Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0258/З |
Дугаар | 221/МА2021/0479 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0479
Н.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.А-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б\45 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.А-г Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 7,824,177 төгрөг /долоон сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан долоо/-ийг хариуцагчаас гаргуулж энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн төрийн захиргааны албан хаагч болох Н.А-гомдол Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намыг төлөөлж ажиллуулахаар нэр цохон санал ирүүлсэн.
Дээрх албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Н.А нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд Ардчилсан намыг төлөөлж Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд ажилласан бөгөөд энэ талаар олон хүн гэрчилнэ.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” тухай төрийн албаны зарчим, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэсэн заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.6 дахь заалтад заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байх” төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Н.Аг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дээрх асуудалтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14:30 цагт Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 506 тоот өрөөнд явуулах тухай мэдэгдлийг Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/35 дугаартай албан бичгээр Н.А-д өгч тус өдөр сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан талаарх нотлох баримтууд хэргийн материалд авагдсан болно.
Нэхэмжлэгч Н.А-г Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намыг төлөөлж ажиллуулахаар нэр цохон санал ирүүлсний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн хороонд ажилласныг хангалттай нотлох Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намын бүлгийн албан бичгээр ирүүлсэн илт тодорхой үйл явцыг шүүх Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэсэн.
Мөн нэхэмжлэгч иргэний үнэмлэхийн хуулбараа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэгт гаргаж өгөөгүй гэж зөвхөн өөрийн зүгээс тайлбарласныг шалган тогтоох ажиллагаа явуулалгүйгээр түүнийг сахилгын шийтгэл хүлээхүйц зөрчил, тэр дундаа төрийн албанаас халах зөрчил гаргасан гэж сахилгын зөрчлийг шалган тогтоох ажлын хэсэг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.
Хувь хүний мэдээллийг агуулсан бичиг баримт болох иргэний үнэмлэхийн хуулбарыг хэн ямар учраас Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намын бүлэгт хүргүүлсэн болохыг шалган тогтоогоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн дан ганц өөрт ашигтай тайлбарыг үндэслэн шүүх дээрх дүгнэлтийг гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Н.А нь Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намыг төлөөлж сонгуулийн хороонд ажиллуулахаар нэр цохон санал ирүүлсэн Ардчилсан намын бүлгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичгийн талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дүүргийн Сонгуулийн хороонд ажилласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байхад шүүх нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Н.А “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус баримтлан, “захиргааны албан хаагч улс төрийн аливаа нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.А-г Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Анхан шатны шүүх “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ц-ээс Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Г-д хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01/299 дүгээр албан бичгийн дагуу Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан нь ... төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчөөгүй, нөгөө талаар нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбараа Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэгт гаргаж өгөөгүй гэж тайлбарласан байхад түүнийг сахилгын шийтгэл хүлээхүйц зөрчил, тэр дундаа төрийн албанаас халах зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.3-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.4-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.5-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;” гэж төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйлийг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З-т “төрийн албанаас халах” гэж сахилгын шийтгэлийн төрлийг заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хангасан байх шаардлагатай.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, чухам ямар үйлдлийг зөрчилд тооцсон нь тодорхойгүй, гагцхүү Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Сонгуулийн тойрогт ажиллуулах нэрсийн дунд Н.А-ийн нэр багтсаныг шууд зөрчилд тооцон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/299 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байх ч маргаан бүхий тушаалд зөрчил гаргасныг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул маргаан бүхий захиргааны акт хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Н.А-ийн эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсан үндэслэлээ “...Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намын төлөөлөл болж Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тус тус зөрчсөн” гэж тодорхойлсон байх бөгөөд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар албан бичгээр “Н.А нь Хан-Уул дүүргийн Ардчилсан намын мэдээллийн санд Ардчилсан намын гишүүнээр бүртгэгдээгүй бөгөөд тус намын гишүүн биш болохыг тодорхойлов” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийг Ардчилсан намын төлөөлөл болж Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан гэж буруутгах нь үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Н.А нь Хан-Уул дүүрэг дэх Ардчилсан намыг төлөөлж сонгуулийн хороонд ажиллуулахаар нэр цохон санал ирүүлсэн Ардчилсан намын бүлгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичгийн талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дүүргийн Сонгуулийн хороонд ажилласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байхад шүүх нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна” гэх гомдлыг хангахгүй орхив.
Харин шүүхийн шийдвэрт хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн” гэсний дараа “13 дугаар зүйлийн 13.6” гэснийг “14 дүгээр зүйлийн 14.4” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ