Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 31

 

Б.Б  холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор     Б.Мөнгөншагай

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч   П.Адьяасүрэн

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б  холбогдох эрүүгийн 201715000126 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Боржигин овогт Б.Б  

 Б.Б  нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадан цохио” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 03-29 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг мотоцикльд зорчиж явсан иргэн Г.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржигин овогт Б.Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Буяндэлгэрийн Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 527800 төгрөгний эм тариа авч өгсөн, 650000 төгрөг бэлнээр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь гомдолтой гэсэн болохыг дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өөс 393800 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д олгож, 456200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Г.Д-н эрүүл мэндэд учирсан хохирлыг харуулсан 4 ширхэг CD, 3 ширхэг рентгэн зургийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн цэнхэр өнгийн 03-29 ӨВЗ улсын дугаартай Хенсим маркийн мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Б.Б  авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Б.Б ийн хүсэлтээр давж заалдах гомдол гаргаж байна.

Түүний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, гэм буруугийн асуудлаар гаргах гомдол байхгүй. Харин шүүгдэгч Б.Б  нь гэм буруугаа бүрэн хүлээж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гэм хорын хохирлоо бүрэн авсан. Санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо нотлох баримтаар илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Б.Б  нь гэм буруугаа бүрэн хүлээн гэм хорын хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, ослын улмаас өөрөө хүндээр гэмтэж, ясны бэртэл нь эдгэрээгүй дахин хагалгаанд орох гэж байгаа. Энэ бүгдийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б  оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж өгнө үү гэжээ.

   Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа учраас шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэхийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэв.  

   Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь үйлдсэн хэрэгтээ өөрийнхөө гэм бурууг  хүлээн зөвшөөрч байгаа. Ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. Хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд Б.Б ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогчийг тусгана гэж заасан байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлд заасныг зөрчсөн,  мөн хохирогч Г.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан боловч хохирогч Г.Д-д нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хураан авах тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор хохирогч Д.Д-с гаргаж өгсөн 4 ширхэг томографийн CD-г хэрэгт хавсаргаж давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл хоёр хоорондоо зөрүүтэй /шийтгэх тогтоолын 5-р заалт/ зэрэг нь хууль зөрчиж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно. Харин шүүгдэгч Б.Б ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б  урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                             ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                                     Н.ЭНХМАА