| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0098/Э/ |
| Дугаар | 94 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П., түүний өмгөөлөгч Д.Нямдорж, өсвөр насны шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн , өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2036000710068 дугаартай, 178/2020/0098/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 04- ний өдөр хүлээн авч 2020 оны 05 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 2003 оны 08 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11-ийн Б бүлэгт суралцдаг, ам бүл-5, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ПЖ ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******
2.Монгол улсын иргэн, 1999 оны 01 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 6 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 29- ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 44/ А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн, ПЖ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч *******гийн , өсвөр насны шүүгдэгч *******ын ******* нар нь бүлэглэн 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.ийн биед халдаж, ногоон өнгийн даалинтай улаан өнгийн толгойтой, цайвар ногоон өнгийн хөөрөг, “iphone” маркын гар утасны цэнэглэгч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн авч, хохирогчид 423000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1 дүгээр гудамж 14 тоот хашаа байх бөгөөд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан улаан цэнхэр өнгийн төмөр хаалгатай, Т- 1-14 тоот гэсэн хашааны гудамж хэсэгт хэрэг үйлдэл болсон байх ба А үсгээр хэрэг учралын газарт үлдсэн шүдний сойз, цус мэт зүйлээр бохирлогдсон мөр дүрсийг тэмдэглэж гутлын мөрийг 1, 2 гэсэн тоогоор тэмдэглэв. 1,2 гэсэн тоогоор тэмдэглэсэн гутлын мөрийг ******* багийн 1 дүгээр гудамж, 2 дугаар гудамж, 3 дугаар гудамжийн чиглэлд гутлын улны мөрийн чиглэлийг тогтоох зорилгоор шалгасан боловч ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Цус мэт зүйлээр бохирлогдсон шорооны дээж, шүдний сойзыг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 4-6 дугаар хуудас/
Эд мөрийн баримтыг хураан авсан...Цайвар ногоон өнгийн хөөрөг, “iphone” маркын гар утасны цэнэглэгчийг П.гээс хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 10- 12 дугаар хуудас /
Эд мөрийн баримтыг хураан авсан...Гуталны дотор хэсэгт дөрвөлжин цагаан дээр хар өнгөөр Вьетнам улсад үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй, 44,28 өмсгөлтэй, хагас цахилгаантай, цахилгааны дотор талд үдээстэй, хойд талын дээд хэсэгт, урд талын цахилгааны дээд талд, хажуу талдаа цагаан өнгийн дүрс бүхий тэмдэгтэй, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг иргэн П.гээс хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 14-15 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан...Аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, бор өнгөтэй, үдээстэй арзгар ултай улны хэсэгт “TEBAIIIUND” гэсэн бичвэртэй,15.5 см өндөртэй гутал 1 хосыг иргэн С.*******ээс хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 16-17 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Дарви суманд 1994 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженерийн мэргэжилтэй, МО ЭН КО ХХК-д опериатор ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, ПГ дугаарын регистртэй/ овогт гийн ийн өгсөн...2020 оны 02 сарын 26-ны орой хадам аав ийнд ирээд хоол идсэн. Дараа нь найз нарын хамт Цамбагарав буудалд орж өрөө аваад пиво ууцгаасан. Шөнө 01 цаг 30 минутын үед Цамбагарав буудлаас гараад Спорт ордон, Цаг уур, Хуучин нисэх, Х баар, 6 дугаар сургуулийн урд талын засмал зам, Тоглоомтой гудамжны дөрвөн замын уулзвараар урагшаа чигээрээ гараад Молор дэлгүүрийн урд талын гудамжаар уруудаад явж байтал хойноос хоёр залуу гүйж ирээд намхан хар хувцастай залуу нь “ гэр чинь хаана байдаг юм хүргээд өгье “ гээд карма ухаад байсан. Тэгээд тэр хоёр залуутай зодолдоод зугтаасан. Зугтаж явж байхдаа нунтаг шороон дээр хөл алдаж унасан. Намайг барьж аваад нүүр лүү 2-3 удаа өшиглөх үед нүүрээ дарж хэвтсэн. Тэр залуу гудамж уруудаад зугтаасан. Хадам аавынхаа гэрт ороод хөөргөө үзэхэд алга болсон байсан. Хөөрөгний даалин дотор 120000 төгрөг, жолооны үнэмлэх, iphone маркын гар утасны цэнэглэгч байсан. Тэр хоёр залуугийн авсан мөнгө нь 75000 орчим төгрөг байсан байх. Цулгуу ногоон өнгийн хээтэй даалинтай, ногоон өнгийн дунд гарын, улаан өнгийн толгойтой хөөрөг байсан. Би 02 сарын 27-ны шөнө 02 цаг 10 минутанд хадам аав ийн гэрт орсон. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Гомдол тэмцэлгүй нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / 21-22 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.гийн өгсөн...2020 оны 02 сарын 26-ны орой 23 цагийн үед Б. утсаар яриад “Цамбагарав буудалд хүрээд ирээч” гэсэн. Тэгээд буудлын 203 тоот өрөөнд ороход Отгоо, , Б. нар байсан. Бид нар пиво ууж байгаад би унтсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ы өгсөн...2020 оны 02 сарын 26-ны өдөр Дарви сумаас Б.ийн хамт орж ирээд хадам аавынд нь хоол идсэн. Тэндээсээ гараад Отгоог аваад Цамбагарав буудалд өрөө авсан. Г.г дуудсан. Бид нар пиво ууцгаасан. Отгоо, хоёр харих гээд явсан. Б. бид хоёр буудлын үүдэнд гараад зогсож байгаад Б. явсан. Би буудалдаа ороод унтсан. Бид нар маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 29-30 дугаар хуудас/
Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн...Ногоон хаш хөөрөг 350000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 44 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 234 дугаартай...Б.ийн биед духны баруун хэсэгт зулгаралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, баруун хөлийн өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт/ хэргийн 49 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай...1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн 4 ширхэг гутлын улны мөр харьцуулах загвараар ирүүлсэн 2 хос 4 ширхэг гутал нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн зураг №-4, зураг №-5-д дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хагас түрийтэй бор өнгийн гутлын баруун зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээр тохирно.
3.Шинжилгээнд ирүүлсэн зураг -6, зураг -7, дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар өнгийн гутлын баруун , зүүн өмсгөлийн мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирно ... гэх дүгнэлт , гэрэл зураг / хэргийн 54-61 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч С.*******ий хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 02 сарын 26-ны орой П.гийн аав, ээж хоёр нь манайд ирсэн. П. нь утсаар залгаад “ 1 дүгээр сургуулийн хажууд хүрээд ир” гэсэн. Бид хоёр уулзаад гэрт нь таксигаар хүргүүлж ирээд хөзөр тоглож, цай ууж байгаад П. 2 ширхэг пиво гаргаж ирээд уусан. Түүнийг согтоод ирэхээр пивийг нь нуусан. Хүүхэдтэй уулзана гээд гэрээсээ гараад явж байтал тэдний хашааны дэргэд согтуу нэг ах зогсож байгаад бид хоёрыг дуудахаар нь очсон. Тамхи байна уу гэсэн. П. утсаараа яриулчих гэхэд утас байхгүй гэсэн. П. тэр ахыг хөлөөрөө хавсарч цохисон чинь зугтаад гүйхээр нь араас нь би очоод барьж аваад зогсож байхад П. ирээд цохиод, бид хоёр нийлж аваад унагаад “ мөнгөө гаргаад ир” гээд кармааг нь ухахад “ Iphone” утасны цэнэглэгч гарч ирэхээр нь надад өгөөд, гудамжинд хүн гараад ирэх шиг болохоор нь хол очиж зогсож байгаад буцаж ирээд халаасыг нь ухахад халаасанд нь даалинтай хөөрөг байсан. Түүнийг аваад П.гийн гэрт ороод үзэхэд ногоон өнгийн даалинтай, улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг байсан. 73800 төгрөг байсныг үзчихээд далд хийгээд маргааш өглөө нь мөнгийг нь 35000 төгрөгөөр хувааж авсан. 02 сарын 26- 27-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед байсан. П. тэр хүнийг цохиж зодоод мөнгө нэхээд байхаар нь би кармааг нь ухаад хөөрөг байсныг авсан. П. хөөргийг нууна гээд аваад үлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэрээсээ гараад хамаатны дүү С.*******ий хамт ******* багт байдаг “Молор” дэлгүүрийн ойролцоо танихгүй нэг залуутай тааралдаад бид хоёрыг дуудахаар нь очтол “ тамхи байна уу” гэхээр нь байхгүй гэтэл та хоёр тамхи татаад зогсож байсан биз дээ гэхээр нь маргалдаад заамдаж бариад нүүрэнд нь нэг цохисон. Тэр залуу Молор дэлгүүрийн урд талын гудамжаар ороод зугтаахаар нь араас хөөж барьж аваад гараараа 2-3 удаа цохиод “ мөнгө байна уу пизда минь” гээд цохисон. С.******* тэр залуугийн даалинтай хөөргийг авсан байсан. Даалин дотор нь 73500 төгрөг байсан. Мөнгийг нь тэнцүү хувааж авсан. С.******* хөөргийг нь хаяна гэхээр нь би байж байг гээд гэртээ хадгалсан байсан. Бид хоёр 2.5 литрийн 2 ширхэг боргио пиво уусан, ухаан санаа эрүүл байсан. Тэр ахыг цохиж байхдаа “мөнгө байгаа болов уу айгаад мөнгөө өгчих байх” гэж бодож байсан. Тухайн мөнгөөрөө утсандаа нэгж хийгээд, үлдсэн мөнгийг мөнгө авсан байсан найз Нямдаваад өгсөн. Ногоон торгон даалинтай, улаан өнгийн толгойтой, ногоон өнгийн хөөрөг байсан. Би тэр залуугийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон, унахаар нь С.******* хөлөөрөө 2-3 удаа цохисон. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг
Ховд аймгийн Цагдаагийн газарт хохирогч Б.ийн гаргасан... *******гийн , Сэр- Одын ******* нарт ямар нэгэн гомдол тэмцэлгүй, хохирлыг бүрэн барагдуулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...гэх хүсэлт / хэргийн 162 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нар нь 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.ийг согтуу хадам аавындаа очих гээд явж байх үед нь биед нь халдаж, П. нь хохирогчийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, С.******* нь газар унахад нь хөлөөрөө өшиглөж, түүний куртикний карманаас нь ногоон өнгийн даалинтай хаш хөөрөг, “Iphone” гар утасны цэнэглэгч, хөөрөгний даалинд байсан 73500 төгрөг зэргийг авсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.гийн гэрээс ногоон өнгийн даалинтай, хаш хөөрөг, “Iphone” гар утасны цэнэглэгч зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.*******, тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч П. нь хохирогч Б.ийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, өсвөр насны шүүгдэгч С.******* нь газар унахад нь хөлөөрөө өшиглөж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон З.ийн...биед духны баруун хэсэгт зулгаралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, баруун хөлийн өвдөгний хэсэгт зулгаралт...гэх гэмтэл учруулсан тогтоогдсон.
Шүүгдэгч П. , өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүү нар нь хохирогчийн хөөрөг, утасны цэнэглэгч, 73500 төгрөгийг авч хохирогчид 432000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасан ба шүүгдэгч П. нь хохиргчийг барьж авч багалзуурдаж, нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон, түүнийг газар унахад нь өсвөр насны шүүгдэгч С.******* нь хөлөөрөө өшиглөж, “мөнгө байвал өг” гэж улмаар С.******* нь хохирогчийн куртикний карманаас нь даалинтай хөрөг болон мөнгө, шүүгдэгч П. гар утасны цэнэглэгч зэргийг авсан нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэн бүлэглэж авсан гэж үзнэ.
Шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. нь шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нар нь хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П. нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 29- ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29- ний өдрийн 44/ А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж биечлэн эдэлж байсан хэргийн 99 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 101- 138 дугаар хуудас дахь 96, 44/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар,
Өсвөр насны шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 98 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нарыг хохирогчид учирсан хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт, тайлбартаа:Шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ шөнийн цагаар бүлэглэн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж авсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.д 2 жил 3 сарын хорих ял шийтгэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д 2 жилийн хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн даалинтай,улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг, “ Iphone” гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.д, 2 хос 4 ширхэг гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож, шүдний сойзыг устгах, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 432000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.гийн өмгөөлөгч гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч П.гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч С.*******ий өмгөөлөгч гаргасан дүгнэлт,тайлбартаа: Өсвөр насны шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, согтуугаар үйлдсэн. Хохирогчид хүч хэрэглэсэн. Өсвөр насны шүүгдэгч С.******* нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн, насанд хүрээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч П., өсвөр насны шүүгдэгч С.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.д 1 жил 1 сарын хорих ял, өсвөр насны шүүгдэгч С.*******д 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч П.д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Өсвөр насны шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж 73500 төгрөг олсон, тухайн мөнгөө хуваан авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Б.ийн...даалин дотор 75000 орчим төгрөг байсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 36250 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.*******ий хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяраас 36250 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.
Харин улсын яллагч нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 432000 төгрөг гаргуулах дүгнэлт тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нар нь хөөрөг болон гар утас цэнэглэгч, даалинд байсан 73500 төгрөгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хөөрөг болон гар утасны цэнэглэгч зэргийг шүүгдэгч П.гийн гэрээс хураан авч эд мөрийн баримтаар тооцож шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хохирогч Б.д буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн 2036000710068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн даалинтай, улаан өнгийн толгойтой ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, iphone гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.д, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг шүүгдэгч П.д, бор өнгийн 1 хос гутлыг өсвөр насны шүүгдэгч С.******* нарт олгож, сойзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П. болон өсвөр насны шүүгдэгч С.******* нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч П.д хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Өсвөр насны шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч С.*******д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэх эдлүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2,3-т заасныг журмыг тайдбарлан өгөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.10, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн , өсвөр насын шүүгдэгч ******* овогт Сэр- Одын ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн д 1 жил 1 сарын хорих ял, өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******д 1 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч П.д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2036000710068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн даалинтай, улаан өнгийн толгойтой ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, iphone гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.д, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг шүүгдэгч П.д, бор өнгийн 1 хос гутлыг өсвөр насны шүүгдэгч С.*******д тус тус олгож, сойзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 2, 3 –т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд...хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэх эдлүүлэхийг өсвөр насны шүүгдэгч С.*******д тайлбарлан өгсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч П.гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 36250 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.*******ий хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяраас 36250 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА