Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 2020         05         15                                  2020/ШЦТ/917

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Ц.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.М д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1064 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.М

Холбогдсон хэргийн талаар:

Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.О ийн дух руу нэг удаа, дагзны доод талд тус бүр хүүхдийн хуванцар тоглоомоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.О ийн өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины АОС-ны 25 тоотод би өөрийн ах Цэсэнгийн М тай хамт 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи 1 ширхэг, 0,5 литрийн Монгол стандарт архи 1 ширхэгийг хувааж уусан. 2 дахь архиа хувааж ууж байхдаа би ахынхаа уурыг хүргэх үг хэлээд М  миний дух руу нэг удаа, дагзны доод талд нэг удаа тус тус хатуу юмаар цохисон. Юугаар намайг цохисныг нь харж чадаагүй. Би тухайн үед ахынхаа уурыг юу гэсэн үг хэлж уурлуулснаа одоо санахгүй байна. Би М д цохиулаад удалгүй ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг, цагдаа ирсэн байсан. Би М д цохиулах үедээ өрөөнд байдаг хойшоо харуулж тавьсан хар буйдангийн зүүн талын буланд сууж байсан. М  миний баруун зэрэгцээд сууж байсан. Бид хоёртой хамт өөр хүн байгаагүй. Сүүлд зээ дүү Батболд ирээд цагдаа, эмнэлэг дуудсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Батболдын өгсөн: ...Өчигдөр орой 00 цагийн үед манай нагац ах М  над руу утсаар яриад “Доржоо цус алдаад үхэх гээд байна” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд ЖАОС-25 тоотод М , О  нар дээр ирэхэд хоёулаа согтуу О  нь буйдан дээр толгойноос нь цус гоожсон хэвтэж байсан. О ийг ГССҮТ-д аваад явсан. О  нь согтуу, дээрээс нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байгаа юм. Юм ярихгүй байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4447 дугаартай шинжээчийн:

            1. Ц.О ийн биед дагз, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.М ын: ...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед би нэг шил 0,75 литрийн Монгол стандарт архи аваад дүү О той хувааж уусан. Эхний архийг хувааж уусны дараа О  надад мөнгө гаргаж өгөөд би дахиад 0,5 литрийн Монгол стандарт архи авч ирээд хувааж уусан. Сүүлдээ нилээд согтоод О  бид хоёр маргалдаад О  над руу агсраад хараалын үг хэлээд байхаар нь би хажууд байсан хүүхдийн тоглоомон хатуу хуванцар материалтай тоглоомоор О ийн толгой руу нь цохиж байснаа санаж байна. Тэгээд нэг сэргэсэн чинь бөөн цус нөж болоод О  ухаангүй хэвтэж байсан. Би сэргээд зээ дүү Батболд руу би хүн алчихлаа гэж яриад Батболд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,

            - Шүүгдэгч Ц.М ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29, 30, 31, 32 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.М ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.О ийн дух руу нэг удаа, дагзны доод талд тус бүр хүүхдийн хуванцар тоглоомоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.М ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.М д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Ц.О ийн дух руу нэг удаа, дагзны доод талд тус бүр хүүхдийн хуванцар тоглоомоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.О , гэрч Ц.Батболд, яллагдагчаар өгсөн Ц.М  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 4447 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ц.О  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлснийг зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Ц.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.М  ыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М  нь 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ