| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0463/и |
| Дугаар | 461 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 461
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан иргэний шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 119 тоотод оршин суух Хавхчин овогт Цэцэгийн Урангоо
Хариуцагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 13-11 тоотод оршин суух Халх овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ
Нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Урангоо “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай Э.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2016.12.09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хавхчин овогт Цэцэгийн Урангоо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Би Э.Мөнх-Эрдэнэтэй 2008 оноос танилцаж 2009 онд охин Пүрэвсүрэн мэндэлсэн. 2011 онд 1 гэрт орж, 2012 онд аймагт ирж манай гэрт амьдарсан. Мөнх-Эрдэнэ 2014 оныг хүртэл ажил хийж байгаад такси барьдаг болсноосоо хойш гэр орондоо тогтохоо больсон. Бид хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сард муудсан. Би Мөнх-Эрдэнийг өөр эмэгтэйтэй болсон гэдгийг өөрийнхөө охиноос дуулж мэдсэн. Гэртээ хүүхэн дагуулж ирж хоносон байсан. Түүнээс хойш Дорнод яваад алга болсон. 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Э.Мөнх-Эрдэнэ өөр гэр бүлтэй болсон. Иймд охин Пүрэвсүрэнгийн эцэг Э.Мөнх-эрдэнэ мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Өөр ямар нэгэн маргаан байхгүй гэв
Хариуцагч овогт Халх овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид эвлэрэх боломжгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлээгүй юм. Бид 7-8 жил амьдраад салсан. Охин Пүрэвсүрэн бол миний хүүхэд мөн, охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Урангоо хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нар 2008 оноос 2016 оны 4 дүгээр сарыг хүртэл хамт амьдарч байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Урангоогийн Пүрэвсүрэн 2009.11.27-ны төржээ. У.Пүрэвсүрэнг өөрийн охин мөн гэдгийг хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ хүлээн зөвшшөөрч тэтгэлэг төлнө гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болно.
Нэхэмжлэгч Ц.Урангоог улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно. Харин хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжинд 28.123 төгрөг бүгд 98.323 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2009.11.27-ны өдөр төрсөн Хавхчин овогт Урангоогийн Пүрэвсүрэнгийн эцгээр Халх овогт Энхжаргалын Мөнх-Эрдэнийг тогтоосугай.
2. Зохигчид хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан У.Пүрэвсүрэнг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Э.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг эх хүүхэдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүй хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээх хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах эрхийг адил тэгш эдлэх болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар эцэг эх дээр дурдсан үүргээ биелүүлэхэд хяналт тавьж ажиллахыг тухайн харьяалах сум дүүрэг баг хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн туухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалингаасаа өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
8.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Урангоог улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200
төгрөг, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжинд 28.123 төгрөг, бүгд 98.323 гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ