| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0439/и |
| Дугаар | 441 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 441
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Онгон сумын 5-р баг, сумын төвд оршин суух Туваан овогт Ганбаатарын Ууганбаатарт холбогдох “сум хөгжүүлэх сангийн зээл 23.750.493 / хорин гурван сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун ерэн гурав / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Онгон сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Ууганбаатар нь 2013.05.06-ны өдрийн 1/157 тоот захирамжаар 40.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл авч, зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар баталгаажуулсан. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болж, Г.Ууганбаатараас удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр одоог хүрлээ. Иймд Г.Ууганбаатараас үлдэгдэл зээл 23.750.493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Онгон сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би сум хөгжүүлэх сангийн зээлээс 40.000.000 төгрөгийн зээл авч, төлж байгаад, үлдэгдэл 23.750.493 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа нь үнэн болно. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөр 23.750.493 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Онгон сумын Засаг дарга нь хариуцагч Г.Ууганбаатараас сум хөгжүүлэх сангийн зээл 23.750.493 / хорин гурван сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун ерэн гурав / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Ууганбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 276.702 төгрөгийн 50 хувь болох 138.351 төгрөгийг хариуцагч Г.Ууганбаатараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээл 23.750.493 / хорин гурван сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун ерэн гурав / төгрөгийг хариуцагч Г.Ууганбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 276.702 төгрөгийн 50 хувь болох 138.351 төгрөгийг хариуцагч Г.Ууганбаатараас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ