| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 902 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 902
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч Б.Дагвадулам,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Н холбогдох эрүүгийн 2006 01423 0821 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Н .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын колонкийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний дэргэд хохирогч Б.Дагвадуламтай "ТҮЦ-ний тог тасалсан" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар ТҮЦ-ний дэргэд болон цагдаагийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “.2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр миний бага охины төрсөн өдөр болж байсан. Бид нар охиноо суулгачихаад төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд байж байсан. Бид нар бялуугаа задалчихаад сууж байхад манай охин “хажуу талын айлын эгч тог байхгүй байна гээд орилоод” байна гээд орж ирсэн. Бид нар орой бараагаа авах гээд явчихаад буцаж ирэхэд хажуугийн ТҮЦ-ний тог байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө ТҮЦ-ний тогийг шалгахад манай нөхөр дээр нь салсан байна гэж хэлсэн. Тэрийг янзлаад зогсож байхад Г.Н ирээд намайг “янхан, гичий, наадах чинь өдөр шөнөгүй ТҮЦ-ндээ хүн байнга оруулж унтдаг” гэх мэтээр дайрч давшлаад байсан. Тухайн үед Г.Н согтуу байсан. Тэгээд би энэ согтуу хүнтэй юу ярих вэ? гэж бодоод цагдаа дуудаж өгсөн. Цагдаад дуудлага өгөөд байж байхад энэ эгч эргээд ТҮЦ рүүгээ орсон. Тэгэхээр нь би танд цагдаа дуудсан гэж хэлэхэд хажууд нь байсан Шижирбат хүртэл Г.Н хандан “Хүний амьдрал чамд хамаагүй” гэж хэлсэн. Бид нарын хооронд сансарын колонк дээр зодоон болоогүй бөгөөд хэрүүл болсон. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн машинд ард нэг хүнтэй сууж явахад над руу салаавч гаргаад гараагаа толгой руу цохисон. Намайг сансарын колонкоос цагдаагийн 2 дугаар хэлтэс орох зам хүртэл миний толгой руу цохиж зодсон. Тэгээд миний хамарнаас цус гараад цагдаа намайг түшиж оруулсан. Тэгээд намайг хамраа угаачих гээд миний зургийг авч өгсөн. Цагдаа энэ хүн согтуу байна “та өргөдлөө өгчих” гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн дээр томографийн зураг авахуулсан, мөн эм тариа авсан нийт 217.537 төгрөг нэхэмжилж байна. Г.Н эгчээс үр хүүхэд гэр орон руу маань битгий дайрж давшлаарай гэж гуймаар байна гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Дагвадуламын өгсөн мэдүүлэг /хх-5-9/, гэрч Х.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-13-15/, гэрч Ш.Дэлгэрмөрөнгийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, гэрч Ж.Шижирийн өгсөн мэдүүлэг /хх-19-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3263 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27/, Г.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-52-54/, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хохирогч Б.Дагвадуламын хохирлын баримт /хх-23-25/, шүүгдэгч Г.Н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын колонкын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний дэргэд хохирогч Б.Дагвадуламтай "ТҮЦ-ний тог тасалсан" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар ТҮЦ-ний дэргэд болон цагдаагийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дагвадуламын өгсөн: “Сансрын колонкын автобусны буудал дээр зүс таних Г.Н намайг тог тасалсан гэх шалтгаанаар намайг доромжилж зодсон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад хамтдаа цагдаагийн хэлтэс орох хооронд цагдаагийн авто машин дотор зодож гэмтэл учруулсан. Гараараа миний хамар болон нүүрний хэсэгт цохиж, үсдэж юм мөргүүлсэн, шүүх эмнэлэгт 8000 төгрөг, КТГ-т 120.000 төгрөг, эрүүл мэндийн дэвтрээ 25.200 төгрөгөөр бөглүүлж, өвчин намдаах эм 44.337 төгрөг авсан бүх баримт нь байгаа, мөн машинд бензин хийсэн 20.000 төгрөг байгаа түүнийгээ хавсаргаж өгсөн байгаа. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байгаа дахиж эмнэлэгт үзүүлнэ. Цагдаагийн автомашинд байхад цохиж учруулсан." /хх-5-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхжаргалын өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 3-ны орой ТҮЦ-ний тог тасарчихлаа гэхээр нь эхнэрийн хамт очсон. Тэгтэл хажуу талын ТҮЦ-ийн эгч согтуу байсан ба эхнэр бид 2-ыг тог хулгай хийсэн гэхээр нь "за яршиг" гээд цаашаа явсан. Дэлгэрмөрөн ирээд "ээжийг цагдаа аваад явчихлаа" гэхээр нь хаашаа явсан гэхэд Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан гэж хэлсэн.” /хх-13-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Дэлгэрмөрөнгийн өгсөн: “Хажуу талын ТҮЦ-ний эгч Г.Н согтуу ирсэн, манай ээж рүү тог та нар тасалсан нүүр ам руу салаавч гаргаад байсан. Ээж "намайг цохичихлоо, цагдаа дуудна" гээд ТҮЦ рүү орж ирээд цагдаа дуудсан. Манай ээжийн уруулаас нь цус гарсан байдалтай байсан. Цагдаа дээр ирээд Г.Н ээжийг бас цохисон гэсэн нойлын өрөөнд хамарнаас цус гарсан байдалтай байсан.” /хх-16-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Шижирийн өгсөн: “Би Г.Н ямар хүнтэй хэрэлдэж маргалдсаныг хараагүй, мэдээгүй болохоор мэдэхгүй байна. Түүний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан.” /хх-19-21/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Дагвадуламын биед тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. /хх-26-27/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Н яллагдагчаар өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр найз Шижиртуяатай Улаанхуаранд уулзаж байхад худалдагч Алтанчимэг манай тогноос хажуу ТҮЦ-ний Дагвадулам хулгайлаад “өдөржингөө тоггүй байна хөлдөж үхлээ” гээд утсаар ярихаар нь би найз Шижиртуяагийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкын автобусны буудлын хойд талд байрлах ТҮЦ-ндээ очиход Дагвадуламын нөхөр гэх үл таних залуу баахан утас гаргаж ирээд тэр хавийн ТҮЦ-ний тогноос хулгай хийгээд хүмүүстэй хэрэлдээд зогсож байхаар нь “та нар ямар ядаргаатай юм бэ, та нар манай тогноос өвөлжингөө хулгай хийсэн дээрэлхээд байгаа юм уу, та нарын олуулаа байх чинь ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд нөхөр нь гэх үл таних залуу “хуцаад бай” гээд охиныхоо хамт над руу шүүр далайхаар нь би эсэргүүцэх гээд цохихоор нь нүүр рүү нь халит хүрэх шиг болсон. Тэгээд хэрүүл болоод 3-хан секунд болоод байж байхад 2 залуухан цагдаа ирээд “за явнаа” гээд Даваадулам нь бид 2-ыг машинд суулгаад Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчраад бид 2-оос мэдүүлэг авах гэж байгаа юм байна гэж бодтол Дагвадуламыг буулгаад намайг авч явж эрүүлжүүлсэн. Намайг хаашаа авч явааг мэдээгүй. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Тэгээд намайг эрүүлжүүлсэн. Цагдаад ирэхээс өмнө Дагвадуламын нөхөр нь миний баруун талын шагай руу 1 удаа өшиглөсөн. Тухайн үед их өвдөж байсан ба тэр өдөр эрүүлжүүлэгдсэн болохоор эмнэлэгт үзүүлж чадаагүй. Намайг эрүүлжүүлэх рүү ороод миний согтолтыг шалгахад 0.9-тэй гарсан. Тэгээд энд 3 согтуу хүн байна төлбөрөө өгч чадахгүй байна. Та энэ хүмүүсийн төлбөрийг төлөөд та гэр рүүгээ яв гэж хэлэхээр нь манай гэр Шарга морьтод байдаг болохоор явж чадахгүй өглөө явъя гээд эрүүлжүүлэхэд орсон. Тэгээд өглөө намайг гаргасан.”/хх-52-54/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
Хохирогч Б.Дагвадуламын хохирлын баримт /хх-23-25/,
Шүүгдэгч Г.Н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Н нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын колонкийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний дэргэд хохирогч Б.Дагвадуламтай "ТҮЦ-ний тог тасалсан" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар ТҮЦ-ний дэргэд болон цагдаагийн тээврийн хэрэгсэл дотор хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Дагвадулам нь 217.537 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Б.Дагвадулам нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус
тус зааснаар Г.Н 217.537 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дагвадуламд олгосугай.
7. Хохирогч Б.Дагвадулам нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС