Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 444

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаагийн 83 дугаар гудамжны 179 тоотод оршин суух Жамбалдоржийн Жаргал

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг  2016.10.07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнийг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Жамбалдоржийн Жаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Би 1972-1977 оны 6 дугаар сарыг дуустал Онгон сумын Хөгжилт нэгдэл, худалдаа бэлтгэлийн анги, Мал эмнэлэг зэрэг албан байгууллагад ажиллаж байсан. Гэтэл энэ бүгдийг нотлох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир 2016.10.06-ны өдрийн 233/15 тоот архивын тодорхойлолт, ажилд орсон тушаал, амралтын тушаал зэргийг үндэслэн 1972-1977 онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

           Жамбалдоржийн Жаргал нь 1972 оны 01 дүгээр сараас 1974.03.01-ийг хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1974.03.01-ээс 1975.06.01-ийг хүртэл Онгон сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1977 оны 1 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Онгон сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан болох аймгийн архивын тасгийн  2016.10.06-ны өдрийн 233/15 тоот лавлагаа, Онгон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1974.3.13-ны өдрийн 6 тоот “Жолооч томилох” тухай, 1975.04.25-ны өдрийн 7 тоот “Жолооч Жаргалд ээлжийн амралт олгох” тухай тушаалууд болон гэрч Н.Гончигийн шүүхэд өгсөн “ . . . Жаргал нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Мал эмнэлэгт 1977 оны үед жолоочоор ажиллаж байсан. Мал эмнэлэгт 1 жил гаруй л ажилласан. Өмнө нь Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан. Би Мал эмнэлэгт 1968-1990 оныг хүртэл малын бага эмчээр ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Х.Энэбишийн шүүхэд өгсөн “. . . Ж.Жаргал нь Онгон сумын худалдаа бэлтгэлийн ангид “автолок” машины жолоочоор ажиллаж байсан. 1973-1975 оны үед ажиллаж байсан. Би гарсан оныг бол мэдэхгүй байна. Манайхаас гараад мал эмнэлэгт жолоочоор орсон байсан. Би 1973-1974 онуудад Худалдаа бэлтгэлийн ангид туслах ня-богоор 

 

 

 

 

ажиллаж байсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна. Харин 1976 онд ажиллаж байсан талаарх нотлох баримт хангалтгүй байгаа учир энэ удаад ажилласан байна гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрх онд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хүсэлт гаргагч Ж.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жамбалдоржийн Жаргалыг 1972 оны 1 дүгээр сараас 1974.03.01-ийг хүртэл Онгон сумын Хөгжилт нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1974.03.01-ээс 1975.6.01-ийг хүртэл Онгон сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1977 оны 1 дүгээр сараас 1977 оны 07 дугаар сарыг хүртэл Онгон сумын мал эмнэлэгт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

          2. Ж.Жаргал нь 1976 онд ажиллаж байсан талаараа нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

 

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Ж.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Жаргал шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНГЭРЭЛ