| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0087/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2036000740070 дугаартай, 178/2020/0087/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 20- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 08 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 2 жилийн хорих ялаар, мөн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр ******* тоот хашаанд байх иргэн Ц.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цагаан өнгийн хаш хөөрөг, “Халгай” шампунь- 1 ширхэг, нүүр гарын саван-4 ширхэг, хөлдөөгч дотор байсан мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ц.*******өд 184000 төгрөгний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд болсон байв. Хашаагаар ороход жижиг архины шил байсныг 1-н тоогоор тэмдэглэж бэхжүүлэв.Байшингийн араар тойроход монгол гэр байв. Гэрт ороход гэрийн баруун хоймор хэсэгт модон шкаф дотроос цагаан хаш хөөрөг, мөнгөн бугуйвчны хугархай байсан нь алга болсон гэж Ц.******* мэдүүлснийг тэмдэглэн авч зургаар бэхжүүлэв.Хувцасны шкаф дээр шампунь, гар нүүрийн саван зэрэг байсан гэснийг тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-10-р хуудас/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл / хэргийн 14-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-16-р хуудас/
Хохирогч ******* овогт *******ийн *******ийн / 1975 оны 07 сарын 25-нд төрсөн, 45 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 02-ны өдөр гэрээсээ гараад бага гол дээр хүүхдүүдээ тоглуулж байгаад орой нь хадам аав Самбуугийнд очиж хоол идчихээд 21 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр онгорхой байсан. Гэрээ цоожлохоо мартаад явсан юм байх гэж бодоод гэрт ороход цоожийг эвдээд хоолны шкаф дээр тавьсан байсан.Гэрт байгаа зүйлээ бүртгэхэд гэрийн баруун хоймор байсан шкаф дотроос цагаан өнгийн хаш хөөрөг , “Халгай” шампунь, 4 ширхэг нүүр гарын саван, хөлдөөгч дотор байсан мах алга болсон байсан.Уг хаш хөөргийг 2003 онд 50000 төгрөгөөр авч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын эхээр Т.******* цагаан тортой зүйл барьчихсан миний машинд суусан. Надад хэлэхдээ “ манай эгч надад ууцны мах өглөө” гэсэн.8 дугаар цэцэрлэгийн урдуур дээшээ өгсөөд хойшоо харсан хаалгатай банзан хашааны үүдэнд хүргүүлээд “ надад мөнгө алга, та энэ 2 саванг авчих” гээд “ Детское мыло” нэртэй 2 саван гаргаж өгөөд буусан... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/
Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн ... хөөрөг-1 ширхэг 100000 төгрөг, үхрийн ястай мах 4кг-28000 төгрөг, мөнгөн бөгж 3 ширхэг-30000 төгрөг, мөнгөн бугуйвчны тал 1 ширхэг 15000 төгрөг, нүүр гарын саван 4 ширхэг-4000 төгрөг, үсний Халгай шампунь – ширхэг 7000 төгрөг, нийт 184000 төгрөг гэх дүгнэлт / хэргийн 39-р хуудас/
Шүүгдэгч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 02-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн ******* тоот хашаанд байх Ц.*******ийн гэрээс шампунь, гар нүүрийн саван, мах зэргийг хулгайлж авсан нь үнэн.Хөөргийг нь өөрийн хүргэн болох Б.Энхбатад өгсөн, махыг нь орой захын доод талд явж байгаад нэг казак хүнд 0.33 гр-ын архиар сольсон.Ц.*******ийн гэрийн цоожийг дотуур өмднийхөө уяа хийж байгаад угзарсан чинь онгойчихсон.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 45-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 03 сарын 02-ны орой Ховд аймгийн Жаргалат сумын Алагтолгой багийн ******* тоот хашаанд байх Ц.*******ийн гэрийн цоожийг эвдэж ороод хаш хөөрөг, “Халгай” шампунь, нүүр гарын саван 4 ширхэг, хөлдөөгч дотроос мах зэргийг авч, зах дээр очоод махыг нь 0.33 гр-ын архиар сольж, саванг нь таксины жолоочид өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “хулгайлах гэмт хэргийн” үндсэн шинжийг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан бол... гэж тодорхойлсон ба тухайн гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ... энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол ... гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Ц.*******ийн гэрт цоожийг нь эвдэж орж эд зүйл авсан нь нотлогдож байх ба хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч Ц.*******ийн...би хохирлоо барагдуулж авсан, одоо надад нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.******* нь урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 2 жилийн хорих ялаар, мөн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 58 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 59-73 дугаар хуудас дахь шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдлын талаар гэрч Т.ийн өгсөн... Т.******* нь миний төрсөн ах, бид эцэг эхээс 6-уулаа, ээж 2006 онд, аав 2013 онд тус тус нас барсан. Т.******* ах тусдаа гараагүй одоогоор манайд амьдарч байгаа.Зан аашийн хувьд даруу төлөв илүү дутуу зангүй, хүнтэй зөв харьцдаг. Архи согтууруулах ундааны зүйлийг өдөр бүр хэрэглэдэг... гэх мэдүүлэг хэргийн 31-р хуудас/
Гэрч А.ийн өгсөн ... Т.******* нь зан аашийн хувьд зөв боловсон харьцаатай, шударга зантай. Цэргийн алба хаагаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Архийг байнга шахуу хэрэглэж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 32-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Т.******* нь хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлын 184000 төгрөгийг төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзнэ гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Т.*******ийн хувьд хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг төлсөн. Шүүгдэгч Т.******* нь 2019 оны 11 дүгээр сард аваарьт орж хүнд гэмтэл авсны улмаас групэд байдаг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ялыг оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: шүүгдэгч Т.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ийг 1 жилийн хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 2036000740070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 184000 төгрөгний хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.*******ийг шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.*******эд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2036000740070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 184000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС