| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0442/и |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-12-18 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 448
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Мөнхийн гэгээвч ХХК-д, холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 15.290.855,8 / арван таван сая хоёр зуун ерэн мянга найман зуун тавин таван төгрөг найман мөнгө / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3675238 тоот регистрийн дугаартай “Мөнхийн гэгээвч” ХХК нь 2010.05.02-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт барилгыг дуусгах шатны ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.23-ны байдлаар нэмэгдсэн өртөгийн албан татвар 12.698.135,8 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 2.592.720 төгрөг, нийт 15.290.855,8 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд Мөнхийн гэгээвч ХХК-ний хугацаандаа төлөөгүй татварын өр 15.290.855,8 / арван таван сая хоёр зуун ерэн мянга найман зуун тавин таван төгрөг найман мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татварын хэлтсийн нэхэмжилсэн нэмэгдсэн өртөгийн албан татвар 12.698.135,8 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 2.592.720 төгрөг, нийт 15.290.855,8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК-аас “хугацаандаа төлөөгүй татварын өр 15.290.855,8 / арван таван сая хоёр зуун ерэн мянга найман зуун тавин таван төгрөг найман мөнгө / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 234.404 төгрөгийн 50 хувь болох 117.202 төгрөгийг хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 15.290.855,8 / арван таван сая хоёр зуун ерэн мянга найман зуун тавин таван төгрөг найман мөнгө / төгрөгийг хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 234.404 төгрөгийн 50 хувь болох 117.202 төгрөгийг хариуцагч Мөнхийн гэгээвч ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ