Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/00300

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-6-81 тоотод оршин суух, Ваанчи овогт Мөнхбаярын Уянга /РД:ФА90083082/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2-22 тоотод оршин суух, Өнчөүд овогт Оргилын Анхбаяр /РД:УК89112250/-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.Анхбаяр бид 2 оюутан ахуй үе буюу 2008 оноос Турк улсад хамтран 6 жил амьдарч. 2014 онд сургуулиа төгсөж ирээд хамтын амьдралаа үргэлжлүүлсэн. Бидний хүү Анхбаярын Ижлэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн бөгөөд эрүүл энх өсөн бойжиж байна.

Одоо би хүүгийн хамт эцэг эхээрээ тэжээлгэн амьдарч байна. Энэ хугацаанд хүүгийн аав О.Анхбаяр 2 удаа л эргэж ирсэн бөгөөд эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлдэггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй. анхаарал халамжгүй хандаж цаашид яаж амьдрах нь ойлгомжгүй байх болсон тул цаашид түүнтэй хамт амьдарч үр хүүхдээ өсгөнө гэдэгт итгэлгүй боллоо.

Иймд хүү А.Ижлэнд эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчид 2008 оны 10 дугаар сараас Турк улсад хамт амьдарч эхлээд 2014 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж Монгол Улсад хоёулаа ирсэн.

2014 оны 10 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл хамтын амьдралаа үргэлжлүүлэн түрээсийн байранд хамт амьдарч байгаад 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарыг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 2-22 тоотод авга ахынхаа байранд 2,000,000 гаран төгрөгөөр засвар хийж айл гэр болж орсон. Энэ төлбөрийг 2 талын аав, ээж нь гаргасан. М.Уянгын хувьд ирээд магистрт сурч, харин О.Анхбаяр хаан банкинд теллерийн ажилд орсон.

Тэдний амьдарч байсан байрыг О.Анхбаярын аав н.Оргил нь дүү н.Очхүүтэйгээ ярилцаж байгаад О.Анхбаярт шилжүүлэхээр тохирсон байсан.

2016 оны 3 дугаар сард М.Уянга төрөхөөсөө 2 сарын өмнө ээж, аав рүүгээ буюу Эрдэнэт хот руу явсан. Тэндээ 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр амаржиж хүү А.Ижлэнг төрүүлсэн бөгөөд О.Анхбаяр ч 7 хоногийн чөлөөгөө авч, М.Уянгыг асарсан. Мөн зуны амралтаараа О.Анхбаяр явж, эхнэр, хүүхдээ асарч, амарч ирсэн. Энэ хугацаанд амьдрал хэвийн зүгээр л байсан.

Үүнээс хойш 2016 оны 9 дүгээр сард салж сарних юм утсаар 2 удаа ярьж, 2016 оны 10 дугаар сарын дундуур гэртээ байсан эд зүйлээ О.Анхбаярын эзгүйд хэлэлгүйгээр ачиж явсан байсан. Ингэхдээ унтлагын өрөөний ком, том өрөөний буйдан, гал тогооны хэрэглсэл аяга, халбага зэргийг авч явсан байсан.

О.Анхбаяр хойноос нь Эрдэнэт рүү явсан боловч М.Уянгын аав н.Мөнхбаяр охинтойгоо уулзуулаагүй юм гэсэн. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлдэггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй, халамжгүй гэдэг нь үндэслэлгүй нь харагдана.

О.Анхбаяр өнөөдрийг хүртэл 9 жил шахуу хамт амьдарсан гэр бүлээ салгах хүсэлгүй, хүүхдээ өнчрүүлэх бодолгүй байгаа. Гэвч М.Уянга нэгэнт цаашид хамт амьдрахгүй гэж байгаа бол юу хэлэх вэ дээ гэж хариуцагч хэлсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Гэхдээ хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна, энэ талаар шүүх шийдвэртээ тусгаж өгнө үү гэж хариуцагч хэлсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Уянга нь хариуцагч О.Анхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүх хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болох талаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.Уянга нь нэхэмжлэлдээ өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч М.Уянга, О.Анхбаяр нарын дундаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Ижлэн төрсөн нь тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн тэдний дундаас төрсөн хүү А.Ижлэнг эхийнх нь асрамжид хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

О.Анхбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү А.Ижлэнг сар бүр эцэг О.Анхбаяраар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү А.Ижлэнг эх М.Уянгынх нь асрамжид хэвээр үлдээж, хүү А.Ижлэнг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Анхбаяраар нь тэжээн тэтгүүлсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг М.Уянга, О.Анхбаяр нарт тайлбарласугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 31,003 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА