Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 370

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг Жаргалант гэдэг газарт оршин суух Хардал овогт Гэндэнгийн Сэрдамба

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.12.07-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Сэрдамба, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Хүсэлт гаргагч Г.Сэрдамба шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1971 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэгт явсан. 1977 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлд мал маллаж байгаад 1986 оноос 1992 оныг хүртэл худгийн моторчноор ажилласан. Энэ бүгд бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Архиваас лавлагаа авахад 1982 оны цалин гараагүй байсан. Тэр үед бол мал туусан юм. Малаа Дорнод аймагт аваачиж тушаагаад мөнгөө авдаг байсан. Мал бэлтгэлийн контороос лавлагаа гарах байх. Иймд 1982 оныг хасаад тогтоолгоно гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийн ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хардал  овогт Гэндэнгийн Сэрдамба  нь 1971 оны 9 дүгээр сараас 1973 оны 11 дүгээр сарыг хүртэл, 1978 оноос 1982 оныг хүртэл, 1983 оноос 1986 оныг хүртэл  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин, 1986 оны 3 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарыг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, 2013.05.29-ны өдрийн аймгийн төрийн архивын цалингийн тодорхойлолтоос гадна хамт ажиллаж байсан гэрч З.Цэрэнгомбын шүүхэд өгсөн”. . . Би 1968-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин байсан. Г.Сэрдамба нь 1971-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Энэ хооронд 1974-1977 оныг хүртэл цэргийн алба хаасан. Бид хоёр нэг оны цэргүүд. Эднийх голдуу үхэр маллаж байсан. Г.Сэрдамбынх Модон, Жаргалантаар нутагладаг байсан. Г.Сэрдамбын өвөө нь Гэндэн, аав нь Гүржав, ээж нь Зул, эхнэр нь Намсрайн Нэргүй гэж хүмүүс бий. Бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар 

нь сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Н.Сугарын “Би 1974-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин байсан.  Г.Сэрдамба нь

 

 

 

 

1971-1985 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин, 1985-1991 оныг хүртэл худгийн моторчноор ажиллаж байсан. Энэ хооронд 1974-1977 оныг хүртэл цэргийн алба хаасан. Бусад үед нь бол тасралтгүй ажилласан. Эднийх голдуу үхэр маллаж байсан. Манайхан айл саахалт нутаглаж байсан, бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ. 

 

Нэхэмжлэгч Г.Сэрдамбын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хардал овогт Гэндэнгийн Сэрдамба нь 1971 оны 9 дүгээр сараас 1973 оны 11 дүгээр сарыг хүртэл, 1978 оноос 1982 оныг хүртэл, 1983 оноос 1986 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд малчин, 1986 оны 3 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч Г.Сэрдамбын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Сэрдамба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.