Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 592

 

 

 

 

 

 

 

 

 2020       04          02                                  2020/ШЦТ/592

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч С.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01420 0712 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.О

Холбогдсон хэргийн талаар:

С.О  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-б хэсэг, 26/4 дүгээр байрны 24 тоот гэртээ эхнэр Ж.О тай маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон “дух, баруун зовхи, зүүн хацар, хоёр мөр, ар нуруу, хоёр мөрний гадна хэсэг, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн гуя гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О  мэдүүлэхдээ: Би гэртээ сууж байтал хуучин ажлын газрын хүн архи авч ирсэн. Авч ирсэн архийг хамт ууж дуусгасны дараа ажлын газрын хүн яваад өгсөн. Тэгсэн эхнэр ажил хийхгүй байж архи согтууруулах ундаа уулаа гэж уурлаад бид хоёр маргалдсан гэв.   

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн О.Аргиуны цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 2 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О гийн өгсөн: ...Би Үндсэн хуулийн 16 дугаар 14 дэх хэсэгт зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Манай охин цагдаад гомдол гаргаж өгсөн байна. Надад ямар ч гомдолгүй, хэргийг хааж өгөөч гэж хүсч байна. Би 2003 онд Солонгос улсад ажил хийж байгаад толгой дээрээ юм унагаагаад одоо сайн ярьж чаддаггүй. Миний хувьд ямар ч гомдол байхгүй. Би хэрэг гарах өдөр нөхрийг согтуу байхад нь “чи архи ууж байхаар ажил хийгээч” гэж хэлээд түүнээс болж асуудал үүссэн. Өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Аргиуны өгсөн: ...Манай аав, ээж хоёр гэртээ хоёулаа амьдардаг. Аав ажил хийдэггүй, ээж группэд байдаг. Намайг бага байхаас авахуулаад манай аав ээжийг маань зоддог байсан. 2003 онд зодуулаад тархины цус харвалтаар хагалгаанд орж байсан. Мөн 2015 онд зодуулснаас болж гэмтлийн гаралтай гэмтэл согог судлалын үндэсний төв дээр нээлттэй хагалгаанд орж байсан. Дараа нь 2018 онд мөн зодуулснаас болоод хагалгаанд орсон. Байнга л зоддог хөршүүд нь байнга цагдаа дуудаж дүү бид хоёр руу яриад бид 2 ирдэг байсан. Сүүлд харвалт өгснөөс болоод ээж маань ярьж чадахаа больсон. 2020 оны 03 дугаар сарын 03-ны орой гэртээ архи ууж ээжийг маань зодож нүүр нь хавдаж баруун нүд нь хөхөрсөн байна. Мөн толгойны дагз хэсэгт нь толгой нь хагарсан байна. Одоогоор ил харагдаж байгаагаар хацар хавдсан, нүд хөхөрч хавдсан, 2 гар нь хөхөрсөн, мөн толгойн дагз хэсэгт хагарсан байдалтай байна. Шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3327 дугаартай шинжээчийн:

            1. Ж.О -н биед дух, баруун зовхи, зүүн хацар, хоёр мөр, ар нуруу, хоёр мөрний гадна хэсэг, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн гуя гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.О ийн: ...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өмнө нь хамт жижүүрээр ажиллаж байсан Баттогтохтой манай гэрт ирээд 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед манай өвөөгөөс өвлөж ирсэн нэг жижиг шагай гэрт байсныг өнгөлөх гээд олоогүй. Тэгэхээр нь би ширээн дээр байсан шагай хаачсан бэ гээд эхнэрээсээ асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би түүнээс эхнэртэйгээ маргалдаад маргааш нь би шагайгаа цаасны завсраас олсон. Би маргалдаж байхдаа эхнэрийнхээ шанаанд нь нэг удаа алгадаад мөн гарнаас нь барьж байснаа санаж байна, цаашаа яаснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

            - Шүүгдэгч С.О ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19, 49 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.О ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-б хэсэг, 26/4 дүгээр байрны 24 тоот гэртээ эхнэр Ж.О тай маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон “дух, баруун зовхи, зүүн хацар, хоёр мөр, ар нуруу, хоёр мөрний гадна хэсэг, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн гуя гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.О ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О  хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ хохирогчоор өгсөн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.О д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            С.О  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-б хэсэг, 26/4 дүгээр байрны 24 тоот гэртээ эхнэр Ж.О тай маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон “дух, баруун зовхи, зүүн хацар, хоёр мөр, ар нуруу, хоёр мөрний гадна хэсэг, баруун бугалга, зүүн сарвуу, зүүн гуя гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Аргиун, яллагдагчаар өгсөн С.О  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3327 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ж.О  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.О ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч С.О  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О  нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ