Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц ийн Б  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т.О .

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Т.О ын эрх залгамжлагч О.Э ийн өмгөөлөгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Б  нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан. Талбайн хэмжээг нэмэгдүүлж, байршил өөрчлөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамж гарч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож, нэгж талбарын дугаар улсын бүртгэлийн мэдээллийн санд орж баталгаажсан байдаг. Тухайн олгогдсон газрын зориулалтыг өөрчлөх тухай асуудлаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад газрын зориулалтыг өөрчлөх шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, дуудлага худалдааны анхны үнэ болох 15,906,000 төгрөгийг төлж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож түүний дагуу газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл эзэмшиж байсан газарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/170 дугаартай захирамжаар иргэн О.Э д 700 м.кв, Т.О т 700 м.кв, Э.Мөнхбаатарт 500 м.кв талбайг тус тус давхардуулан эзэмшүүлсэн байсан тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэст гомдол гаргасны дагуу дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн асуудал нь хууль бус болох тухай дүгнэлт гарч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/6418 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч дээрх нэр бүхий иргэдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн захирамжийг цуцлах тухай мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй учир Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжийн О.Э , Т.О , Э.Мөнхбаатар нарт холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э , Т.О , Э.Мөнхбаатар нарт холбогдох хэсгийг Ц.Б ын газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.  

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.О , ... нарын хувьд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтээ гаргаад, түүний дагуу судалж үзээд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүсэж, холбогдох мэдээ нь кадастрын мэдээллийн санд орсон байгаа. Тухайн үед газар эзэмшүүлэх шийдвэр гараад, газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгоод мэдээллийн санд бүртгэгдсэн байх явцад нэхэмжлэгчийн эрх ашиг хөндсөн зүйл харагддаггүй. Тиймээс Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Анх иргэн Ц.Б од Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 540 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Иргэн Ц.Б ын газар дээр маргаан үүссэн тул уг газартай чанарын хувьд дүйцэхүйц өөр байршилд шилжүүлж өгөх хүсэлтийг манай газарт 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар тус газрын байршлыг шилжүүлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1610 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгож газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 15 906 000 /арван таван сая есөн зуун зургаан мянган/ төгрөгийг төлүүлсэн бөгөөд, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/722 дугаар захирамжаар зориулалтыг нь өөрчилж үйлчилгээний зориулалттай болгон эзэмшүүлсэн.

Иргэн Т.О т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-4 тоотод 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Тухайн иргэдэд газар өмчлүүлэхдээ Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох хуулийн заалтыг зөрчин тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт дээрх иргэдэд Хан-Уул дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Т.О ын эрх залгамжлагч О.Э ийн өмгөөлөгч А.М  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.О  нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээд нар газраа авсан байдаг. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа гуравдагч этгээд нар ямар хууль тогтоомж зөрчсөн талаар үндэслэлээ хэлсэнгүй. Мэдээллийн санд орсон байхад давхцуулж олгосон гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл тийм зүйл хэргийн материалд байдаггүй. Гуравдагч этгээд нар газрын эрхийг авахдаа Ц.Б ын талаарх мэдээлэл мэдээллийн санд байгаагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Газар эзэмших хүсэлтийг тухайн үед гаргахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хэн нэгний газартай давхцаагүй байх гэсэн шаардлага хангагдсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан 0,07 га-аас илүүгүй байна гэсэн хэмжээний дагуу газраа өмчилж байгаа. Хүсэлтээ гаргаад, холбогдох бичиг баримт бүрдүүлэн өгөөд, шүүлт хийлгэхэд давхцалтай гэсэн зүйл гарч ирээгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2007 оноос эхлэн газар өмчлөх эрх нь үүссэн гэж нэхэмжлэлдээ дурьдсан байдаг. 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тус захирамжийг үндэслэж газар эзэмших эрх үүсээд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1610 м.кв газрыг эзэмших ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчид хуулийн дагуу өгсөн эрх нь зөрчигдсөн гэсэн асуудал энэ тухайд яригдах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь тус шүүхэд хандан, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн Т.О т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг эзэмшүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газрын хугацааг сунгасан, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар дээрх газрын талбайн хэмжээ, байршлыг өөрчилж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрыг эзэмшүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээний” гэж өөрчилж олгосон газар дээр үндэслэлгүйгээр давхцуулан олгож эрх, хууль ёсны минь ашиг сонирхолыг зөрчсөн гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Ц.Б ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамж, Нийслэлийн засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн иргэн О.Э , Э.Мөнхбаатар нарт холбогдох хэсгийг давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай, уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан О.Э ийн “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжаар газрын хугацааг сунгасан, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б од холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 338 дугаар тогтоолоор тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэн гэх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудыг шүүхээс “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх боловч уг захирамжийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, маргааны бүхий актууд хүчингүй, түүний эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий газарт иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхгүй атлаа хууль зөрчин нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд захиргааны илт хууль бус болно гэж заасан тул дээрх хууль бус захирамжийг үндэслэж гарсан дараа дараачийн захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй” гэж үзэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарчээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонихол нь зөрчигдсөн, хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрхийг нь зөрчиж өөр этгээдэд хариуцагч нараас давхцуулан газар эзэмшүүлж Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдох боломжгүй болж байх бөгөөд гуравдагч этгээд Т.О  түүний хууль ёсны өв залгамжлагч О.Э ийн хувьд хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь үүссэн талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргаагүй, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газарт хууль ёсны дагуу газар эзэмших эрхгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар тодорхой нотлогдож байх тул иргэн Ц.Б ын гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамж, Нийслэлийн засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн иргэн Т.О т холбогдох хэсгийг Ц.Б ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Т.О  2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Өвлөх эрхийн №12 дугаар гэрчилгээгээр Т.О ын “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 17 дугаар гудамж, 4 тоот 700 м.кв газар”-ыг өвлөх эрх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хүү О.Э д өвлөгдөн, эрх үүрэг шилжсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал” гэж зааснаар О.Э ийг Т.О ын эрх залгамжлагчийн хуваарь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ц.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Очир, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүхээс хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өмнө шүүх хуралдааны үеэр болон бусад үед бичгээр болон амаар тайлбарыг удаа дараа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжуудын Т.О т холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА