Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

    2020        04          09                                  2020/ШЦТ/652

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б, Б.Ш   нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00559 0763 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.Б

2. Монгол улсын иргэн, Б.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б, Б.Ш   нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Пунтик” хүнсний дэлгүүрийн автобусны буудлын урд талд байрлах улаан тоосгон нийтийн байрны 3 давхар дахь 27 тоот өрөөнд иргэн Ц.Э ийн толгойн тус газар нь гараараа цохиж, газар унаган өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ш  мэдүүлэхдээ: Тухайн өдөр бид 2 барилгын ажил хийж байгаад Б.Б ын гэрт очсон. Найзыгаа уруу татаад согтууруулах ундаа хэрэглээд хажуу хөрш айлын ахад муухай зан гаргасан. Миний буруу гэв.

Шүүх хуралдаанд    шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: Тэр өдөр Ш  манайд ирээд бид хоёр согтууруулах ундаа хэрэглээд гараад караокед 1 цаг байж байгаад гэртээ ирсэн чинь манай хөршийн ах нэг согтуу ахтай хамт байсан. Хамт байсан ах нь бид хоёрыг хараалын үгээр доромжлоод байсан. Тэгээд би хөршийн ахад “ах аа, бид хоёр одоо унтаж амарлаа” гэж хэлээд маргалдаад жоохон үл ойлголцол болсон. Тэгээд гэрт нь оруулаад Б.Ш  бид хоёр гэртээ орсон. Тэгсэн араас гэрт орж ирээд хоёр  хөгшин хүнийг цохилоо барьлаа гэж хэлсэн гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э ийн өгсөн: ...2020 оны 01 сард байсан шөнө 03 цагийн үед юм хийж байхад өөдөөс харсан өрөөнд хүмүүс хэрэлдэж, маргалдаж шуугилдаад байхаар нь өрөөнд нь ороод чимээгүй байгаач ээ, би юм хийхэд төвөгтэй байна гэсэн чинь 2 залуу пиво уусан сууж байсан. Тэгээд надад пиво хийж өгөхөөр нь 2 балгачихаад гарах гэсэн чинь тэр хоёр залуугийн нэг залуу нь /хэн нь цохисныг хэлж мэдэхгүй байна/ цохиж унагаагаад өрөөндөө хоёр талаас өшиглөж бүлэглэж зодох үед нийтийн байранд амьдардаг залуу салгаж би гэртээ ороод цагдаа дуудсан. Намайг салгасан залуу хэдэн тоотод амьдардаг болохыг мэдэхгүй байна. Ингээд би цагдаа дагуулж орж ирэхэд нөгөө хоёр залуугийн нэг нь зугтаагаад явсан, нөгөө залуугийн найз нь гэх эмэгтэй ирсэн байсныг цагдаа нар үлдсэн залууг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ням-Адъяагийн өгсөн: ...Би садангийн ахын нийтийн байранд түр амьдарч байгаа. Тэр өдөр бэлтгэлээ тараад 19 цагийн гэртээ ирээд унтаж байхад шөнө 27 тоот өрөөнд “ахыгаа аллаа шүү дээ” гэж орилоод байхаар нь орсон чинь тус өрөөнд амьдардаг залуу үл таних эрэгтэй хүний хамт архи уусан согтуу хажуу өрөөнд амьдардаг настай хүнийг дундаа хийсэн өшиглөж, зодож байхаар нь салгасан чинь зодуулж байсан хүн зугтаагаад өрөөндөө орсон. Тэгээд удаагүй цагдаа ирэх хооронд тэр хоёр хүний нэг нь зугтаж, нэгийг нь цагдаа аваад явсан...Хүн орилоод байхаар нь 27 тоот өрөөнд орсон чинь настай ахыг хоёр эрэгтэй хүн тал талаас нь өшиглөж зодож байсан бөгөөд хэн нь хэрхэн, яаж цохисныг ялгаж хэлж чадахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1237 дугаартай шинжээчийн:

            1. Ц.Э ийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41, 42, 43, 60, 61, 62 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б, Б.Ш   нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Пунтик” хүнсний дэлгүүрийн автобусны буудлын урд талд байрлах улаан тоосгон нийтийн байрны 3 давхар дахь 27 тоот өрөөнд иргэн Ц.Э ийн толгойн тус газар нь гараараа цохиж, газар унаган өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.Ш   нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Б, Б.Ш   нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Б.Б, Б.Ш   нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Пунтик” хүнсний дэлгүүрийн автобусны буудлын урд талд байрлах улаан тоосгон нийтийн байрны 3 давхар дахь 27 тоот өрөөнд иргэн Ц.Э ийн толгойн тус газар нь гараараа цохиж, газар унаган өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э , гэрч Б.Ням-Адъяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1237 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ц.Э  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба 100.000 төгрөгийг хохиролд хүлээн авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б . Б.Ш  нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл  байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б . Б.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокуорорын санлын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага  хүлээлгэх шийдвэр гаргана гэж хуульчилжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг ирүүлсэн байна. /хх-н 82-р тал/

Шүүгдэгч Б.Б, Б.Ш   нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдын эрх чөлөөнд халдаж хохирогч Ц.Э ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

Иймд Прокурорын ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Ш   нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б, Б.Ш   нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Б.Ш  нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б , Б.Ш нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлэхгүй  бол торгох  ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б, Б.Ш   нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, Б.Ш   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ