| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0733/Э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 748
2020 04 23 2020/ШЦТ/748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч А.М, О.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.М, О.З нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03186 0838 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, А.М
2. Монгол улсын иргэн, О.З
Холбогдсон хэргийн талаар:
А.М, О.З нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юу Би” нэртэй пабад хохирогч Э.Г тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.Г ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний зүүн чихний омог, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З мэдүүлэхдээ: Тухайн үед болсон асуудалд нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 98-100 дугаар тал/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний:
1.2. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 5110 дугаартай шинжилгээнд тусгагдсан гэмтлүүдээс зүүн чихний шарх, зулгаралт ба зөөлөн эдийн няцрал болон доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал ба цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад 1 шүдний сулрал, духны цус хуралт ба зулгаралт, баруун хацрын зулгаралт, цээжний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
3. Э.Г ийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Г ийн өгсөн: ...Тухайн өдөр би найз Одхүүгийн хамт караоке-д сууж байгаад ариун цэврийн өрөөний үүдэнд Одхүүг гэнэт М , З гэх хоёр залуу барьж аваад цохиж авах шиг болоод муудалцаад эхлэхээр нь би очсон. Гэтэл бусад хамт явж байсан гэх хүмүүс орж ирээд намайг буланд шахаад байсан. Тус караокений хамгаалагч ганцаараа байсан тул салгаж чадаагүй ба би ч гэсэн тухайн үед юу болж байгааг ойлгож чадаагүй. Тэндээ муудалцаж байгаад гадаа гараад зүрх муутай тул бахардаад ухаан алдчихсан. Намайг дотор байхад ч зодоод, гадаа байхад ч зодоод байсан. Би яг хэн зодоод байгааг харах боломжгүй байсан. Тухайн хүмүүс дотор М гэх залуу, өндөр том биетэй бор царайтай эрэгтэй хүн байсан. Тухайн үед зугтъя гэхээр боломжгүй, зүгээр зогсоод байж болохгүй, биеэ хамгаалж ирсэн нэгнийг нь түлхэх мэт үйлдэл би хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Одхүүгийн өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой найз Г , Анхбаяр болон түүний эхнэр Мөнхчимэг нартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Юүби паб руу орж пиво уусан. Тэгээд бид нар тооцоогоо хийх гээд явсан ба Г , Анхбаяр болон түүний эхнэр Мөнхчимэг нар түрүүлээд явсан ба би араас нь явж байхад ариун цэврийн өрөөний үүдэнд үл таних хоёр залуутай таарахад нэг нь мөрнөөс татахад нөгөө залуу нь үхсэнээ муухай харсан юм гэж хэлээд нэг залуу нь зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд Г хараад ирж бид нарыг салгасан. Тэгэхэд нөгөө хоёр залуу маш олуулаа болж паб руу хөөж оруулахад хамгаалагч гэх ах боль гэхэд үгэнд нь орохгүй байсан. Тэгээд пабийн зүүн урд хэсэг рүү Г ийг зодох гээд 4 залуу чирээд аваад явсан. Тэгэхэд над дээр салааны ахлагч гэх Жүндүүлхам /хэрэг шалгаж байх явцад нэрийг нь мэдсэн/ руу би тооцоогоо хийгээд найзыгаа аваад явлаа гэж хэлэхэд чи байж бай гээд мөрнөөс татаад дөрвүүлээ тойрч зогсоод явуулахгүй байсан. Тэгээд Г рүү харахад дөрвөн залуу газар унагаасан бүгд зодож байсан. Тэгэхээр нь би Г рүү очиж салгах гэхэд М /хэрэг шалгаж байх явцад нэрийг нь мэдсэн/ татаж газар унагаад бүгд зодож эхэлсэн. Тэгж байхад хамгаалагч ирж бид нар салгаж дийлэхгүй бүгдийг нь пабаас гаргасан. Тэгэхэд гадна машин хашаа хоёрын голд оруулж Г миний дээрээс тэвэрч хэвтэхэд бүгд бид хоёрын дээрээс өшиглөсөн. Тэгэхэд хамгаалагч болон үйлчлүүлж байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэхэд бүгд цуваад зүүн талын хашаа руу орсон. Тэгэхээр нь бид хоёр нөгөө залуусыг явуулахгүй гэж хашаа руу орж явуулахгүй гэхэд З /хэрэг шалгаж байх явцад нэрийг нь мэдсэн/ зүүн талын хавирга руу өшиглөх үед хөлийг нь барьж аваад хамт газар унахад М болон хоёр залуу хамт ирж дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Тэгж байхад цагдаа нар ирсэн. Тэгэхэд тухайн хүмүүс явахгүй гэж нэмэлт цагдаа дуудаж байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.М ын өгсөн: ...би иргэн Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.З ын өгсөн: ...би иргэн Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-р тал/,
- Шүүгдэгч А.М, О.З нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 110, 111, 112, 119, 120 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.М, О.З нарын бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юу Би” нэртэй пабад хохирогч Э.Г тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.Г ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний зүүн чихний омог, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч А.М, О.З нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М, О.З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул А.М, О.З нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
А.М, О.З нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юу Би” нэртэй пабад хохирогч Э.Г тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.Г ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний зүүн чихний омог, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Г , гэрч Г.Одхүү нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 430 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.М, О.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч А.М, О.З нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.М, О.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч А.М, О.З нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.М, О.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.М, О.З нарыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М, О.З нарт 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.М, О.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ