Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 838

 

                                                           Б.Г-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 805 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Энхбатын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээр Б.Г-т холбогдох эрүүгийн 1708000920023 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 21 дүгээр гудамжны 11 тоотод иргэн Ц.Бадамцоог зодож, эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгний хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Г-т холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ... энэ хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл прокурор Б.Г-ыг яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж заасныг зөрчиж, мэдээллийн хэр хэмжээг яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй тул яллагдагчаар татах тогтоол нь хууль ёсны байх шаардлага хангахгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж тус тус заасан байна.

Яллагдагч Б.Г-т холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн 170800092 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр мөрдөгч Б.Адарсүрэн нээсэн байх боловч мөрдөгч И.Занабазар 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ц.Бадамцоог хохирогчоор тогтоож, мөн өдрөө мэдүүлэг авсан. Мөн тухайн мэдүүлгийг хаана, хэдэн цаг, минутад авч, хэдэн цаг, минутад дуусгасан болох нь тодорхойгүй байгаа зэрэг нь тухайн нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлсэн гэхэд эргэлзээ бүхий болсон.

Түүнчлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг мөрдөгч 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр үйлдэж, дүгнэлтийг гаргуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг мөн зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно гэж хуульчилсан байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж мэдүүлэг авсан, шинжээч томилох тогтоол үйлдсэн байна.

3. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн мөрдөгчийн тогтоол нь хууль ёсны байх шаардлага хангахгүй. Тодруулбал хохирогч гэх Ц.Бадамцоогийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид “Хүндэвтэр гэмтэл” учирсаныг тодорхойлсон байхад мөрдөгч хэрэг бүртгэлт явуулах үндэслэлээ “хүндэвтэр хохирол учирсан” гэж шууд тогтоож, тодорхойлсон нь ойлгомжгүй.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8707 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа тодорхойлох хэсэгт тусгагдсан мэдээлэлд үндэслэж гаргасан байгаа мэт боловч тухайн тодорхойлох хэсэгт “...2017.7.1-ны ГССҮТ-ын эход ... тодорхойлогдохгүй...” гэж бичигдсэн байгаа нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэхэд эргэлзээ бүхий болсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг зөв явуулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах эсэргүүцлийг бичив. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж заасны дагуу хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд буй эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нотлох баримтуудыг жагсааж тодорхойлох хэсэгт тусгасан ба нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоосон.  Харин тусгаагүй асуудал нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэх үндэслэл биш, Монгол хэлний тайлбар тольд “ноцтой алдаа” гэж шийдвэрлэхэд бэрхшээлтэй хэцүү алдааг хэлнэ гэсэн байдаг тул хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын мэдээллийг тоочих нь мөрдөн шалгах ажиллагааны нууцлал алдагдах, хэргийг шалгаж дуусгаагүй байхад хэргийн материалыг танилцуулах хэмжээний мэдээллийг яллагдагч мэдэх боломжийг бүрдүүлэхээс гадна, цаашилбал хохирогчийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлхүйц сөрөг үр дагавартай болно. Мэдээллийн хэр хэмжээ гэдэг нь заавал дэлгэрэнгүй байхыг шаардахгүй бөгөөд ганц үг, үсэг, өгүүлбэрээр илэрхийлэгдэж болно. Жишээ нь: хохирогч Ц.Бадамцоогийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8707 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт тухайн мэдээллийг бүхэлд нь хэр хэмжээ гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд дурдсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15 дахь заалтад “мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн мөрдөгчид өгөх” гэж прокурорын бүрэн эрхийг хуульчилан заасан байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр мөрдөгч Б.Адарсүрэн нь хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн байх боловч мөрдөгч И.Занабазар нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ц.Бадамцоог хохирогчоор тогтоож, мөн өдрөө мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй, прокурор хэд хэдэн мөрдөгчөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хууль ёсны гэж үзэж байна.

Мөн тухайн мэдүүлгийг хаана, хэдэн цаг, минутад авч, хэдэн цаг минутад дуусгасан болох нь тодорхойгүй байгаа зэрэг нь тухайн нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлсэн гэхэд эргэлзээ бүхий болсон гэж шүүх үзсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэж, зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь заалт ойлгомжгүй байгаа нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг мөрдөгч 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр үйлдэж, дүгнэлтийг гаргуулсан, хохирогчоор мөн өдөр тогтоосон ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийн зүйл, хэсэг, заалтыг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэсэн хууль бус шийдвэр болжээ.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “...“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт,  мөрдөн байцаалт явуулах ... ажиллагааг хэлнэ” гэж, 30.1 дүгээр зүйлд “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 5 хэсэг нь бүхэлдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулах журам ба энэ хэсэгт “шинжилгээ хийлгэх” 27 дугаар бүлэг багтдаг, гомдол, мэдээлэл шалгах ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ордог хуулийн заалтыг үндэслэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаандаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй.

Мөн мөрдөгч нь хуулийн “мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэж,  22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаанаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж заасан нь мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж, мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй, дээр дурдсан бусад ажиллагаанд хамаарах, прокурорын зөвшөөрөлгүйгээр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа хийх талаар хуульчилсан заалт байхгүй буюу мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааны нэг юм. Энэ нь уг хуулийн 30.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцно” гэж хуульчлан зааснаар давхар батлагдана.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа нь богино буюу 5 хоногийн хугацаатай болж, шинжээчийн дүгнэлт тухайн хугацаанд гарах боломжгүйгээс мөрдөгч нь хэргийн нөхцөл байдалд тулгуурлан гэмтлийн зэрэг тогтоох зааврын заалтыг баримтлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан байдаг бол одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хангалттай нотлох баримт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд шаардахааргүй, үндэслэл бүхий сэжиг буюу тухайн үйл баримтад тулгуурласан фактад хууль зүйн дүгнэлт хийж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр хуульчлагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23 дахь заалтад “...“үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг ойлгоно” гэж тодорхойлсон байна. Дээрх хуулийн заалтуудаар гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаад гэмт хэрэг хангалттай үйлдэгдсэн гэх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсний дараа хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна гэсэн хуулийн заалт байхгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8707 дугаартай дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “...2017.7.1-ний ГССҮТ-н эход ... тодорхойлогдоогүй...” гэсэн нь шинжээчийн үзлэг хийхдээ үзсэн өвчтөний карт, бусад холбогдох баримтуудын талаар тусгасан ба анагаах ухааны шинжлэх ухаанд “эхо”-д дотор эрхтний өөрчлөлтийг харж оношилдог юм. Яллагдагч Б.Г-ын үйлдэл нь хөлний хугарал бүхий гэмтэл буюу хохирол учруулсан гэж үзэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэг болно.

Шүүх “...тодорхойлогдохгүй...” гэсэн үгийн утгыг буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Ц.Бадамцоо нь ГССҮТ-н “эхо”-д уушигаа үзүүлснийг Б.Г-ын Ц.Бадамцоогийн хөлийг хугалсан буюу учруулсан хүндэвтэр гэмтэлтэй холбож дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаас хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг ялгаж үнэлээгүй байна.

Иймд шүүгчийн захаримжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

1. “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тодорхойлон хуульчилжээ.

Хавтаст хэргийн 16 дугаар талд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол авагдсан ба уг тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох ач холбогдол бүхий баримтууд буюу хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг тусгасан нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар мөрдөгч нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулахаас бусад мөрдөн шалгах ажиллагааг, тухайлбал хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргах, мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох зэрэг ажиллагааг бие даан явуулах боломжтой байна.  

Дээрх байдлыг үндэслэн мөрдөгч нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ц.Бадамцоог хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, мөн өдрөө иргэн Ц.Бадамцоогийн биед учирсан гэмтлийн шинж, хэр хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцохоор хуульчилсан байна.

3. Мөрдөгч нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “...Ц.Бадамцоо нь бусдад зодуулж, түүний бие махбодид хүндэвтэр хохирол учирсан...” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Хэдийгээр хохирогч Ц.Бадамцоогийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийнхүү тодорхойлсон нь учир дутагдалтай болсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8707 тоот шинжээчийн дүгнэлтээр Ц.Бадамцоогийн биед зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл учирсан нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болохыг нэгэнт тогтоосон байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №07278 дугаартай өвчний түүхээс үзэхэд, хохирогч Ц.Бадамцоо нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 7-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, “зүүн дунд чөмөгний хугарлыг эвлүүлж, түгжээст хадаасаар бэхлэх” мэс засал хийлгэсэн талаар бичигджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгс нь дээрх өвчний түүхийг үндэслэн 8707 тоот дүгнэлтийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтийг эс зөвшөөрч оролцогчдын хэн аль нь санал, хүсэлт гаргаагүй байна.

Иймд яллагдагч Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Г-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.