Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 313

 

Л.Лхамжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолтой Л.Лхамжавт холбогдох 201201051408 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13.303.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Лхагваагийн Лхамжав нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Лхамжавыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхамжавт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн дүгнэлтдээ “... яллагдагч Л.Лхамжав нь эрүүгийн 201201051408 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс хүүхдийг нь “Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө, зам өрдөг тендер авч өгнө” хэмээн худал хэлж 13.020.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 2-ноос 2015 оны 9 дүгээр сарын 9-ний хооронд иргэн С.Баянзулд “гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө” хэмээн хуурч мэхлэн 2.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Урангоод “хүүхдээ сургуульд оруулна” хэмээн худал хэлж 704.000 төгрөг залилан авч бусдад нийт 16.224.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Яллагдагч Л.Лхамжавт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгаснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан хохирлын хэмжээ 39.398.000 төгрөг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц их хэмжээ болж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан нөхцөл байдал илэрсэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан нөхцөл байдал тогтоогдсон тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй, прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн үйл баримтыг шинжлэн судлахад Л.Лхамжав нь 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сарын хооронд “зуслангийн газар авч өгнө”, ““Хаан” банкнаас 1 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө”, “хавдсан хамрын гажигийг янзлуулж өгнө”, “байрны хаалга, цонх сольж өгнө”, “ажилд оруулж өгнө”, “1 тэрбум төгрөгийн төслийн зээл гаргаж өгнө” гэх зэргээр нэр бүхий 9 хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нийт 23.174.000 төгрөгийг залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Лхамжав нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс “хүүхдийн Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө”, “зам өрдөг тендер авч өгнө” гэж 13.020.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 2-ноос 9-ний хооронд иргэн С.Баянзулд “гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө” гэж 2.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Урангоод “хүүхдээ сургуульд оруулна” хэмээн 704.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэж нийт 16.224.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Иймд шүүхийн тогтоол гаргах үед мэдэгдээгүй байсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан “... урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх” нөхцөл байдал илэрсэн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Лхамжавт холбогдох 201525021881 дугаартай хэргийг 201201051408 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Лхамжавт холбогдох 201525021881 дугаартай эрүүгийн хэргийг  201201051408 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Лхамжавт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    ДАРГАЛАГЧ

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                        Т.УРАНЦЭЦЭГ

    ШҮҮГЧ                                                                               Б.ЦОГТ