Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          04                                  2020/ШЦТ/808

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч П.Мөнхтуяа,

шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01778 1011 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г  нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-е байрны 73 тоотод иргэн Ж.С тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, Ж.С ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдэд няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: Тухайн үйл явдал болоход архи уучихсан байсан болохоор хийсэн үйлдлээ сайн санахгүй байгаа юм. Хохиролд 150.000 төгрөгийг төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.С ын өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найз Мөнх-Отгонтой явж байгаад түүний найз гэх намхандуу залуутай Гачууртын зам дээр таараад манайд ирсэн. Тэр залуу бас хоёр  хүнтэй явж байсан. Тэр хүмүүсийг нь танихгүй, манайд ирэхэд 15-16 цаг болж байсан байх ойролцоогоор. Тэгээд бид 3 шил 0,75ын  “Хараа”  авч бүгдийг нь уусан ба энэ архийг Мөнх-Отгон авсан. Тэгээд Мөнх-Отгон унтаад өгсөн. Хойно нь тэр Гачууртын зам дээр таарсан гэх  гурван  залуу Мөнх-Отгоны гар утсыг ломбарданд тавиад архи авч ирээд тэр гурав  уусан, би уугаагүй. Тэгснээ Г  нь гэнэт шалтгаангүй намайг хамар хэсэгт цохиж цус гоожуулсан. Тэр үед харахад хамар мурийсан байсан. Яагаад намайг цохив гэсэн яасан ч яадаг юм гэх мэтээр харааж зүхсэн, мөн тухайн үед над дээр ирсэн найз Мөнхдэлгэрийн нүүр ам руу нь алгадаад байсан. Өглөө босоход нь хавирга эвгүй болсон юм шиг байна гэж байсан. Гомдол гаргах үгүйг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Мөнх-Отгоны өгсөн: ...тэгээд тэндээ архи уучихаад би нэг хэсэг унтсан. Сэрээд харахад хэн ч байхгүй байсан. Толгой энэ тэрээ угааж сэргэчихээд байж байхад нөгөө хэд гаднаас орж ирсэн юм. Орж ирэхдээ хэн нь билээ нэг шил архитай орж ирсэн. Тэр хэдийг ирэхэд нилээн орой болсон байсан. Ойролцоогоор 20-21 цаг орчим болж байсан байх, яг сайн санахгүй байна. Би тэр үед миний утас хаачсан бэ гэхэд бүгд дуугарахгүй байсан. Тэгснээ гэнэт Г  ломбарданд тавьчихсан хөгшөөн гэсэн. Би ломбардыг залгахаар Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ нарыг дагуулаад гарсан. Гараад очиход уг ломбард нь хаасан байсан ба буцаж явахдаа би миний утсыг хэн тавь гэсэн юм бэ гэсэн чинь Г  С  хоёроос асуу энэ хоёр л тавьсан гэсэн юм. Тэгэхээр нь би орж хаалгыг нь тогшиход Г  С  хоёр хаалга онгойлгосон ба би С ыг цаашаа байж бай гээд Г тэй заамдалцаад хэрэлдсэн. Миний утсыг яахаараа хэлэхгүй ломбарданд тавьдаг юм гээд хэрүүл маргаан болсон. За тэгээд байж байтал миний машиныг түр гуйсан хүн рүү С ын утсаар ярьтал Монгол хотхоны гадаа ирсэн байна гэсэн. Би урьд нь эндээс ирж ав гэсэн юм. Тэгээд ирээд байна гэхээр нь ганцаараа гарч машинаа өгчихөөд ороод ирэхэд Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ нар зөрөөд гарч байсан ба тэр хоёр ирээгүй. Намайг ороход С  хамрын цусаа гоожуулаад байж байсан. Яасан бэ гэхэд мэдэхгүй танай найз Г  намайг цохичхлоо гэсэн. Тэгээд би С ыг 00-д авч ороод цус энэ тэрийг нь угааж тогтоогоод, буцаж гарч ирээд байж байхад Мөнхдэлгэр гаднаас орж ирсэн Мөнхдэлгэр бол жаахан халамцуу байсан ба анх ирж байгаа юм.Тэгээд байж байтал Мөнхдэлгэр юм аваач гээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн ба 0,75 хараа авсан. Тэрийгээ ууж байгаад гаднаас ирсэн Мөнхдэлгэр надад хандаж найзыгаа ийм болгочихоод та нар сайхан байна уу санаа зовдоггүй юм уу гэхэд Г  шууд өөр дээрээ хүлээж авч ингээд нэг мөсөн гүйцээчихнэ гээд дахиад С ын аль нэг талынх нь эрүүнд хүчтэй цохисон би санаж байна, тэр үед би салгаж холдуулсан. Тэр үед С  эрүү хөдлөхгүй байна гэж байсан ба би хувцсан дотроос нь цэнхэр өнгийн срочкон цамцаар эрүүг нь боож өгсөн юм. Тэгээд би С т хоол хийж өгсөн юм. С  бие муутай юм. Тэр үед Г  хажуу өрөөнд унтаж байгаад босч ирсэн, нэг их унтаагүй 30-40 минут л болсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4118 дугаартай шинжээчийн:

            1. Ж.С ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдэд няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

            5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй.

            6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Наранбямба гэх дүгнэлт /хх-ийн 15-17 дугаар тал/,

            - Шүүгдэгч Г.Г ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48, 61, 65-70, 71-82 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г ийн согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-е байрны 73 тоотод иргэн Ж.С тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, Ж.С ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдэд няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Г ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.С  нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Г т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.Г  нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66-е байрны 73 тоотод иргэн Ж.С тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, Ж.С ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдэд няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.С ын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 4118 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ж.С  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул  шүүгдэгч Г.Г ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

     Хохирогч Ж.С  нь энэ гэмтлийн улмаас гарах эмчилгээний болон гэм хорын холбогдох зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Г.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарГ.Г ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г  нь 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ж.С  нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний болон гэм хорын холбогдох зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ