| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0434/и |
| Дугаар | 449 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 449
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын 1 дүгээр багт оршин суух Орлой гурван зээрд овогт Энхбаатарын Батсайхан
“Эцэг тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2013.11.21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.Батсайхан, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Батсайхан шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би Б.Нямсүрэнтэй 2010 оноос танилцаад Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад 2012 онд хүү Төгс-Эрдэнэ төрсөн юм. 2015.08.24-нд бид албан ёсоор хурим найр хийж тусдаа гарсан боловч миний хань Нямсүрэн нь хүнд өвчний улмаас нас барсан. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан болохоор хүүгээ төрөх үед нь ээжээр нь овоглоод гэрчилгээг нь авсан байсан. Одоо би хүүгийнхээ хамт амьдарч байгаа юм. Энэ хүү бол миний төрсөн хүү мөн учраас би хүүгээ өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа тул Төгс-Эрдэнийн эцэг нь болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийн ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Орлой гурван зээрд овогт Энхбаатарын Батсайхан нь Сорт овогт Бат-Эрдэнийн Нямсүрэнтэй 2010 оноос 2016.08.18-ныг хүртэл хамтран амьдарч байсан болох нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016.10.25-ны өдрийн 402 тоот тодорхойлолт, хамт амьдарч байх хугацаандаа Э.Батсайхан, Б.Нямсүрэн, Н.Төгс-Эрдэнэ нарын хамт авахуулсан фото зураг, Б.Нямүрэнгийн нас барсны гэрчилгээнд Түвшинширээ сумын 1 бат оршин сууж байсан тэмдэглэгдсэн зэргээс гадна, гэрч Т.Ренчинханд”. . .Э.Батсайхан нь манай ахын хүүхэд юм. Б.Нямсүрэн манай бэр. Э.Батсайхан Б.Нямсүрэн нар оюутан байхаасаа гэр бүл болж хамт амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Хүү Төгс-Эрдэнэ нь төрсөн хүү нь мөн. Энэ хоёр Түвшинширээ суманд хамт амьдарч, хурим найраа хийж гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүү Төгс-Эрдэнэ нь ээжээрээ овоглож төрсний гэрчилгээ авсан. Нямсүрэн 2015 онд цусны өвчний улмаас нас барсан. Одоо аав Э.Батсайхан, эмээ өвөөгийнхөө хамт амьдарч байгаа гэх, гэрч Х.Сонинбаяр “. . Э.Батсайхан нь манай дүүгийн хүүхэд юм. Б.Нямсүрэн манай бэр. Э.Батсайхан Б.Нямсүрэн нар оюутан байхаасаа гэр бүл болж хамт
амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Хүү Төгс-Эрдэнэ нь төрсөн цагаасаа л Батсайханы аав ээж дээр өссөн. Б.Нямсүрэн 2015 онд цусны өвчний улмаас нас барсан. Хүү Төгс-Эрдэнэ нь одоо аав Э.Батсайхан болон эмээ өвөөгийнхөө хамт амьдарч байгаа. Хүү Н.Төгс-Эрдэнэ бол Э.Батсайханы төрсөн хүү мөн гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Н.Төгс-Эрдэнийн эцгээр Э.Батсайханыг тогтоох боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Э.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Сорт овогт Нямсүрэнийн Төгс-Эрдэнийн эцгээр Орлой гурван зээрд овогт Энхбаатарын Батсайханыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Э.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Батсайхан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ