэл амаар доромжлоод Ө , Т нар хоорондоо барьцалдаж авч байгаа харагдсан. Тухайн үед миний хацарнаас цус гараад байсан болохоор би тэрийгээ арччихаад очоод Т гийн араас татаад салгахад жижүүр ах Ө ын хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан. Тэгээд цагдаа дуудаад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг тайлбар өгөөд явцгаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 831 дугаартай шинжээчийн:
1. М.Ө ын биед зовхинд цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Т гийн: ...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд би найзыгаа гаргаж өгөх гээд гараад зогсоол дээр очоод манай найз машинтайгаа хөдлөх гэж байгаад зогсоолд байсан нэг машиныг шүргэчихсэн чинь манай байрны зогсоолын манаач Ө ирээд машин шүргэлээ, гадны машин зогсоол руу орууллаа гээд маргаан болоод би Ө ын баруун зовхи, хөмсөг хэсэгт нь нэг удаа зүүн гараараа цохисон. Ө миний баруун нүд рүү бас цохиод харилцан маргалдсан юм. Удалгүй цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд орсон. Согтуу үедээ хүнтэй маргалдаж цохисон үйлдэлдээ гэмшиж байна, урьд өмнө нь ийм зүйл хийж байгаагүй, анх удаа ийм асуудалд холбогдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Т гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 38, 39 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компорт” хотхоны автомашины зогсоол дээр иргэн М.Ө тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Т гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч М.Ө тай сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Т д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компорт” хотхоны автомашины зогсоол дээр иргэн М.Ө тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ө , гэрч Л.Ганболд, яллагдагчаар өгсөн Д.Т нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 831 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч М.Ө нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлснийг харгалзан шүүгдэгч Д.Т г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Т г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ