Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П.Барсүрэн, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч Газарч овогт Сэр-Одын Сэнгүүн нарт  холбогдох эрүүгийн 2036000710068  дугаартай,  178/2020/0098/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 04- ний  өдөр хүлээн авч 2020 оны 05 сарын 18-ны өдөр хянан  хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 2003 оны 08 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 16 настай,  бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй,  Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  11-ийн Б бүлэгт суралцдаг, ам бүл-5, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24  айлын орон сууцны 01-03 тоотод оршин суух, ПЖ 03282913  регистрийн дугаартай, Газарч овгийн Сэр- Одын Сэнгүүн

2.Монгол улсын иргэн, 1999 оны 01 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 29- ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 44/ А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн, ПЖ99012851 регистрийн дугаартай, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч Сэр-Одын Сэнгүүн нар нь бүлэглэн 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Нарангэрэлийн биед халдаж, ногоон өнгийн даалинтай улаан өнгийн толгойтой, цайвар ногоон өнгийн хөөрөг,   “iphone” маркын гар утасны цэнэглэгч, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн авч, хохирогчид 423000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан  гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 1 дүгээр гудамж 14 тоот хашаа байх бөгөөд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан улаан цэнхэр өнгийн төмөр хаалгатай, Т- 1-14 тоот гэсэн хашааны гудамж  хэсэгт  хэрэг үйлдэл болсон байх ба А үсгээр хэрэг учралын   газарт үлдсэн шүдний сойз, цус мэт зүйлээр бохирлогдсон мөр дүрсийг тэмдэглэж гутлын мөрийг 1, 2 гэсэн тоогоор тэмдэглэв. 1,2 гэсэн тоогоор тэмдэглэсэн гутлын мөрийг Тахилт багийн 1 дүгээр гудамж, 2 дугаар гудамж, 3 дугаар гудамжийн чиглэлд гутлын улны мөрийн чиглэлийг тогтоох зорилгоор шалгасан боловч ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал  тогтоогдоогүй. Гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Цус мэт  зүйлээр бохирлогдсон шорооны дээж, шүдний сойзыг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 4-6 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авсан...Цайвар ногоон өнгийн хөөрөг,  “iphone” маркын гар утасны цэнэглэгчийг П.Барсүрэнгээс хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 10- 12 дугаар хуудас /

Эд мөрийн баримтыг хураан авсан...Гуталны дотор хэсэгт дөрвөлжин цагаан дээр хар өнгөөр Вьетнам улсад үйлдвэрлэсэн  гэсэн бичигтэй, 44,28 өмсгөлтэй, хагас цахилгаантай, цахилгааны дотор талд үдээстэй, хойд талын дээд хэсэгт, урд талын цахилгааны дээд  талд, хажуу талдаа цагаан өнгийн дүрс бүхий тэмдэгтэй, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг иргэн П.Барсүрэнгээс  хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 14-15 дугаар хуудас/

Эд мөрийн  баримт хураан авсан...Аль улсад үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, бор өнгөтэй, үдээстэй  арзгар ултай улны хэсэгт  “TEBAIIIUND” гэсэн бичвэртэй,15.5 см өндөртэй гутал 1 хосыг иргэн С.Сэнгүүнээс хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 16-17 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Дарви суманд 1994 оны 05 сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженерийн мэргэжилтэй, МО ЭН КО ХХК-д опериатор ажилтай,  ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, ПГ 94053017 дугаарын регистртэй/ Дод овогт Баяраагийн Нарангэрэлийн өгсөн...2020 оны 02 сарын 26-ны орой хадам аав Мягмардоржийнд ирээд хоол идсэн. Дараа нь найз Орхон нарын хамт Цамбагарав буудалд орж өрөө аваад пиво ууцгаасан. Шөнө 01 цаг 30 минутын үед Цамбагарав буудлаас гараад Спорт ордон, Цаг уур, Хуучин нисэх, Х баар, 6 дугаар сургуулийн урд талын засмал зам, Тоглоомтой гудамжны дөрвөн замын уулзвараар урагшаа чигээрээ гараад Молор дэлгүүрийн урд талын гудамжаар уруудаад явж байтал хойноос хоёр залуу гүйж ирээд намхан хар хувцастай  залуу нь “ гэр чинь хаана байдаг юм хүргээд өгье “ гээд карма ухаад байсан. Тэгээд тэр хоёр залуутай зодолдоод зугтаасан. Зугтаж явж байхдаа нунтаг шороон дээр хөл алдаж унасан. Намайг барьж аваад нүүр лүү   2-3 удаа өшиглөх үед нүүрээ дарж хэвтсэн. Тэр залуу гудамж уруудаад зугтаасан. Хадам аавынхаа гэрт ороод хөөргөө үзэхэд  алга болсон байсан. Хөөрөгний даалин дотор 120000 төгрөг, жолооны үнэмлэх, iphone маркын гар утасны цэнэглэгч байсан. Тэр хоёр залуугийн авсан мөнгө нь 75000 орчим төгрөг байсан байх. Цулгуу ногоон өнгийн хээтэй даалинтай, ногоон өнгийн дунд гарын, улаан өнгийн толгойтой хөөрөг байсан. Би 02 сарын 27-ны шөнө 02 цаг 10 минутанд хадам аав Мягмардоржийн гэрт орсон. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Гомдол тэмцэлгүй нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / 21-22 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Г.Ганзолбоогийн өгсөн...2020 оны 02 сарын 26-ны орой 23 цагийн үед Б.Нарангэрэл утсаар яриад “Цамбагарав буудалд хүрээд ирээч” гэсэн. Тэгээд буудлын 203 тоот өрөөнд ороход Отгоо, Орхон, Б.Нарангэрэл нар байсан. Бид нар пиво ууж байгаад би унтсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Орхоны өгсөн...2020 оны 02 сарын 26-ны өдөр Дарви сумаас Б.Нарангэрэлийн хамт орж ирээд хадам аавынд нь хоол идсэн. Тэндээсээ гараад Отгоог аваад Цамбагарав буудалд өрөө авсан. Г.Ганзолбоог дуудсан. Бид нар пиво ууцгаасан. Отгоо, Ганзолбоо хоёр харих гээд явсан. Б.Нарангэрэл бид хоёр буудлын үүдэнд гараад зогсож байгаад Б.Нарангэрэл явсан. Би буудалдаа ороод унтсан. Бид нар маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 29-30 дугаар хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн...Ногоон хаш хөөрөг 350000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 44 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 234 дугаартай...Б.Нарангэрэлийн  биед духны баруун хэсэгт зулгаралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, баруун  хөлийн өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.Нарангэрэлийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт/ хэргийн 49 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай...1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зурганд бэхжигдсэн 4 ширхэг гутлын улны мөр харьцуулах загвараар ирүүлсэн 2 хос 4 ширхэг гутал нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн зураг №-4, зураг №-5-д  дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хагас түрийтэй бор өнгийн гутлын баруун зүүн өмсгөлийн улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээр тохирно.

3.Шинжилгээнд ирүүлсэн зураг -6, зураг -7, дээрхи гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар өнгийн  гутлын баруун , зүүн өмсгөлийн мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирно ... гэх дүгнэлт , гэрэл зураг / хэргийн 54-61 дүгээр  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч С.Сэнгүүний хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 02 сарын 26-ны орой П.Барсүрэнгийн аав, ээж хоёр нь манайд ирсэн. П.Барсүрэн нь утсаар залгаад “ 1 дүгээр сургуулийн хажууд хүрээд ир” гэсэн. Бид хоёр уулзаад гэрт нь таксигаар хүргүүлж ирээд хөзөр  тоглож, цай ууж байгаад П.Барсүрэн 2 ширхэг пиво гаргаж ирээд уусан. Түүнийг согтоод ирэхээр пивийг нь нуусан. Хүүхэдтэй уулзана  гээд  гэрээсээ гараад явж байтал тэдний хашааны дэргэд согтуу нэг ах зогсож байгаад бид хоёрыг дуудахаар нь очсон. Тамхи байна уу гэсэн. П.Барсүрэн утсаараа яриулчих гэхэд утас байхгүй гэсэн. П.Барсүрэн тэр ахыг хөлөөрөө хавсарч цохисон чинь зугтаад гүйхээр нь араас нь би очоод барьж аваад зогсож байхад П.Барсүрэн  ирээд цохиод, бид хоёр нийлж аваад унагаад “ мөнгөө гаргаад ир” гээд кармааг нь ухахад “ Iphone” утасны цэнэглэгч гарч ирэхээр нь надад өгөөд, гудамжинд хүн гараад ирэх шиг болохоор нь хол очиж зогсож байгаад  буцаж ирээд халаасыг нь ухахад  халаасанд нь даалинтай хөөрөг байсан. Түүнийг аваад П.Барсүрэнгийн гэрт ороод үзэхэд ногоон өнгийн даалинтай, улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг байсан. 73800 төгрөг байсныг үзчихээд далд хийгээд маргааш өглөө нь мөнгийг нь 35000 төгрөгөөр хувааж авсан. 02 сарын 26- 27-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед байсан. П.Барсүрэн тэр хүнийг цохиж зодоод мөнгө нэхээд байхаар нь би кармааг нь ухаад хөөрөг байсныг авсан. П.Барсүрэн хөөргийг нууна гээд аваад үлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Барсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэрээсээ гараад хамаатны дүү С.Сэнгүүний хамт Тахилт багт байдаг “Молор” дэлгүүрийн ойролцоо танихгүй нэг залуутай тааралдаад бид хоёрыг дуудахаар нь очтол “ тамхи байна уу” гэхээр нь байхгүй гэтэл та хоёр тамхи татаад зогсож байсан биз дээ гэхээр нь маргалдаад заамдаж бариад нүүрэнд нь нэг цохисон. Тэр залуу Молор дэлгүүрийн урд талын гудамжаар ороод зугтаахаар нь араас хөөж барьж аваад гараараа 2-3 удаа цохиод “ мөнгө байна уу пизда минь” гээд цохисон. С.Сэнгүүн тэр залуугийн даалинтай хөөргийг авсан байсан. Даалин дотор нь 73500 төгрөг байсан. Мөнгийг нь тэнцүү хувааж авсан. С.Сэнгүүн хөөргийг нь хаяна гэхээр нь би байж байг гээд гэртээ  хадгалсан байсан. Бид хоёр 2.5 литрийн 2 ширхэг боргио пиво уусан, ухаан санаа эрүүл байсан. Тэр ахыг цохиж байхдаа “мөнгө байгаа болов уу айгаад мөнгөө өгчих байх” гэж бодож байсан. Тухайн мөнгөөрөө утсандаа нэгж хийгээд, үлдсэн мөнгийг мөнгө авсан байсан найз Нямдаваад өгсөн. Ногоон торгон даалинтай, улаан өнгийн толгойтой, ногоон өнгийн хөөрөг байсан. Би тэр залуугийн  нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон, унахаар нь С.Сэнгүүн хөлөөрөө 2-3 удаа цохисон. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг

Ховд аймгийн Цагдаагийн газарт хохирогч Б.Нарангэрэлийн  гаргасан...  Пүрэвсүрэнгийн Барсүрэн, Сэр- Одын Сэнгүүн нарт ямар нэгэн гомдол тэмцэлгүй, хохирлыг бүрэн барагдуулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...гэх хүсэлт / хэргийн 162 дугаар хуудас/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нар нь  2020 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Нарангэрэлийг согтуу хадам аавындаа очих гээд явж байх үед нь биед нь халдаж, П.Барсүрэн нь хохирогчийн нүүрэн тус газар нь  2-3 удаа цохиж, С.Сэнгүүн нь газар унахад нь хөлөөрөө өшиглөж, түүний куртикний карманаас нь ногоон өнгийн даалинтай хаш хөөрөг, “Iphone” гар утасны цэнэглэгч, хөөрөгний даалинд байсан 73500 төгрөг зэргийг авсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Барсүрэнгийн гэрээс ногоон өнгийн даалинтай, хаш хөөрөг, “Iphone” гар утасны цэнэглэгч зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Барсүрэн,  өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн, тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч П.Барсүрэн нь хохирогч Б.Нарангэрэлийн нүүрэн тус  газар нь гараараа 2-3 удаа цохиж,  өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нь газар унахад нь хөлөөрөө өшиглөж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон З.Нарангэрэлийн...биед духны баруун хэсэгт зулгаралт, хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний үзүүр хэсгийн паалангийн эмтрэлт, баруун  хөлийн өвдөгний хэсэгт зулгаралт...гэх гэмтэл учруулсан тогтоогдсон.

Шүүгдэгч П.Барсүрэн , өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүү нар нь хохирогчийн хөөрөг, утасны цэнэглэгч, 73500 төгрөгийг авч хохирогчид 432000 төгрөгний хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасан ба шүүгдэгч П.Барсүрэн нь хохиргчийг барьж авч багалзуурдаж, нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон, түүнийг газар унахад нь өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нь хөлөөрөө өшиглөж, “мөнгө байвал өг” гэж  улмаар С.Сэнгүүн нь хохирогчийн куртикний карманаас нь даалинтай хөрөг болон мөнгө, шүүгдэгч П.Барсүрэн гар утасны цэнэглэгч зэргийг авсан нь  бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэн бүлэглэж авсан гэж үзнэ.  

Шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч Б.Нарангэрэл нь шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нар нь хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Барсүрэн нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 29- ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29- ний өдрийн 44/ А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж биечлэн эдэлж байсан хэргийн 99 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 101- 138 дугаар хуудас дахь 96, 44/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар,

Өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн  нь анх удаа гэмт  хэрэг үйлдсэн нь хэргийн 98 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарыг хохирогчид учирсан хохирол төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт, тайлбартаа:Шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ  шөнийн цагаар  бүлэглэн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж авсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнд 2 жил 3 сарын хорих ял шийтгэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд 2 жилийн хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн даалинтай,улаан толгойтой ногоон өнгийн хөөрөг, “ Iphone” гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.Нарангэрэлд, 2 хос 4 ширхэг гутлыг шүүгдэгч нарт  буцаан олгож, шүдний сойзыг устгах, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 432000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Барсүрэнгийн өмгөөлөгч гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч П.Барсүрэнгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн.  Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүний өмгөөлөгч гаргасан дүгнэлт,тайлбартаа: Өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн  зүйлчлэлийн талаар маргахгүй, түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.  Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, согтуугаар үйлдсэн. Хохирогчид хүч хэрэглэсэн. Өсвөр  насны шүүгдэгч С.Сэнгүүн нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг  төлсөн, насанд хүрээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбар, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнд 1 жил 1 сарын хорих ял, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд 1 жилийн хорих ял  тус тус  шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар  шүүгдэгч П.Барсүрэнд  оногдуулсан 1 жил 1 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

            Өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж 73500 төгрөг олсон, тухайн мөнгөө хуваан авсан нь   мөрдөн шалгах ажиллагааны явцад  шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын  өгсөн мэдүүлэг,  хохирогч Б.Нарангэрэлийн...даалин дотор 75000 орчим төгрөг байсан... гэх мэдүүлэгээр  тогтоогдож байх тул шүүгдэгч П.Барсүрэнгээс  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 36250 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүний хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяраас 36250 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.

            Харин улсын яллагч нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого  432000 төгрөг гаргуулах дүгнэлт тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нар нь хөөрөг болон гар утас цэнэглэгч, даалинд байсан 73500 төгрөгийг  дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хөөрөг болон гар утасны цэнэглэгч зэргийг шүүгдэгч П.Барсүрэнгийн гэрээс хураан авч эд мөрийн баримтаар тооцож шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хохирогч Б.Нарангэрэлд буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх  үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

             Эрүүгийн 2036000710068  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ногоон өнгийн даалинтай, улаан өнгийн толгойтой ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, iphone  гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.Нарангэрэлд, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг шүүгдэгч П.Барсүрэнд, бор өнгийн  1 хос гутлыг өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарт олгож, сойзыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц  устгах нь  зүйтэй байна.

Шүүгдэгч П.Барсүрэн болон өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүхээс шүүгдэгч П.Барсүрэнд хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэх эдлүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2,3-т заасныг журмыг тайдбарлан өгөв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  18.1, 18.2, 18.10, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн, өсвөр насын шүүгдэгч Газарч овогт Сэр- Одын Сэнгүүн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар  шүүгдэгч Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэнд 1 жил 1 сарын хорих ял,  өсвөр насны шүүгдэгч Газарч овогт Сэр-Одын Сэнгүүнд 1  жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд оногдуулсан  1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн 2036000710068  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ногоон өнгийн даалинтай, улаан өнгийн толгойтой ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, iphone  гар утасны цэнэглэгчийг хохирогч Б.Нарангэрэлд, хар өнгийн пүүзэн гутал нэг хосыг шүүгдэгч П.Барсүрэнд, бор өнгийн  1 хос гутлыг өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд тус тус олгож, сойзыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц  устгаж, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх  төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 2, 3 –т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол  биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд...хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэх эдлүүлэхийг өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд тайлбарлан өгсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнгээс  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 36250 төгрөг, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүний хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяраас 36250 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч П.Барсүрэнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА