Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 121/2021/0004/З |
Дугаар | 221/МА2021/0470 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0470
С.З-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч С.З, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.З-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч С.З-ын Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.З-ыг ажилд эгүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1,157,017 төгрөгийг ажилд эгүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний утгыг хууль зүйн талаас нь дүгнэлт хийсэнгүй, зөвхөн эрх мэдэлтний талд үйлчилж, иргэний эрхийг үл хүндэтгэж байна.
Нэхэмжлэгч С.З нь засаг дарга С.Ч-н бүрэн эрхтэй маргаагүй. Харин нь Засаг дарга С.Ч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, холбогдох хуулийн заалтуудыг буруу хэрэглэж байгаа талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг дарга С.Ч-гийн хууль бус шийдвэрээс болж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байхад, шүүх үл тоомсорлож байгаа нь иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрх ноцтой зөрчигдөж байна.
С.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар, тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.З-ыг гурван сартай жирэмсэн байхад нь МАН-ын гишүүн гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.7 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг зөрчиж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хянаад хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч С.З-аас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.З-ыг ажилд эгүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1,157,017 төгрөгийг ажилд эгүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Маргаан бүхий актаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх заалтыг үндэслэн Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Золбаярыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Н-нг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Засаг даргын орлогчийн ажилд томилж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/72 дугаар албан бичгээр “сумын Засаг даргын орлогч С.Золбаярыг Д.Н-гээр өөрчлөх хүсэлтээ” гаргаж, улмаар Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Засаг даргын орлогчоор Д.Н-г томилж, дээрх хугацаанд буюу маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгч С.З жирэмсэн байсан болох нь тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч С.З-ын эрхэлж байсан Сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь “улс төрийн албан тушаал” байх бөгөөд түүний бүрэн эрх нь сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай адил байхаар байна. Учир нь улс төрийн албан тушаалд хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаалд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалтанд мөн хамаарахаар Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхойлж өгсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох заалтыг...” зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч тухайн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Учир нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон сумын Засаг дарга өөрт нь үйлчлэх орон тооны “сумын Засаг даргын орлогч”-ийг сонгон томилох, чөлөөлөх эрхийг Монгол Улсын засар захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж өгсөн. Хариуцагч сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...С.Золбаярыг жирэмсэн байх үед нь ажлаас халсан, шүүх хуулийг буруу тайлбарласан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, сумын Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх, ажилд томилохыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтаар зохицуулсан тул төрийн улс төрийн албан тушаал болох “сумын Засаг даргын орлогч”-ийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг зөв тайлбарлан, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН