Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 002

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Э.*******гийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, С.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох хуваарьт хөрөнгө эд зүйлийн үнэ 6.640.000 төгрөг эсхүл эд хөрөнгө буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2015 оны 07 сарын 07-ны өдөр гэртээ ирээд түүнээс хойш дахиж гэртээ ирээгүй. Надруу утсаар ч яриагүй. Тэгтэл өөр эмэгтэйтэй болсон басан. Би энэ хүнийг эргээд ирэх байх гээд эхэндээ их хардаг байсан. Мөн хадам ээжийг надруу ярьж намайг наашаа цаашаа ирж очиж байгаарай гэж хэлэх байх гэж бодсон боловч нэг ч удаа яриагүй. Би ажлаа хийгээд сумдаа байна. Хүүхдээ өөр дээрээ байлгаж хүүхдийн тэтгэлэг гаргуулна. *******ын Эд хөрөнгийг өөрт нь өгнө гэж бодож байгаа. Ер нь эд хөрөнгөө зах зээлийн үнээс арай дээгүүр үнээр үнэлсэн байна лээ. Бид хоёр одоо тусдаа амьдарч байж би хүний гэрт амьдраад байх муухай тийм учраас гэрийг нь *******т буцааж өгнө гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* намайг өөр хүүхэнтэй болсон гэж яриад байна. Надад тийм асуудал байхгүй ямар ч хамаагүй хүүхэнтэй ингэж харддаг юм. Хүүхдийг хэн дээр байлгахыг хуулийн дагуу шийдэх байх. Би хүүхдээ авна гэж булаацалдах юм алга байна. Алсдаа бол хүүхдийнхээ саналыг сонсож байгаад болно. Бид хоёр хурим найраа албан ёсоор хийж айл болсон боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа юм. Би гэрэ орон болохдоо цуглуулсан эд хөрөнгөө аваагүй байгаа. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч удаан бодсоны эцэст энэ хөрөнгийг авах сонирхолгүй байгаа. Хэрэв ******* зөвшөөрвөл хүүхдийн тэтгэлэгт оролцуулаад авбал болно. Үгүй бол би хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамж яаж тогтоогдохыг мэдэхгүй байна. Хэрвээ хүүхдийг ээж дээр нь байлгахаар шүүх тогтоовол хариуцагч нь өөрийн гэсэн орлогогүй учраас хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Э.******* нь С.*******т холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах, С.*******ын сөрөг нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох хуваарьт хөрөнгө эд зүйлийн үнэ 6.640.000 төгрөг эсхүл эд хөрөнгө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Улмаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 3.801.000 төгрөгийг гаргуулахыг хүсчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлтээсээ мөн татгалзсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон шүүхэд ирүүлсэн хүслтүүдээр давхар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Э.******* нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Ц.*******ийг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Э.******* охин Ц.*******ийг өөрийн асрамжид үлдээж, эцэг С.*******аар тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.

Хариуцагч С.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар охин Ц.*******ийг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.*******аас гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар *******ын *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.*******д даалгасугай.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч С.*******аас 28194 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ