Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00553

 

       Б.О-ийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2524 дүгээр магадлалтай,

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Байгаль, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т- ХХК-ийн Баянзүрх дүүргийн Сансар тооцооны төвийн захирлаар 5 сарын туршилтын хугацаатай томилогдон орсон. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр туршилтын хугацаа дуусаад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ажлынхаа тайланг, ажил жинхлэх саналын хамт хүний нөөцийн газрын Нацагдолгор захиралтай биеэр уулзан бичиг баримтуудаа өгсөн бөгөөд удирдлагуудыг энэ асуудлаар хариу өгнө гэсэн байдалтай хандаж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цайны цаг болоод ажилдаа очиж амжаагүй байж байтал шууд удирдлага утсаар яриад ажлаас халагдсан тушаалтай танилцаарай гэж хэлсэн. Иймд намайг Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэлд заасан шалтгааны улмаас хөдөлмөрийн хугацаатай гэрээг цаашид сунгаж, шинэчлэхгүй болсон шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь уг шийдвэртэй урьдчилж танилцаад өөрийн хүсэлтээр гэдгээр солих хүсэлт гаргасан байдаг. Нэгэнт ажилтан өөрөө хүссэн учраас хүсэлтийг хүлээн авч тушаалыг өөрийнх нь хүссэнээр гаргасан. Гэтэл тушаалд байхгүй үндэслэлээр ажил олгогчийг буруутгаж нэхэмжлэл гаргаж буй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Туршилтын хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2-т заасны дагуу сунгагдаад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т- ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2524 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2524 тоот магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгчийн хувьд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.О-ийг ажил олгогчийн санаачлагаар 2017 оны 7 сарын 28 өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан Б/1082 тушаал анх гаргасан байдаг. Ажлаас халсан талаар лавлахад банкинд таагүй яриа дэгдсэн байна, Б.Дашдорж гэх ажилтанд таны зүгээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн "чиний тухай яриа газар авсан, ийм ярианд орсон хүнд ямар арга хэмжээ авахыг олон нүд харж байгаа болохоор ингэж арга хэмжээ авахаас өөр арга байсангүй" гэж тайлбарласан. Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас халсан нөхцөл байдлыг ажилтан сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үйл явдлыг мушгин гуйвуулж шийдвэрлэж байгаа нь нэг талаар хэргийн үйл баримтыг ажилтны эсрэг болгоод зогсохгүй нөгөө талаар ажил олгогчийн хууль бус үйл ажиллагааг далдалсан хууль зүйн алдаатай буруу шийдвэр гаргасан. Тодруулбал: 2017 оны 7 сарын 28 өдрийн 10 цаг 55 минутад Хүний нөөцийн хороо хуралдсан байдаг нь Хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэлээс тодорхой  бөгөөд ажилтан Б.О-ийн жинхлэх хүсэлтээ ирүүлсэн асуудлыг хэлэлцсэн мөртлөө хурлын шийдвэр гаргахдаа "өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж" байгаа дүр зураг нь нэг талаар зөрүүтэй, зөрчилтэй нөгөө талаар цаг хугацааны хувьд яагаад ч тохирохгүй буюу учир нь гэвэл энэ үед тушаал гараагүй байсан төдийгүй Б.О- халагдсанаа ч мэдээгүй, тэр тусмаа өргөдөл хүсэлтээ ч бичээгүй байсан байхад ажилтан ажлаас халагдах хүсэлт гаргасан мэт хандаж хуурамч нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Б.О- нь тус банкинд 8 сар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэг ч анхааруулах хуудас, зөрчлийн акт, ёс зүйн зөрчлийн саналын хуудас бичүүлж байгаагүй учраас аливаа сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Нэхэмжлэгч Б.О- нь тус банкинд ажилд орсноос хойш гэрээнд заасан 5 сарын туршилтын хугацаа өнгөрчихсөн байхад Т- жинхэлж өгөхгүй байсан ба ажилтан 8 сар туршилтын хугацаанд ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн заалтаас хэтрүүлэн ажиллуулсны нотолгоо билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.5-т зааснаар ажил олгогч энэ талаар огт мэдэгдээгүй шууд халж байгаа явдал нь энэхүү хуулийн заалтыг илт зөрчсөний хангалттай нотолгоо. 2017 оны 7 сарын 28 өдрийн Хүний Нөөцийн Хорооны хурал хуралдаж байхад ажилтан ажлаас халагдах өөрийн хүсэлтээ өгөөгүй байхад захирлын тушаал гарчихсан байгаа нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсныг гэрчилж байхад энэхүү хөдөлшгүй цаг хугацааны хүчин зүйлийг шүүх үл тоомсорлон хүсэл зоригоо илэрхийлсэн гэсэн хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүгч 2012 оны 6 сарын 15 өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмжийг огт баримтлаагүй.

Иймд Иргэний болон Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй учраас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.О-ийн нэхэмжлэлийг хариуцагч Т- ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б/1082 дугаар тушаал гаргаж, “Баянзүрх дүүрэг” салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд туршилтын хугацаагаар ажиллаж байсан Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тушаалын үндэслэлд дурджээ /хэргийн 10, 39 дүгээр тал/.

Хөдөлмөрийн гэрээнд заасан туршилтын хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 231 дүгээр зүйлийн 231.2.-т зааснаар  2017  оны 7 дугаар сарын 28-ний өдөр хүртэл сунгагдсан байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Б.О- нь Т-ны гүйцэтгэх захиралд гаргасан өргөдөлдөө “...2017 оны 7 дугаар сарын 28-ний өдөр Б/1082 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, энэхүү тушаалын зүйл заалтыг өөрчилж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр утгыг сольж өгнө үү” гэжээ /хэргийн 40 дүгээр тал/.

Нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан дээрх хүсэлтийн агуулга, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл зэрэг асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь тушаалын үндэслэлийг өөрчлүүлэх тухай хүсэлт бичсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хүсэлтийг  бусдын дарамт, шахалтын дор бичсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажлаас чөлөөлөгдөх, түүнд холбогдох эрх зүйн актын үндэслэл, агуулгын  тухай ажилтны хүсэлтийг ажил олгогч хүлээн зөвшөөрсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийг нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2524 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ