| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0525/Э |
| Дугаар | 543 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 543
2020 03 27 2020/ШЦТ/543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.О д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00135 0611 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхонд байрлах “Номин” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Монос” эмийн санд иргэн С.Ч гийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох 2 ширхэг монетон бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 529.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Би эмийн санд даралтаа үзүүлэх гэж ороод сууж байгаад доошоо харсан чинь нэг юм гялалзаад байхаар нь тэр зүйлийг аваад харахад бөгж байсан. Тэгээд манай эмийн сан хаах цаг болсон байна гэж хэлэхээр нь аваад явсан. Маргааш нь бөгжөө өгөх гээд нөгөө эмийн санд ирсэн чинь эмийн сангийн ажилчид шинэ жилийн арга хэмжээнд орсон байсан. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Дархан-Уул аймагт болно гээд би Дархан-Уул аймаг руу яваад бөгжийг өгч чадаагүй. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад очиж мэдэгдэх байсан ч мэдэгдээгүй нь миний буруу гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ч гийн өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оройны 18 цагаас 19 цагийн хооронд Монос эмийн сангийн даралтын аппаратад даралтаа үзүүлэх гээд өөрийн зүүж явсан хоёр ширхэг монетон бөгжөө даралтын аппарат байдаг ширээн дээр тавиад мартаад гарсан. Тэгээд өнөөдөр өглөө 12 сарын 26-ны өглөө гэнэт санаад Монос дээр ирээд камерийг шүүж үзтэл нэг настай эмэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байна. Би өнөөдөр Би тэр хоёр бөгжөө 2008 онд байх Солонгосоос авч байсан. Кольцо нь 250.000 төгрөг, фрикон шигтгээтэй бөгжөө 750.000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд нийт 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...
...Би алдсан 2 бөгжөө бүрэн бүтнээр нь хүлээн авлаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар тал/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-16 дугаар тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 46, 47, 48 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.О гийн: ...2019 оны 12 дугаар сарын 26 байна уу 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” супермаркетын дотор байрлах “Монос” эмийн санд даралтаа үзүүлэхээр орсон. Би тэгээд даралтаа үзүүлэх гээд хувцасаа тайлаад суухад миний хөлний тэр хавьд хоёр гялалзсан юм харагдсан. Тэгэхээр нь би тухайн үедээ монет мөн үү, биш үү гэж харж байхад эмийн сан хаалаа, гараарай гэхээр нь тухайн гялалзаад байсан эд зүйлсийг аваад гарсан. Тэгээд авч явсан өдрийнхөө маргааш энэ нь алт уу монет уу гэж бодоод харж байхад монет гэдгийг нь мэдээд нөгөө эмийн сан дээрээ яваад очиход эмийн сан хаалттай байсан. Эмийн сан хаалтай байхаар нь тэр хавьд байсан хүмүүсээс аптек хэзээ нээх вэ гэхэд мэдэхгүй байна, шинэ жилтэй байгаа гэсэн тул би эргээд явсан. Тэрнээс хойш би тухайн эд зүйлийг хадгалаад байж байгаад намайг цагдаагаас дуудахын өмнөх өдөр тухайн хоёр ширхэг монетон бөгжний нэг ширхэгийг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх гэж санаж байна, Амгалан зах дотор байрлах Хүлэг нэртэй ломбарданд 140.000 төгрөгөөр барьцаалуулсан байсан. Надтай ярьсан байцаагч ломбардыг заалгаж аваад бөгжийг авсан байсан ба би тухайн ломбардны газар руу мөнгийг шилжүүлсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.О гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 52 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхонд байрлах “Номин” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Монос” эмийн санд иргэн С.Ч гийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох 2 ширхэг монетон бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 529.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.О гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч П.Нарантуяад учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч С.Ч гийн зүгээс хохирол бүрэн төлөгдсөн буюу эд зүйлээ биет байдлаар буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч Б.О д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхонд байрлах “Номин” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Монос” эмийн санд иргэн С.Ч гийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох 2 ширхэг монетон бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 529.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Ч , яллагдагчаар өгсөн Б.О нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Ч нь гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-ийн 8-9, 10 дугаар тал/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.О нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.О г бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ